Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Асбестын дийлэнх БНХАУ-аас орж ирсэн нь тогтоогдсон"

Монголын мэдээ
2015 оны 11 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас өнгөрсөн Баасан гарагт барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлсэн билээ.

Шалгалтын явцад асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Энэ талаар  МХЕГ-ын Стандарт чанарын хяналтын улсын байцаагч Г.Удвалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шалгалтыг хэдий хугацаанд хийсэн бэ. Шалгалтыг ямар газруудад хийсэн бэ?

-Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх тухай” захирамжийн дагуу барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэн,  аж ахуйн нэгжид энэхүү шалгалтыг хийсэн. Мэдээж барилгын материал худалддаг гол гол цэгүүдэд хийсэн байгаа.

Жишээлбэл, Баянгол дүүргийн IV хороо АБТЭМА 44 дүгээр зам, мөн Сүхбаатар дүүргийн XI, XII хорооны барилгын худалдаа эрхэлдэг “Дөмөли”, “Мэнгкэфэнг”, “Юнен”, “Жэй Ти Эйч”, “Ви Еэ” ХХК зэрэг  компанид шалгалт хийсэн. Мөн Хурд, Санчир, Өсөх-1 барилгын материалын дэлгүүрүүд Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын павилионд шалгалт хийлээ. Ер нь нийтдээ таван аж ахуйн нэгж, арван иргэнийг  хамруулсан. 

-Шалгалтын явцад хэдэн зөрчил илэрсэн бэ. Ямар арга хэмжээ авч ажилласан бол?

-Нийтдээ 28 зөрчил илэрсэн. Түүнээс гурван аж ахуйн нэгж, хоёр иргэн асбестыг худалдаж байсан нь тогтоогдсон. Ер нь нийт 58 шуудай буюу 2,900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбестийг худалдаж байсан.

Мөн хоёр боодол олсон асбест худалдаж байхыг илрүүлэн битүүмжлэх арга хэмжээ авч ажилласан.

Зөрчил илэрсэн ихэнх компаниуд Хятадын хөрөнгө оруулалттай компани байсан.

Зөрчил гаргасан гурван аж ахуйн нэгжийг 5,880,000 төгрөгөөр торгосон. Мөн нэг иргэнд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулж, ажил олгогч эзэд, ажилчдад асбестын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар зөвлөмж тарааж, зөвлөгөө өгч ажилласан. Зөрчил илэрсэн ихэнх компаниуд Хятадын хөрөнгө оруулалттай компани байсан.

-Нийт 28 зөрчил илэрсэн гэсэн. Өөр ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Шалгалтын явцад асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортолсон байсан. Мөн гарал үүсэл, чанарыг баталгаажуулсан паспорт болон лабораторийн батламжгүй бүтээгдэхүүнийг инженерийн шугам сүлжээний зориулалтаар худалдаж байсан.

Түүнчлэн худалдааны төвийн байр нь эрүүл ахуйн стандартын наад захын шаардлагыг хангаагүй, гэрэлтүүлэг, агааржуулах систем суурилуулаагүй байсан. Мөн ажил олгогчид ажилчиддаа ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй, эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй зэрэг тохиолдлууд илэрсэн. Бид тухай бүрт нь заавар зөвлөмж өгч ажилласан.

-Манай улсад асбестыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани байдаг юм бэ?

-Зөвхөн Эрдэнэт үйлдвэр л асбестыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй байдаг. Гэхдээ 10 кг-ийг л оруулж ирэх зөвшөөрөлтэй байдаг юм. Ер нь манай улс 2011 онд асбестийг оруулж ирэхийг хориглосон л доо. Одоо оруулж ирсэн компаниуд хууль бусаар оруулж ирсэн гэсэн үг.

-Улсын хэмжээнд асбестыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байхад ороод ирчихсэн байна. Энэ нь гааль хяналтын байгууллагатай холбоотой байх?

-Нууж оруулж ирж байгаа учраас тэр болгон гаалийнхан илрүүлэх боломжгүй. Уг нь кодоороо орж ирэх ёстой байдаг л даа. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд кодоороо оруулж ирдэг.

Тусгай зөвшөөрөлтэй бол юунд хэрэглэх нь ойлгомжтой, хаана бууулгах нь мэдэгддэг л дээ. Өчнөөн тонн цемент, замаск дунд асбестыг нууж оруулж ирж байна. Энэ нь хараад ямар ч ялгагдах зүйлгүй учраас хүндрэлтэй байдаг.

-Хууль бус асбестыг ихэнх нь аль улсаас орж ирсэн бэ?

-Монгол Улсад хэрэглэж буй асбест болон асбест агуулсан бараа бүтээгдэхүүнүүд ОХУ, БНХАУ-аас орж ирдэг. Сая хийсэн шалгалтаар асбестуудын ихэнх хувь нь БНХАУ-аас орж ирсэн байсан.

-Асбест нь хорт хавдар үүсгэх нөлөөтэй бодис гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Манай иргэд асбестыг зуурч байр орон сууцны дулаалганд их ашигладаг. Асбест нь хүний биед маш муу нөлөөтэй байдаг. Асбестын тоос нь хүний үснээс 1,000 дахин жижиг маш нарийн тоос байдаг. Тэр тоос амьсгалын замаар хүний биед орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, улмаар цээжний гялтан хальсны зузаарлыг үүсгэдэг. Мөн уушгины хорт хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болж байдаг л даа.

Ер нь хэвлий болон цээжний гялтан хальсны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 80-85 хувь нь асбестын тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Мөн шалгалт хийж байх явцад иргэд нунтаг асбестыг хувинд хийж зарж байсан. Энэ нь эргээд тэр хавиар худалдаа хийж яваа хүмүүст хүртэл хор хөнөөлтэй байдаг. Ер нь асбестыг зарж байгаа ойр орчимд нь байгаа хүмүүс ихэнх нь залуу хүмүүс байгаа нь харамсалтай зүйл л дээ. Тэгэхээр асбестыг орлуулах бодисыг хэрэглэх нь зөв л дөө.

-Ямар бодисоор орлуулж хэрэглэж болох вэ?

-2013 оноос эхлэн поли уратан гэдэг бодисоор орлуулах болсон. Энэ бодис нь нунтаг, болон үрлэн хэлбэртэй байдаг. Хүний биед сөрөг нөлөө багатай бодис л доо. Энэ бодисыг хэрэглэж байгаа газрууд  олон бий.

-Гол гэсэн хэдэн газарт шалгалт хийхэд л асбест илэрсэн байна. Цаашид өөр газруудад шалгалт хийх үү?

-Цаашид шалгалтыг үргэлжлүүлэн хийнэ. Бид 2016 онд бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, орлуулах бүтээгдэхүүнийг хэрхэн оруулж ирэх тухай ярилцаж арга замыг хайна гэж бодож байгаа.

Зураг