Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Александр Лукашенко: Монголчууд ч Оросын газар нутгаас тасдаж авах эрхтэй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Львов хотод Украин, Беларусийн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багуудын тоглолтын дараа хоёр талын хөгжөөн дэмжигчид “Танай эрх чөлөө бас Биднийх”, “Зүрх сэтгэлийн ахан дүүс” гэсэн бичигтэй уриа лоозон барин хамтдаа жагсжээ.

Тэд Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг доромжилсон үгтэй дуу дуулцгааж Украины шархдсан цэргүүдэд цусаа хандивлацгаасан байна.

Хоёр долоо хоногийн өмнө Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зургаан улс төрийн хоригдлыг өршөөж суллав. Энэ алхмыг Кремлийг ажиглагч Пол Гобл “Барууныханд болон Москвад хоёуланд нь санаагаа ил тод илэрхийлсэн явдал боллоо” гэж блогтоо бичжээ.

ОХУ Крымийг нэгтгэж, дорнод Украинд төлөөллөөрөө дамжуулан дайн эхлүүлсний нэгэн гэнэтийн үр дагавар нь Минск, Москвагийн харилцаа хүйтэрч, харин Барууныхан болон Беларусийн дундах мөс гэсч эхэлсэн явдал байлаа.

Гэхдээ Лукашенко Москватай холбоогоо бүрэн таслахаас болгоомжилж Оросоос хамаарах хамаарлаа хадгалсаар байна. Беларусь Евразийн Холбооны гишүүнээр үлдэж, Оростой хамтарсан цэргийн сургуулилтыг тогтмол явуулсаар байгаа юм.

Улс төрийн шинжээч Петр Бологовын Slon.Ru сайтад бичсэнээр Украины хямрал эхэлснээс хойш Беларусь “Смоленскоос баруун зүгт” байгаа Москвагийн цорын ганц холбоотон болсон нь Минскэд амьсгаа авах чухал боломж олгож байна.

Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж магадгүй болжээ.

Есдүгээр сарын 9-нд Евразийн Холбооны засгийн газар хоорондын зөвлөгөөнд оролцохоор Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Минскт айлчилж байна.

Гэхдээ Оросын хэвлэлүүдэд бичиж байгаагаар Медведевийн жинхэнэ зорилго нь Кремлийн санааг ойлгуулах, өөрөөр хэлбэл Москва болон Барууны хооронд гуйвахаа зогсоон, нэг хөлөгт хамт суух цаг нь болсныг сануулах юм гэжээ.

Тухайлбал Оросууд Беларусийн газар нутаг дээр шинэ агаарын бааз байгуулах хүслээ тулгана. Үүнийг Лукашенко өнөөг хүртэл эсэргүүцсээр ирсэн юм.

Энэхүү бааз нь зүүн Беларусийн Бабруискд байрлах бөгөөд Оросын нисгэгч нараар жолоодогдох СУ-27 онгоцнуудад зориулагдана гэж Stratfor.com сайтад мэдээлжээ.

Ингэж чадвал Оросын цэргийн нөлөөллийн бүс баруун зүгт тэлж, зөвхөн Украин бус, Польш, Латви, Литва улсуудад заналхийлэх боломжтой болно.

Хэрвээ Лукашенко эсэргүүцсээр байвал яах вэ?

Тэгвэл Беларусийн ерөнхийлөгчийн ирэх сонгууль Москвад түүнийг чангалах боломж олгоно.

Беларусийн Стратеги, Гадаад бодлогын Судалгааны төвийн судлаачид Арсений Сивицкий, Юрый Царик нарын үзэж байгаагаар аравдугаар сарын 11-нд болох сонгуулийн дараа Москва “Майданы үзэгдэл” зохион байгуулж, Оросын цэрэг дэг журам тогтоохоор тус улсад орж ирж болзошгүй гэнэ.

Үүнд зориулсан суртал ухуулгын ажиллагаа ч эхэлсэн байгаа аж.

Төрийн Думын Гадаад Харилцааны Зөвлөлийн дарга Алексей Пушков саяхан “барууныхан Лукашенког түлхэн унагаахын тулд Беларусийн өнгөт хувьсгалд бэлдэж байна” гэж ярьсан нь үүнийг харуулж байна.

Орос гаралтай АНУ-ын сэтгүүлч Ксения Кириллова саяхан “Кремлийн талын хэвлэл мэдээллүүд Орос болон түүний хөрш орнуудын ард иргэдийн сэтгэл санааг дайн, тогтворгүй байдал, төрийн эргэлт, өнгөт хувьсгал гэсэн мэдээллүүдээр идэвхитэй цэнэглэж байна” гэж бичжээ.

Тэр цааш нь “үүний үр дүнд үндсэн хуулийн дэг журмыг тогтоох нэрийн дор хүч хэрэглэх нь тодорхой” гэсэн байна.

Энэ бүгд Беларусийн тэргүүнд бөмбөг эзэмших боломж олдохгүй тохиолдолд үүсэх аюул, сануулга.

Судлаач Царик сүүлийн хоёр жилд Беларусь, Барууныхны хоорондын харилцаанд гарч байгаа дулаарлыг “Оросын эдийн засаг унаж байгаа учраас Беларусь эдийн засгаа авч гарахын тулд шинэ түнш, шинэ зах зээл эрэлхийлж байгаа жам ёсны үзэгдэл” гэжээ.

Лукашенко Крымийг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад, Москвагийн логикоор бол “Монголчууд ч Оросын газар нутгаас томоохон хэсгийг тасдаж авах эрхтэй” хэмээн эрс шүүмжилж байсан юм.

Тэр мөн Донбасын мөргөлдөөнд төвийг сахисан байр сууриа өөрчилж, Беларусийн газар нутгийг хэзээ ч өөр улсын эсрэг довтолгоонд ашиглуулахгүй хэмээн мэдэгдээд Путины нэрлэдэг “Оросын ертөнц”-д Беларусийг оруулах сонирхолгүй байгаагаа тов тодорхой илэрхийлж байлаа.

 

Гэхдээ энэ бүхэн одоо Кремлийн хувьд хангалттай болоод байна.

 

 

Эх сурвалж: Radio Free Europe/ Radio Liberty