Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Бухимдахдаа хэлсэн үгийг минь мушгисан байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба гаргаж, тус төвийн Ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчээр орлогч дарга Я.Буянжаргалыг өнгөрсөн долоо хоногт томилсон. Хэвлэлээр гарч буй мэдээллийн талаар Д.Нямхүүгээс тодрууллаа. 

-Та Эрүүл Мэнд, Спортын сайд намайг залилж ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Үнэхээр таныг залилсан юм уу?

-Юуны өмнө танай сайтаар дамжуулан Г.Шийлэгдамба сайдаас уучлалт гуйж байна. Үнэхээр ийм мэдээлэл сонинд гарсанд санаа зовниж байна. Өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэж өгөхдөө бухимдалтай явсан нь үнэн. Тэр үед сэтгүүлчид ярилцлага авъя гээд утсан дээрээ авч байснаа надад мэдэгдэж үзүүлэлгүй дур мэдэн нийтэлсэн байна. Би энэхүү мэдээллээс болж эвгүй байдалд ороод байна.

-Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш та сайдтайгаа нүүр тулж уулзаж ярилцсан уу?

-Уулзалгүй яахав. Хэд хэдэн удаа уулзаж, бидний хооронд ярилцсан зүйл байгаа. Сайд бол зөөлөн сэтгэлтэй, жудагтай, эр хүнийх нь хувьд би хүндэлж явдаг. Ийм мэдээлэл гарсан нь надад үнэхээр хүнд тусч байна. Бидний дундуур хутгуур орж, хүмүүст ашиглуулмааргүй байна. Миний ажлын алдаа оноог сайд бодитойгоор дүгнэсэн. Цаашдаа харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад мэргэжлийн туршлагатай хүнийг томилно гэдэгт найдаж байна. Миний хувьд энэ салбартаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах болно.