Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг сайн барьдаг хүний ЕСӨН ШИНЖ

А.Золжаргал, iKon.mn
2015 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Цаг сайн барьдаг болох гэж өөр өөртэйгөө тэмцэж байгаа хүмүүст доорхи зөвлөгөө тус болно.

Өглөө бүр уудаг зүрхний эмтэй адил, зарим хүмүүст өдөр бүр хуралдаа “Уучлаарай, Би хоцорчихлоо” гэж хэлж орох нь бүр тогтсон хэвшил болчихсон байдаг. Хэдийгээр хоцролт нь энгийн нүдээр бол зүгээр л нэг бүдүүлэг үйлдэл мэт харагдах боловч, ийнхүү цаг зохицуулалтыг буруу төлөвлөснөөс болоод хүн өөрөө эргээд айдас, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн хямралд хүрэх нь элбэг.
Таныг ажилдаа цагтаа очдог, төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь дуусгаж чаддаг үлгэр жишээ ажилтан болоход чинь, мөн бусдад өөрөөр, бүр илүүгээр харагдахад чинь туслах “нямбай” гэх тодотголтой хүмүүсийн амьдралдаа хэрэгжүүлдэг есөн “зальт” аргыг одоо хэлж өгье.


1.    Тэд яг босох ёстой цагтаа л босдог.
Өглөө оройтож босох нь таны бүхий л өдрийн ажлыг тань хойш татдаг эхний саад юм. Сэрүүлгээ хойшлуулаад эргээд унтах ч юм уу, эсвэл санаандгүй сэрүүлгээ унтраагаад 30 минутын дараа зовлонтой сэрэх нь таныг хоцроох хамгийн энгийн шалтгаан. Техасын Протоколын сургуулийн ёс зүйн шинжээч Биана Готтсмэн дээрхи асуудлыг шийдвэрлэхэд тань туслах маш хялбархан аргыг санал болгож байна. Сэрүүлгээ гар хүрэхээргүй газар тавь, биеэрээ өндийж очоод сэрүүлгээ унтраах нь эргээд хэвтэхгүй байхад чинь тусална. 

 

2.    Тэд оройн хоолон дээр маргааш өглөөний цайгаа урьдчилан бэлтгэдэг.
Готтсмэний хэлсэнээр, бүгд л өглөө босмогцоо сандарч эхэлцгээдэг, энэ бол өдрийн хамгийн “завгүй” үе юм. Хувийн зохион байгуулалт сайтай хүмүүсийн хувьд маргааш хэрэглэх зүйлсээ өмнөх орой нь бэлдэж хэвшсэн байдаг. Гутал болон түлхүүрээ гарах хаалганы ойр тавиад, өдрийн хоолоо савалж бэлтгэн, кофе чанагчаа товчлуурыг нь дараад л болохоор бэлдээд, бүр есдүгээр сарын 1-ний өмнөх өдөр хувцасаа бэлдэж хонодог шиг нэгд нэгэнгүй бэлдэх нь, таван минутын турш түлхүүрээ хайж бүхнээс хоцрохоос чинь аварч чадна. 

 

3.    Тэд төлөвлөгөөт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэдэг.
Зохиолч Жульяа Моргенстерн өөрийн “Time Management from the Inside Out” номондоо“Хүмүүс ихэнхдээ нэг зүйл хийж байгаад нөгөөд шилжихдээ хоцордог” гэж бичсэн байдаг. Чадварлаг цаг төлөвлөгчид хийхээсээ өмнө хаана юунд хичнээн хугацааг зарцуулах вэ гэдгээ маш нарийн тодорхойлж чаддаг хүмүүс байдаг. “Хэр хугацаа хэрэгтэй вэ?” гэдэг асуултанд хариулахаас л эхлэх хэрэгтэй. 

 

4.    Тэд хувийн хэв маягтаа дүгнэлт хийж, алдаагаа хурдан засдаг. 
Хэрэв та үргэлж утасны цэнэглэгчээ мартаад эргээд гүйдэг бол зүгээр л илүү нэгийг аваад ажил дээрээ ч юм уу машиндаа тавьчих. Нарны шилээ хайж цаг алдах хэрэггүй, гарах хаалганыхаа ойр харагдахаар газар л байнга тавиад хэвшчих. “Нямбай” хүмүүс өөрийнхөө хэв маягийг сайн мэддэг учраас түүндээ тохирсон хэмнэлтэй байж чаддаг. 

