Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Би орос л авгай авна..."

МОНСУДАР
2015 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ есдүгээр сарын 17-нд Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 99 жилийн ой тохиосон билээ. Түүний хувийн амьдрал, улс төрийн үйл хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн “Цэдэнбал түүний цаг үе” хэмээх цуврал хоёр ботийн эхний хэсгээс толилуулж байна.

Гахай жилийн (европ он тооллоор 1947 он) халуун зуны шувтрагаар дуулсан хүн итгэхэд бэрх цуу яриа Их талаар тарав. Явуулын улс айлд орж, эзэнтэй нь хөөрөг зөрүүлмэгцээ нэгэн сониныг дуулгахаар яарах болжээ.

Маршал Чойбалсангийн баруун гар, Намын залуу дарга Цэдэнбал Увс нутгийн хүн, саяхан болтол «азтай ээжийн охиныг авч суух амны хишигтэй аавын хүү» гэгдэж байсан залуухан эр Москва яваад Улаанбаатарт ирэхдээ орос авгай дагуулж ирж гэнэ, тэр нь «бүр үнэг шиг шар юм гэнэ шүү» гэцгээх болжээ.

Ийм жигтэй юм дуулдаж байхад балмагдалгүй яах билээ. Өвөг дээдэс нь алс холын аян дайнд яваад ирэхдээ харь газрын том алаг нүдтэй – догшин авиртай нь байсан л биз, гэхдээ ихэнхдээ, номхон хүлцэнгүй татвар эмсийг бишгүй авчирдаг байсан ч хаан ширээнд слав төрхийн, харийн шашинтай эмэгтэйг ойртуулж байсан тийм явдлыг настан буурлууд хүртэл санахгүй байлаа. 

Тэр хүүхний юунд нь болсон юм бол оо? Тэр нь тэгээд ядаж морь ч эмээллэж чаддаггүй, эсгий ч хийж чаддаггүй, хүний урманд хөхүүрт айраг ч исгэж чаддаггүй, за тэр ч бүү хэл бүр хэл ул мэддэггүй хэцүүхэн амьтан гэнэ дээ гэсэн үг ам дамжин яригдаж, айл даган таржээ. 
Гэрийн сөхөөстэй үүдээр наранд умбасан уулс, голын тохой, олз хайн чив чимээгүй эргэлдэх хэдэн бүргэд л үзэгдэнэ.

Эсгий туурган дээгүүр жаран хөлт мөлхөж яваа нь хүртэл сонсдохоор тийм анир чимээгүй ажээ. Хээр яваа хүний морь янцгаах чимээ морьтны бараа харагдахаас бүтэн цагийн өмнө дуулдана. Бүх юм яг л мянган жилийн өмнөхтэй адил налайна. 

Залуу Цэдэнбалаас өмнө дээд тушаалын монгол хүн хэзээ ч гадаад эхнэр авч байсангүй. 

Ирж дуулдсан тэр сонин нүүдэлчний ахуй амьдралд өөрчилсөн зүйл үгүй ч, ертөнцийг хүртэж мэдрэх дасал болсон мэдрэмж нэгэнт сандаагдсан байв. Гэрийнхээ хойморт суусан эрчүүд хамрын тамхиа татан сүүлийн хэдэн өдөр юу юу болсныг эргэн санаж ийм гэнэтийн хачин сураг дуулдах дохио урьдаас яах аргагүй үзэгдэж харагдаж байжээ гэж дотроо бодоцгоож байв. 

Хээр талд бөмбийх гэрүүдийн дотор жишээ нь, 1914 онд Богд эзэнтний хатан Эх дагинаас болж Монгол Оросын харилцаа тасрах шахсан тухай хуучлана. Оросын консул Шар сүмд хүрэлцэн ирж Богд эзэнтэнд Цагаан сарын (Дорнын он тооллоор тэмдэглэх Шинэ жилийн баяр) баяр хүргэхээр хүрэлцэн иржээ. Гэвч Богд эзэнтэн нойрсож байсан тул консулыг угтахаар Эх дагина гарч иржээ. Тэр эмэгтэй захирангуй ааш араншинтай бөгөөд олны дунд онцгой сайн нэртэй байсангүй. Консул өөрийг нь доромжлов хэмээн үзэж тэр дороо ордноос явж өөрөөс нь уучлал гуйхыг Хүрээний засаг захиргаанаас шаарджээ. 

Маргааш өдөр нь ёслолын хувцсаа өмссөн монголын сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ мянган цэрэг дагуулсаар Оросын консулын газар хүрч иржээ. Цэргүүд өрөөсөн өвдөг дээрээ сөгдөж Оросын тугийн өмнө толгой бөхийлгөж, сайд нар чанга дуугаар уучлалт гуйсан аж. Консулын сэвтсэн сэтгэл ийнхүү засагдав. Гэвч сэв суусан өөрийн сэтгэлийг засдаггүй монгол хүнийг ямар монгол хүн гэх билээ. Орой нь Хүрээ хотын олон хүн хөлхөлдсөн талбайд сор залж нэгэн чихмэлийг золигт гарган шатаасан бөгөөд тэрнийх нь төрх байдал оросын консултай тун төстэй байсан гэдэг. 

