Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гүрийгээд байлгүй байрныхаа үнийг хямдруулаач

Н.Пунцагболд
2015 оны 10 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс 2015 онд эдийн засгийн хямралд өртөж, түүхэнд байгаагүйгээр хэцүү үеийг туулж байгаа талаар олон хүн ам уралдуулан ярьж байна. Нэг талаараа үнэний ортой л байх. Гарч байгаа хууль болгон нь ард түмнээс татвар, хураамж авах, торгох шийтгэхэд чиглэж байгаа. 

Шатахууны үнийг бага ч болов буулгах боломж байхад эрх баригчид татвараа тултал нь тавиад, төсвийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа. Өнөөдөр төрийн гэлтгүй хувийн байгууллагууд ажилчдынхаа цалин мөнгийг өгч чадахаа болих дээрээ тулж байна. Бэлэн мөнгөтэй хүн ч гэж бараг алга. Мэдээж  хүн гэдэг ангилалалд задартлаа баяжсан нөхдүүд бол багтахгүй гэдгийг сануулах нь зүйтэй.  Тиймээс бараа бүтээгдэхүүнээс авахуулаад байр, сууц хүртлээ зарагдаж байгаа зүйл алга. 

Зарагдаж байгаа нь л идэж, уух зүйл. Тиймдээ ч олон бараа, бүтээгдэхүүний үнэ буурч байна. Мөн орон сууц, түрээс энэ тэр гээд олон зүйлийн үнэ буурч байгаа нь сайшаалтай. Хямрал бас ч гэж хэрэгтэй юм байна.

Нэг хэсэг бүхий л мөнгөтэй компаниуд барилгын бизнес руу орж, худлаа хэлсэн хүнд тааралдсан газартаа л байшин барьж эхэлсэн. 

Ашиглалтад орсон орон сууцийг хүн авахгүй болохоор байнга эргэж тойрох хэрэгтэй болдог гэж байгаа.

Дээрээс нь Улаанбаатар хотын аль ч хэсэгт барьсан барилгын үнэ тэнгэрт хадаж, ам.метр нь хоёр саяаас доошоо орохоо больж эхэлж байлаа. Гэтэл одоо эсрэгээрээ эргэж, барилгын компаниуд барьсан орон сууцаа зарж чадахгүй, захирлууд нь үгээ хэлж, үсээ зулгаах дээрээ тулаад байгаа аж.

Ашиглалтад орсон орон сууцийг хүн авахгүй болохоор байнга эргэж тойрох хэрэгтэй болдог гэж байгаа. Дээрээс нь нэг орцонд 2-3, сайндаа л 4, 5 айл орно. Тэдэнд ус, цахилгаан, дулаан өгөхгүй болохгүй. Ингээд л тухайн барилгыг, эсвэл орцыг тэр чигээр нь халааж, ус, цахилгаанаар хангана даа. Нэг ёсондоо илүү зардал гарч, тэрийг нь барилгын компани төлнө. Дээрээс нь хоосон байгаа байрнуудыг байнга эргэж, салхивчийг онгойлгож, салхи савар оруулж байхгүй бол болдоггүй гэж байгаа. Чийгтэнэ, цаашлаад мөөгөнцөртөх аюултай. Ханын цаас нь мууддаг гэсэн. 

Үүнээс болж барилгын компаниуд бэлэн болсон мөртлөө айл ороогүй байрыг эргэдэг, салхилуулдаг нэг хүн ажиллуулж эхэлсэн байгаа юм. Ингээд л илүү зардал гараад, хөөрхий болохгүй юу. Энэ зовлонгоо нөхдүүд бие биедээ ярьж, барилга, орон сууцаа зарах арга хайж, төр засгийг шантаажилж суугаа юм уу даа, янз нь. Ингэж байхаар хэт “хөөсрүүлсэн” үнээ л буулгачихаач дээ.

Энд тэнд байрны үнэ буурч байгаа нь үнэн. Гэхдээ яг “хөрс”-н дээр бууж ирэхгүй л байна. Барилгын компанийн эрхэм захирлууд “Хоол нэхэж байгаа биш байж л байг. Ингэж байгаад эдийн засаг гайгүй болохоор аяндаа үнэд орно” гээд гүрийгээд байж магадгүй.  Тэгвэл эдийн засаг сэргэсэн ч байр авах хүний тоо нэмэгдээд л, нөхдүүдэд зол болтол хол хэвтэнэ ээ, ёстой.

Тийм болохоор сайтар буулгаад, зарахаа бодоо ч ээ гэж зөвлөх гээд байна.  Яг үнэндээ том хороолол нэртэй баригдаж байгаа орон сууцны байрууд тэгтлээ хямдарсан юм байхгүй. Зарим нь л хоёр саяаас доошоо орж байгаа байх. Түүнээс биш сүртэй буугаад, 1.5 сая руу ороод ирсэн ч юм алга.

Гэтэл нөхдүүд байрныхаа ам.метрийн үнийг 1.3 сая руу оруулсан ч ашиг олно гэдгийг эдийн засагчид яриад байгаа. За тэгээд газрынхаа авлигад бага мөнгө өгсөн. Эсвэл огт мөнгө төлөөгүй бол түүнээс хямдруулсан ч болох юм билээ. Тийм болохоор гүрийгээд, бэлэн болсон байраа мөөгөнцөртүүлсэн ч хамаагүй гээд суугаад байлгүй хямдруулчихсан нь дээр юм биш үү.   

Зураг