Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Хамгийн анхны толийг хэн зохион бүтээсэн бэ?

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Толь үүсэхээс өмнө хэдэн мянга, магадгүй хэдэн сая жилийн турш усанд туссан дүрс нь хүн төрөлхтөнд толины үүрэг гүйцэтгэдэг байсан нь дамжиггүй. Хожим нь өнгөлсөн метал, галт уулаас үүссэн хар шил зэрэг нь чинээлэг хүмүүст хүссэн үедээ өөрийгөө харах боломж олгосон байна.

Өнөөгийн Турк улсын Конья хэмээх хотын ойролцоох Катал Хуюук хэмээх эртний хотоос НТӨ 6200 оны үед хамаарах, галт уулын хар шилээр хийсэн толь олджээ.

Иранд НТӨ 4000 оны үеэс өнгөлсөн зэсийг толь болгон ашиглаж байсан байна.

Харин Иракд, “Урукын эмэгтэй” хэмээн нэрлэгдсэн эртний Шумерын язгууртан эмэгтэй НТӨ 2000 онд цэвэр алтаар толь хийж байсан тухай тус хотын туурьнаас олдсон нэгэн хавтан дээр бичсэн байдаг байна. Мөн Библийн сударт эш үзүүлэгч Исаиа Израйль бүсгүйчүүдийг зэмлэн: “... бардам ихэмсэгээр толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж...” байгаа учир Бурхан тэднээс гоёл чимэглэл бүгдийг нь мөн гуулин толийг нь ч авах болно! хэмээн сануулсан байдаг.

НТӨ 673 онд бичигдсэн эртний Хятадын сурвалж бичигт хатан бүсэндээ толь зүүж явдаг тухай бичсэн байдгаас үзвэл толь нь тэр үед нилээд түгээмэл зүйл байжээ. Эртний Хятадад толийг өнгөлсөн хаш чулуугаар орлуулдаг байсан бөгөөд хожим нь мөн өнгөлсөн төмөр, хүрэл зэргийг ашиглах болсон байна. Зарим судлаачид Хятадууд толийг анх Ойрхи Дорнодын соёл бүхий нүүдэлчин Скифчүүдээс авсан гэж үздэг. Гэвч Хятадууд өөрсдөө толийг бүтээсэн байж болох талтай.

Тэгвэл өнөөгийн бидний хэрэглэдэг толь хэрхэн үүссэн бэ? Бидний хэрэглэдэг толь ч бас нилээн эрт үеэс үүсэлтэй. Шилний ард талыг металаар өнгөлж төгс тусгал бүхий гадаргууг бүтээх санааг хэн анх бодож олсон юм бол?

Бидэнд мэдэгдэж буйгаар одоогоос 2,400 жилийн өмнө Ливаны Сидон хотын ойролцоо хамгийн анхны толийг хийсэн хүмүүс амьдардаг байжээ. Шилийг анх Ливанд хийж эхлэсэн байж магадгүй гэж үздэг учир өнөөгийн толины хамгийн анхны хувилбарыг анх тэнд хийсэн байгаад гайхах зүйл байхгүй. Гэвч харамсалтай нь тэрхүү толийг хамгийн анх бодож олсон хүнийг нь бид мэдэх аргагүй юм.

Эртний Ливан эсвэл финикүүд толь хийхдээ хайлсан шилийг үлээж бөмбөлөг хэлбэртэй болгоод дотор нь хар тугалга цутгаж тавьдаг байжээ. Шил хөрмөгц хагалж, гүдгэр хэсгийг нь толь болгон ашигладаг байсан аж.

Эртний тольнууд хавтгай биш байсан тул тийм толинд харсан хүний тусгал инээдтэй харагддаг байсан нь гарцаагүй (Гүдгэр гадаргуутай толинд харахад хамар ердийнхөөсөө маш том харагддаг). Түүнчлэн эрт үеийн шилний гадаргуу нь барзгар, өнгө муутай байжээ.

Гэсэн ч өнгөлсөн зэс, хүрэл зэрэгт харахаас хавьгүй тод харагдах нь дамжиггүй. Мөн толины нөлөөг багасгахын тулд шилэн бөмбөлөгийг маш нимгэн хийдэг байжээ. Тиймээс толь нь тухайн үеийн дэвшилтэт технологи болж байсан юм.

Эртний Финикүүд Газар дундын тэнгисийн худалдааны замын гол хүмүүс байсан тул тэрхүү гайхалтай шинэ бүтээл тун удалгүй Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнодоор тархсан байна.

НТӨ 500 оны үед Персийг захирч байсан Их хаан Дари өөрийн сүр жавхлангаа гайхуулахын тулд өрөөгөө тойруулан дүүрэн толь тавьдаг байсан гэдэг. Гэвч толийг зөвхөн өөрийгөө харахад ашиглаад зогсохгүй хар домын зан үйлд ашиглах болжээ. Эцэст нь хүмүүс цэвэрхэн толь муу зүйлээс хамгаалдаг гэж үзэх болсон байна.

Түүнчлэн толиор дамжуулан өнгөрснийг болон өөр ертөнцийг харж болно гэсэн үзэл түгээмэл байдаг. Мөн олон соёлд толийг өөр ертөнцрүү нэвтрэх үүд гэж итгэдэг аж. Еврейчүүд гэр бүлийнх нь хүн нас барвал гэрийнхээ бүх толийг бүтээдэг бөгөөд ингэснээр талийгаачийн сүнс толинд төөрөхөөс сэргийлнэ гэж үздэг байжээ.

 

Эх сурвалж: ABOUT