Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Сирид ирлээ, гэхдээ Исламын улстай тулалдахаар биш

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Орос цэрэг Сирид

Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм суларч, түүний гол дэмжигч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин туслахаас өөр аргагүй болжээ.

Геополитикийн эксперт Ян Бреммер энэ тухай “сүүлийн хэдэн сард Ассад томоохон газар нутгаа алдлаа. Путин үүнийг тэвчихгүй нь тодорхой” гэлээ.

Үүнд Аль Каедагийн бүлэглэл Сирийн хойд хэсэгт, Исламын улс төв хэсэгт, дэглэмийн эсрэг босогчид өмнөд хэсэгт тус тус эзэмшлээ тэлсэн байна.

Энэ хооронд Өрнөдийнхөн Исламын улс бүлэглэлийг бөмбөгдөж, Ассадын бөмбөгдөлтөөс зугтсан дүрвэгчид Европыг сандаргаж байгаа.

Хэрвээ Ассадын дэглэм нуран унахад хүрвэл Сирийн улс төрийг Америкчууд хяналтандаа авна. Үүнийг хүсэхгүй учраас Путин Ассадад туслахаар болжээ.

Одоогоор Оросуудын мэдэгдээд байгаа арга хэмжээнүүд:

  • Оросын цэргийн мэргэжилтнүүд Сирид очиж агаарын баазуудыг шалган, томсгох боломжийг судалж байгаа
  • Оросууд 1,000 хүртэл тооны цэрэг байрлуулах хуаран байгуулж байгаа
  • Нийслэл хотод цэргийн зөвлөхүүд Иран, Сирийн албаныхантай уулзаж байгаа
  • Оросын онгоцнууд, дронууд Исламын улсынхаас бусад бүсүүдэд тагнуулын нислэг хийх болсон
  • Оросын хуягт машинууд, Орос цэргүүд тулаанд оролцох болсон мэдээ байна.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч New York Times-д ярихдаа “Москва терроризмын эсрэг тэмцэлд зэвсэг нийлүүлж байгаа” гэжээ.

Хэдийгээр Орос нь Ассад болон Ираны нэгэн адил босогчдыг бүгдийг нь террорист гэж нэрлэдэг ч Путины хувьд Исламын улс бүлэглэлд төдийлөн санаа зовохгүй байгаа гэнэ.

Энэ тухай Бреммер “Оросууд Ассадад тусална гэдэг нь Исламын улстай шууд тулалдах гэсэн үг биш. Энэ бол их зардал өндөртэй ажиллагаа тул Оросууд зайлсхийж Өрнөдийнхөнд үлдээж байгаа байх” гэжээ.

Харин Ассадыг хүчтэй болгосноор эцэстээ Сирид Исламын улс устах, ядаж л суларна гэж тооцоолж байгаа гэнэ.

Стратеги Судлалын Олон улсын Хүрээлэнгийн Ойрх Дорнодын шинжээч Эмил Хокаим саяхан твиттер хуудсандаа “Иран, Орос хоёр Ассадгүйгээр өөрсдийнх нь ашиг сонирхол Сирид үлдэхгүй гэдгийг мэдэж байгаа” гэжээ.

Тэр цааш нь “тэдэнд Ассад таалагдахгүй байсан ч үүнээс өөр хувилбар байхгүй” гэв.

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Сирийн ерөнхийлөгчийг өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн тал өнгөрсөн хоёр жилийн дайн, цуст аллагын хариуцлагыг хүлээнэ” гэсэн нь Тегераны байр суурийг илэрхийлж байна.

Гэхдээ энэ мэдэгдэл 2011 оны эхээр эхэлсэн дайнд Ассадын бөмбөгөнд өртөж амиа алдсан иргэдийн тоо 12,000 гараад байгаа нь Исламын улс, Аль Каедагийн аллагыг нийлүүлснээс хэд дахин их болж байгаа баримтыг үгүйсгэж чадахгүй.

Нэг талаас Америкийн Исламын улсын эсрэг ажиллагаа, нөгөө талаас Сирийн дэглэмд Оросуудын дэмжлэг оролцсоноор Сирийн иргэд хамгийн их хэлмэгдэх нь тодорхой байна.

Бреммерийн үзэж байгаагаар Сирийн иргэн бүр дүрвэх боломжийг эрэлхийлж Европ дахь Сирийн дүрвэгсдийн хямрал ойрын хэдэн жилдээ үргэлжлэхэээр байна.

 

Эх сурвалж: Business Insider, Mashable