Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

LEXUS RX

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 14
Cardoctor

Toyota корпорацийн Lexus дээд зэрэглэлийн брэндийн SUV ангилалын автомашин юм. Японы зах зээлд Toyota Harrier нэрээр гардаг. Гадаад орнуудад үйлдвэрлэгддэг Lexus-ийн загваруудын нэг юм.

Тансаг ая тухтай седан ба хүчин чадал туулах чадвар сайтай бага оврын жийпийг нэгтгэх төслөөр бүтээгдэж 1997 онд нийтэд зарлагдсан байна. Борлуулалт амжилттай болж маш их нэр хүнд олсныг харсан бусад үйлдвэрлэгчид ар араасаа ийм загваруудыг гаргах болжээ.

2005 онд ийм тансаг бага оврын жийп ангилалд анх удаагаа цахилгаан хөдөлгүүр хавсарсан Hybrid системийг суурилуулсан байна. 2009 оны нэг сард 3-р үеийн шинэ загвар гарсан ба японд дотооддоо Lexus RX нэрээр худалдаалагдах болжээ.

 

1-р үе (1998 он-2003 он)

1998 оны 3 сард худаалдаанд гарсан даруйдаа хойд америкт алдартай бөгөөд эрэлттэй автомашин болсон байна. Гарснаас хойш 5 жилийн хугацаанд 370 мянган ширхэг борлуулагдаж тансаг бага оврын жийпний шинэ зах зээлийг нээсэн.

Япон дахь Кюшю арал дээрх Toyota-ийн үйлдвэрт үйлдвэрлэгддэг. 3 литрийн V6 1MZ-FE хөдөлгүүртэй, 4 дугуйгаар хөтлөх ба урд 2 дугуйгаар хөтлөчтэй, автомат хурдны хайрцагтай. Салон нь арьсан суудал, мебель модон оруулгатай, 7 чанга яригч бүхий JBL фирмийн систем хөгжимтэй. Нэмэлт захиалгаар сайн чанарын дуугаралттай японы Nakаmichi фирмийн систем хөгжмийг тавиулах боломжтой.

2-р үе (2003 он-2009 он)

2003 онд гарсан загвар. Эхэн үедээ 3.3 литрийн 3MZ-FE V6 хөдөлгүүр тавьж байсан бол явц дундаасаа 3.5 литрийн 276 морины хүчтэй, хуваарилах нударган голын Dual VVT-i системтэй V6 DOHC 2GR-FE хөдөлгүүр тавьснаар нэр нь RX350 болон өөрчлөгдсөн байна. 5 шаттай автомат хурдны хайрцаг нь автоматаар 4 дугуйн хөтөлгөөг салгаж залгадаг бөгөөд тэнхлэг хоорондын дифференциал түгжигчтэй. 4 дугуйгаар ба урд 2 дугуйгаар хөтөлдөг. Арын суудал нь 20:40:20 гэсэн харьцаагаар хуваагдсан бөгөөд суудлын түшлэгийг тохируулах, хойш урагш шилжүүлэх боломжтой. Tоормозны ABS+EBD систем, дугуй хий эргэхээс хамгаалах ТRC, шарвалтын эсрэг VSC системтэй. Mark Levinson брэндийн хөгжим, суудал халаагч, арьсан суудал, тусдаа температур тохируулах агааржуулагч, урд суудлын санамж, автоматаар зогсоолд ухарч байрлуулах систем зэрэг олон дэвшилтэт технологиудийг хэрэглэсэн ажээ. Хойд тэнхлэг нь өндрийг тохируулах механизмтай. Арын хаалга нь цахилгаан мотороор хаагддаг. Ялангуяа RX загвар нь хойд америкт маш их алдартай байсан төдийгүй японд үйлдвэрлээд авч ирэх нь цаг алдаж байсан учраас 2003 оны 9 сараас Канадын Онтарио дахь Toyota-гийн үйлдвэрт үйлдвэрлэх болсон байна.