5.    Тэд сул цагийг гарамгай ашигладаг.
Моргенстений хэлсэнээр, хоцролтын өөр нэг шалтгаан нь хүмүүс ихэвчлэн цагаасаа түрүүнд очоод хийх зүйлгүй ашиггүй хүлээхээс айж цагийг нь тулгаж очдогтой нэг талаараа холбоотой. Цаг сайн барьдаг хүмүүс сул цаг бүрийг л үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг, эмчийн үүдэнд хүлээж суух нь тэднийг маш их бачимдуулна. Харин Моргенстен энэ сул цагийг цахим ертөнцөөр аялах, электрон шуудан явуулах, уншиж байгаа номоо үргэлжлүүлэх зэргээр ашиглахыг зөвлөж байна. Юу хийхээ төлөвлөсөн бяцхан жагсаалт гаргах нь танд хэр их бүтээмжтэй ажиллаж чадаж байгааг тань мэдрүүлэх болно. 

 

6.    Тэд “дахиад ганцхан зүйл хийчихье” гэхээс зайлсхийдэг. 
Цаг сайн барьдаг хүмүүс дараагийн төлөвлөгөөгөө умартан “дахиад жаахан” гээд хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд суугаад байдаггүй. Бид заримдаа ердөө ганцхан интернэт шуудан явуулчихья гэж суугаад хадуураад, нэг мэдэхэд бүхэл бүтэн 15 минутыг зарцуулчихсан байдаг. 
“Ийм зүйлд удирдлагаа алдан хадуурахаасаа сэргийлж өөрийгөө маш сайн сургах хэрэгтэй. Хичнээн татагдаж байсан ч шууд л боль” гэж Моргенстерн сануулж байна.


7.    Тэд цаг хуваарилахдаа “нөөц цагийг” хэзээ ч орхигдуулдаггүй. 
Жишээлбэл, нэг эмэгтэйн өдрийн ажлын хуваарийг хальтхан харахад уулзалт бүрийн хооронд тодорхой хугацаа төлөвлөж оруулсан байна. Яагаад гээч? Учир нь түүний үс маш амархан тослогтдог, бүсгүй энэ асуудлаа шийдвэрлэх хугацааг хүртэл нарийн тооцоолж цагаа нөөцөлж сурсан байна. Гэх мэтчилэн нөөц цаг нь төлөвлөгдөөгүй гэнэтийн асуудлаас таныг хүнд байдал оруулалгүй аварч чаддаг байх нь.


8.    Тэд тооцоолох ур чадварыг гаргууд эзэмшсэн. 
Цаг баригчдын хувьд тооцоо төлөвлөгөө хамгийн чухал. Тэд өдрийн ажлаа газрын зургаар дүрслэн, тухай бүрт нь зарцуулагдах минутыг тэмдэглээд, тэр ч бүү хэл цахилгаан шатанд зорчих хугацаа, нэг газраас нөгөө рүү алхах хурд, цаг агаарын болзошгүй байдал, замын түгжрэл зэргийг маш нарийн тооцоолдог. Ингэснээр тэднийг саад бэрхшээл аяндаа л тойрчихдог. Ийм нарийн төлөвлөгөө гаргахад амаргүй л дээ, гэхдээ Моргенстенийн зөвлөх аргыг туршаад үзээрэй. Гурван өдрийнхөө хийх ажлыг эхнээс нь нэг эгнээд жагсаан бичээд юуг хийхэд хичнээн хугацаа зарцуулагдаж байгааг сайн тэмдэглээд байх хэрэгтэй. Өглөө орноосоо босоод гарах хүртлээ, гараад гэрийхээ үүднээс ажлынхаа ширээ хүртлээ, бүр нарийвчилбал кофе чанагчийн урд хичнээн хугацааг тус тус зарцуулж байгаагаа бичээд бай. Тун удахгүй та “цаг хугацааны мастер” болно. 


9.    Тэд хэзээ хамгийн их үр бүтээлтэй ажилладгаа мэддэг. 
Ажлаа хуваарилж чаддаг хүн өөрийн хүч энергийг ч мөн зөв хуваарилж чаддаг. Тэд юуг хэзээ хийвэл илүү бүтээмжтэй байхаа ч тодорхойлсон байдаг. Хэрэв өглөө эрт эргэцүүлэн бодох чадвар чинь сэргэг байдаг бол, энэ мөчийг хамгийн чухал ажилдаа нөөцөлж хуваарилах хэрэгтэй. Хөдөлмөрийн бүтээмжээ бодож өдрийн ажлаа төлөвлөвөл цахим ертөнцөд “живэх” мэтийн санаандгүй алдаанаас болж ажлаа алдахгүй байх боломжтой шүү дээ. 

 

Эх сурвалж: Realsimple