Харин энэ удаа бол онцгой явдал болжээ. Залуу Цэдэнбалаас өмнө дээд тушаалын монгол хүн хэзээ ч гадаад эхнэр авч байсангүй. Тийм явдлыг тал нутгийнхан саная гэвч санахгүй байсан учир түүнд нь яаж хандахаа мэдэхгүй балмагдацгаажээ. 

Дайлаар эзэлсэн орон юм уу эсвэл ядаж Монголын нөлөөнд байсан улс орноос эхнэр авчирах нь нэр төрийг тэгтлээ сэвтээсэн хэрэг биш байв. Гэтэл монголчуудын зорьж очиж зөвлөгөө авдаг, тусламж, нөмөр нөөлөг гуйдаг Сэсээр улсаас эхнэр авсан явдал нь нэг л нэрэнд муухай санагдаж байв. Тэгээд бүр очиж очиж нэг шар хүүхэн шүү.

 

Тал нутгийнхан шар царайтай хүнд баахан гоочлонгуй ханддагийг ч хэлэх үү. Түүнээс гадна олон хүн Цэдэнбалыг Улаанбаатарын залуухан жүжигчин бүсгүй Цогзолмааг авч сууна гэж ярьж байсан болохоор тал нутгийнхан бүр ч их эмзэглэсэн юмсанж. Олны амаар бол тэр хоёр бие биедээ тун ч тохирсон хос байв. Гэтэл Цогзолмааг Цэдэнбалын найз сэтгүүлч Ц.Намсрай авч суугаад, Цэдэнбал болохоор Москвагаас авгай авчирчээ. 

Цэдэнбал авгай авсан тухай яриа их тал нутгийн өнцөг бүрт тархан хүрэхдээ хүний эргэлзээ сэжиг төрөхөөр нэмэр хачиртай болж байжээ. Даан ч тэр бүгдийг шалгах арга байсангүй. Сэрэмжтэй айхтар хүмүүс, намын даргыг харь газар, дөрвөд садан төрөл, анд нөхдөөс нь хол гэрлүүлсэн нь яавч цаанаа нэг учиртай. Аягүй бол Кремлийнхэн маршалын шадар хүнийх нь эхнэрийн дүрээр оросын тагнуулаа шургалуулж, монголчууд нийгэм журамд зөв орж байна уу гэдгийг хянуулах гэж байгаагаас зайлахгүй гэцгээж байв. 

Түүнээс гадна Цэдэнбалын авчирсан Рязань нутгийн хүүхэн нь нутагтаа нэг орос хүнтэй суух гэж байсан юм гэнэ, тэгсэн чинь даалгавар өгөөд цаад хүнээс нь салгасан юм гэнэ гэцгээж байв. Хөдөөний айл хэсч явдаг улс нэг л юмыг ойлгохгүй байв. Тэд намын дарга нь яагаад заавал Рязань нутгийн хүүхэн сонгосон учрыг тайлж чадахгүй байлаа. 

Улс амьтан, мал тооллогоор машин хөлөглөж ирдэг Улаанбаатарын дарга нэг юм хэлэх вий гэж горьдоцгоож байв. Гэтэл мөнөөх дарга нар хойморт нь сууж хонины мах огтлонгоо бүр ч хачин жигтэй юм таамаглан ярьж хөдөөнийхний амыг ангайлгаж байв. Тэд, энэ ирсэн авгай нь төрсөн газрынхаа үүх түүхийг бодоод өөрийнх нь оронд ирэх ёстой байсан өөр нэгэн өрсөлдөгч хүүхнийг давсан байж болох юм.

Учир нь цагтаа Рязань бол бусад хотуудаа бодвол монгол цэргийн хөлд ширүүхэн өртсөн хот. Тийм болохоор Рязанийн хүүхэн даалгавар биелүүлэх гэж онцгой зүтгэсэн байж мэдэх юм гэсэншүү юм хэлээд явжээ. 

 

Тэр дарга нарын таамаглал мэдээжээр мухар сохор байв. Орос орон Дорно зүгтэй харилцаатай болсон тэр цагаас хойш эрх мэдэлтний хүрээнд ганцхан Цэдэнбал л орос эмэгтэйг ойртуулжээ. Тэрээр зах буйд нутгийн, Москвад Рязань мужийн Сапожок гэдэг жижигхэн хотын хэний ч мэдэхгүй хорин долоон настай, цайвар шаргал үстэй, царайлаг сайхан бүсгүйг эхнэрээ болгон авсан байлаа. 