 

Hybrid загвар

V6 хөдөлгүүр ба цахилгаан моторыг нэгтгэсэн Hybrid загвар болох Lexus RX400h нь хойд америкийн зах зээлд 2005 оны 4 сард, европын зах зээлд 2006 онд гарсан байна. Дээд ангиллын SUV автомашинууд дотор хамгийн анхны Hybrid автомашин. Урд хойд тэнхлэг бүртээ цахилгаан хөдөлгүүртэй, өндөр хүчдэлийн батерэйтайгаас гадна CVT хурдны хайрцагтай бөгөөд бензин хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүрүүдийн нийлбэр хүчин чадал нь 270 морины хүчтэй юм. Янз бүрийн нөхцөлд дундаж шатахуун зарцуулалт нь 100 км-т 9 литрээс хэтэрдэггүй.

Авто тойм булангаас RX400h/Toyota Harrier Hybrid автомашины тоймыг унших бол энд дарна уу...

 

 

3-р үе (2009 он)

2008 оны Токиогийн авто үзэсгэлэнд 3-р үеийн RX төсөлийн хүрээнд тавигдсан. 11 сараас Лос-Анжелосын үзэсгэлэнд тавигджээ. Японд ч гэсэн Lexus RX нэрээр худалдаалагдахаар болсон. Эхний удаад 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй RX350, Hybrid загвар болох RX450h гэсэн 2 загвараар гарсан. Харин одоо 2.7 литрийн цуваа 4 цилиндртэйгээр RX270 нэрээр гарч байна. RX350-ийн V6 хөдөлгүүр нь Lexus IS, Lexus GS, Toyota Crown Athlete-д тавигддаг 315 морины хүчтэй 2GR-FSE хөдөлгүүр биш 280 морины хүчтэй 2GR-FE хөдөлгүүр юм. Үүнтэй адил хөдөлгүүр Estima, Blade, Winguard, Mark X Geo, Alphard, Veryfire зэрэг загваруудын 3.5 литрийн хөдөлгүүртэй хувилбарт тавигддаг юм байна.

Дэлхийн 60 гаруй улсад борлуулахаар төлөвлөсөн учраас үндсэн загвараар урд хөтлөгчтэй загварыг сонгож байгаа юм байна. Hybrid RX нь мөн адил 3.5 литрийн хөдөлгүүртэй боловч Lexus-ийн авто машинуудад анхных болох Atokinson-ын циклтэй  2GR-FXE хөдөлгүүр тавьжээ. Toyota Prius-ийн адил EV mode Hybrid системтэй. 3-р үеийн нэг онцлог гэвэл компьютерийн хулганатай адил ажиллагаатай удирдлагатай навигацийн систем болон хурд болон навигацийн дэлгэцийг урд салхины шилний доод хэсэгт харуулах төхөөрөмж нь RX450h-д стандарт ба RX350, RX270-д нэмэлт захиалгаар тавих юм байна. RX270-д шөнийн харааны VDIM дэлгэц стандартаар тавигддаг. Хувилбаруудыг авч үзвэл энгийн суурь загвар ба Version S ,Version L ,Version L Air suspension гэсэн 4 хувилбартай.

RX270 нь Version L Air suspension хувилбараар хийх боломжгүйн дээр зөвхөн урд хөтлөгчтэй. RX350, RX450h загваруудын Version L Air suspension хувилбараас бусад хувилбарт 4 дугуйгаар хөтлөх AWD-аас гадна урд хөтлөгчтэйгээр сонгох боломжтой. Эхэн үедээ RX450h нь зөвхөн AWD хөтлөгчтэй байсан байна. Version S нь 19 инчийн дугуйтай, спорт жолоодлогод зориулсан явах ангитай, RX450h Version S нь шингэнт тэнцүүлэгч стандартаар тавигдана.

Энэ тэнцүүлэгч нь Version L хувилбарт нэмэлт захиалгаар тавигддаг. 19 инчийн дугуй нь бусад хувилбарт нэмэлт захиалгаар хийгддэг. 2010 оны 8 сарын 25 наас 2.7 литрийн 1AR-FE шинэ хөдөлгүүртэй RX270 загвар Япон, Орос, Хятад, Зүүн өмнөд Азийн улсуудад зориулагдан гарсан. 6 шатлалтай автомат хурдны хайрцаг болон хэмнэлттэй хөдөлгүүр нь шатахуун зарцуулалтыг 9.6 литр, хорт утааны хаягдлын хэмжээг 75% болгож бууруулсан.

Зураг