Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол компаниуд Японы зах зээлд гарах боломж ойртож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Япон Улсын Ерөнхий сайд албан айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдтай хийх уулзалт үргэлжилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ямар байдалтай үргэлжилж байгааг дүгнэх боломж бий болж байгаагаараа онцлог юм. Эдийн засгийн түншлэлийг хоёр улс долоон жилийн турш хэлэлцээрийн шатанд явуулсны үр дүнд энэ онд албан ёсоор хэлэлцээрийн нөхцөлүүд дээр тохиролцсон билээ.     

Дашрамд дурдахад, Японы Ерөнхий сайд Монгол Улсаас гадна Төв Азийн таван оронд албан ёсны айлчлал хийж байгаа юм. 

Айлчлалын бүрэлдэхүүнд “Мицубиши”, “Марубини”, “Иточу” зэрэг томоохон компаниудыг төлөөлөл багтсан байна. 

Манай улсын хувьд Японы зах зээлд гарах сонирхолтой компаниуд бэлтгэлээ хангаж эхэлсэн гэж хэлж болохоор байгаа. Тухайлбал “Говь” компани 2011 онд Японд байгуулж байсан салбар компаниа дахин сэргээж өнгөрсөн сард төлөөлөгчийн газраа байгуулсан. Төрөөс тодорхой дэмжлэг үзүүлбэл Япон улс руу 1-2 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх боломж үйлдвэрлэгчдэд байгаа аж.

Оны эхний 9 сарын хугацаанд Монголоос Японд 13 мянган ширхэг ноолууран бүтээгдэхүүн нийлүүлсэн тоо баримт гарсан байна. Одоогоор Японд ноолууран бүтээгдэхүүнд 10.1 хувийн импортын татвар ногдуулж байгаа. Хэрвээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл Монгол ноолуурын импортын татварыг тэглэж, Хятад улсын ноолууртай харьцуулахад илүү давуу байдал үүсэх боломж бий болох аж. 

Мөн” Монгол Шивро”, “Монгол Базалт” компаниуд бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж. “Монгол Базалт” компанийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах судалгааг “Марубини” корпораци хариуцан ажиллаж байгаа талаар компанийн зүгээс мэдээлсэн байна.