Урьд нь амсаагүй дурлалын мансууралд автаж сэтгэлийн жолоо алдуурсан Цэдэнбал энэ гэрлэлт нь өөрийнх нь хувьд, бас хөрш зэргэлдээ хоёр улс орны харилцаанд юу болж эргэхийг тэрхэн үедээ төсөөлөөгүй ч үгүй биз ээ. Харин тэр хоёр хэрхэн танилцав. 

Монгол руу Чойбалсангийн улс төрийн зөвлөхөөр илгээгдсэн намын ажилтан Николай Важнов Важнов шавьтайгаа даам тоглонгоо хичээлээ заадаг байв. Тоглоомонд уягдсан Чойбалсан үгий нь сонсохоос өөр аргагүй болдог байжээ. Маршал хожигдох маш дургүй байсан боловч хожчихлоороо эсрэг тоглогчоо үнэнээсээ хожигдсон эсэхэд ихэд эргэлздэг байжээ. Тийм болохоор «Петрович, чи надад зориуд бууж өглөө. Дахиад тоглоё» гэдэг байв. Важнов нэг хожиж дараа нь маршалд хожлын баяр амсуулдаг байв. Ийнхүү даам тавьж байхдаа Важнов Чойбалсанг марксизмын асуудлуудтай танилцуулдаг байжээ. 

Улаанбаатарт ирээд Важнов МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны дарга бөгөөд Чойбалсангийн ерөнхий сайдын албан тушаалын халааг авч болзошгүй гучин настай Цэдэнбалыг анхааралдаа авчээ. 

Цэдэнбалын үед албан ёсны зөвлөхөөр Юрий Приходов ажиллаж байв. Тэрээр бас Москвагаас ирсэн хүн байлаа. Важнов, Приходов хоёр хоёулаа бие биенээсээ далдуур залуу Цэдэнбалтай ойр дотно болохыг оролдож, өөрсдийн улс төрийн ирээдүйг түүнтэй холбон бодож байжээ. 

 

Важнов Цэдэнбалыг орос бүсгүйтэй гэрлүүлье гэж санажээ. Тэрээр үүнийг өөрөө сэтгэн сэдсэн байж болох боловч алсыг харсан энэ санааг Москвад дээрээс ч хэлж өгсөн гэхэд үгүй гэх газаргүй юм. Нөхцөл байдал туйлаас тааламжтайгаар бүрдэж байв. 

Тэдний Москвагийн байранд нь хамт суудаг Лазаревынд тэдний ойрын хамаатан бүсгүй Сапожок хотоос ирсэн Настя Филатова орж гарч, хааяа хонодог байлаа. Тэрээр зүгээр ч нэг бүсгүй биш ЗСБНХУ-ын худалдааны яамны комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга, залуу бөгөөд арвантаа шалгагдсан коммунист байлаа. Энд сэдсэн санаа маш сайхнаар хэрэгжиж болохоор байв.

Важнов, Цэдэнбалыг Настятай учруулж Монголын нэн шинэ түүхэнд онцгой нэгэн хуудас нээхээр санаа шулууджээ. Нэг удаа даам тавиад сууж байхдаа Важнов маршалаас Цэдэнбалыг надтай хамт Монголын эдийн засгийг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний төслийн талаар зөвлөгөө авахаар Москва руу явуулаач гэж гуйжээ.

Энэ явдал эцэстээ Цэдэнбал, Анастасия Ивановна, тэдний хөвгүүд болоод зөвлөлт-монголын харилцааны хувьд чухам юу болж төгсөхийг тэрхэн үед хэн хэрхэн мэдэх билээ.

Эх сурвалж: “Цэдэнбал, түүний цаг үе, I”: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл.


Ю.Цэдэнбал ховорхон хувь тавилантай нэгэн байсан хэдий ч түүний амьдралын сүүлийн жилүүд үлгэр шиг сайхан байгаагүй юм. “Цэдэнбал, түүний цаг үе” хэмээх цуврал номын эхний боть болох “Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” гэсэн номонд Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл гэсэн гурван бүлэг болгон бичсэн нь учиртай. 

Зохиогч хайр дурлал хэсэгт түүний залуу нас болон улс төрд хөл тавьж буй үеийг, эрх мэдэл хэсэгт түүний идэр насны амьдралыг өгүүлжээ. Харин эмгэнэл хэсэгт түүний амьдралын сүүлийн жилүүд болон гэр бүл, үр хүүхдүүдийнх нь хувь заяаг тодорхой бичсэн байна.

Тухайлбал, тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд хүнд өвчний улмаас оюун ухаан нь орж гарч, дэмийрэн самуурсаар байсан бөгөөд хүн бүрээс “Монгол руугаа явъя паспорт бэлдсэн үү” хэмээн дахин дахин асуусаар байсан гэдэг. Эрхэм уншигч та энэ номноос монголын нэгэн цаг үеийн удирдагчийн үнэн бодит амьдралыг хамгийн ойрын эх сурвалжаас нь баримттайгаар унших болно.

Та энэхүү номыг“Интерном”номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.