Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдсан

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саяхан болж өнгөрсөн Бээжингий цэргийн парадын талаар Foreign Policy сайтад Сергей Радченкогийн бичсэн нийтлэлийг товчлон хүргэж байна. Түүний үзэж байгаагаар 1945 онд Хятад улс нь ялагч гүрэн биш, харин ялагдаж цөхөрсөн улс байжээ.


Есдүгээр сарын 3-нд Хятад улс байгуулагдсанаасаа хойш 15 дахь удаагаа, мөн Дэлхийн хоёрдугаар дайнд Японыг ялсан баярыг тохиолдуулан анх удаа цэргийн парад хийлээ.

Бээжингийн “дэлхий нийтийн энхтайвныг сахих” амлалтыг албан ёсоор зарлахын хажуугаар энэхүү парад нь Хятадын сүүлийн үеийн цэргийн хүчин чадал, баллистик пуужин, танк, сөнөөгч онгоц зэргийг үзүүлж харуулсан юм.

30 улсын төрийн тэргүүнүүдийн өмнүүр 12 мянган цэрэг Тяньаньмэний талбайгаар алхаж өнгөрлөө. Парад нь зөвхөн цэрэг зэвсгийн хүчээ гайхуулахаас илүүтэй Хятад улс, тэр тусмаа ХКН-ыг фашизм, империализмын эсрэг дэлхий нийтийн тэмцлийн төвд байсан мэтээр харуулах зорилготой байлаа.

Энэхүү парад нь мөн үзэл суртлын шилжилт, өөрчлөлт болж байгааг харуулсан явдал боллоо. Анхны парадыг 1949 онд БНХАУ байгуулагдахад хийж байсан юм.

Тэр үеийн парад нь ХКН дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайнд Үндсэрхэг үзэлтнүүдийг (Куоминтан) ялсны баяр байлаа. Мөн 1840 оны Хар тамхины дайнд Англичуудад ялагдсанаас хойш үргэлжилсэн “зуун жилийн доромжлолыг” төгсгөл болгосны баяр хэмээн үзэж байв. 1949 он бол Мао Зэдун даргын хэлснээр Хятад хүмүүс “хөл дээрээ зогссон” жил гэж үзэж байсан юм.

Харин шинэ үзэл суртлаар бол 1937-1945 онд Японы эсрэг дайнд Хятадууд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хамт “босч зогссон” болж хувирав.

Шинэ үзлээр бол Хятад улс хүчирхэг дайсныг ялахад асар их үнэ төлсөн бөгөөд дэлхий нийтээр түүний гүйцэтгэсэн үүрэгт талархах ёстой болжээ.

Ши даргын хэлсэн үгэнд Хятад улс “Японы фашизм, Германы фашизм хоёрын хооронд стратегийн нүүдэл” хийж, үүний үр дүнд Хятад улсын олон улсын тавцан дахь байр суурь эрс нэмэгдсэн болж таарав.

Хэдийгээр Хятадын Ази дахь анти-фашист үзлийн тухай үзэл санаа нь өнөөдрийн Бээжингийн дэлхий нийтийн өмнө хүлээх үүрэг хариуцлагатай таарч байгаа ч нөгөө талаар түүхийг буруу тайлбарласан явдал болж байна.

1945 он бол Хятадад алдар гавьяа авчраагүй, харин ч ялагдал, доромжлол авчирсан гэхэд болно.

Тэр жил Хятад улс олон жил үргэлжилсэн сүйрэл, зовлонгийнхоо туйлд хүрч шалдаа буугаад байсан юм. Америкчууд тэднийг зөрүүдлэн байж цаасан дээр дэлхийн их гүрнүүдийн нэгт тооцуулж, шинээр байгуулагдсан НҮБ-ын аюулгүйн зөвлөлд байнгын гишүүнээр багтаасан нь үнэндээ ялагдсан оронд үзүүлсэн хэт хүндлэл байлаа.  Гэсэн хэдий ч тэдний хувь заяаг өөрсдийг нь оролцуулахгүй шийдэж, газар нутгийнх нь зарим хэсгийг салгаж, дотоод асуудлуудыг нь гаднаас шийдэж байсан юм.

Мэдээж Японыг ялсан ялалт байсан. Гэвч Хятад ялагчдын нэг байгаагүй. Хэдийгээр Хятад улс Японтай хамгийн удаан тулалдсан (1937 оны долоодугаар сараас) ч Америкчуудын Номхон далайгаас хийсэн довтолгоо л Японы эзэнт гүрнийг өвдөг сөхрүүлсэн билээ. Мөн ялалтанд хүрэхийн тулд Америкт Хятадын дэмжлэг хэрэг болоогүй, харин Зөвлөлтийн оролцоо хэрэгтэй байсан. 1945 оны хоёрдугаар сард болсон Ялтын уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Фрэнклин Рузвельт Зөвлөлтийн удирдагч Сталинаас Номхон далайн дайнд оролцохыг хүсч, үүний хариуд Ази дахь Зөвлөлтийн нөлөөг хүлээн зөвшөөрөх, цэргийн бааз байгуулахыг нь зөвшөөрөх, зүүн хойд Хятадын төмөр замын эзэмшил, Монголын “статускво”-г зөвшөөрч Хятадаас бүр мөсөн салгах зэргийг санал болгосон юм.

Ийм тохиролцоо болсныг Чан Кай ши хэдэн долоо хоногийн дараа мэдээд ихэд бухимдан "энэ бол доромжлол. тэд биднийг дагуул улс мэт үзэж байна" хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Үүний дараа тэр тохиролцоог өөрчлүүлэхээр ерөнхий сайдаа Москва явуулсан ч Сталин байр суурин дээрээ хатуу зогсчээ.

Зөвлөлт Японд дайн зарлахтай зэрэгцээд Монголчууд хэдэн мянган цэргээ Хятад руу илгээсэн нь үнэндээ өөрийн үндэс угсаа нэгтэй Өвөр Монголыг чөлөөлөх явдал байлаа. Х.Чойбалсангийн Японд зарласан дайны мэдэгдэлд ч энэ тухай тодорхой дурдагдсан байдаг.

Монголчуудаас гадна Шинжааний Казах, Уйгурууд тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлж, түүнийг нь Сталин далдуур дэмжиж байв.

Хятадуудын аз болоход Сталин сүүлд Хятад орныг хуваах энэ сонирхлоосоо татгалзаж Мао тэргүүтэй коммунистуудад хяналтыг шилжүүлсэн билээ.

Япончууд ялагдсаны дараа Хятадад иргэний дайн үргэлжлэв. Хачирхалтай нь Чан Кай ши тэргүүтэй Үндсэрхэг үзэлтнүүд Япон болон Коммунистуудтай зэрэг тулалдаж байсан бол Мао Хятад-Японы дайнд бараг оролцоогүй.

Тиймээс Маод сульдаж ядарсан Чан Кай шигийн армийг ялахад амархан байсан байх. Хятадын засгийн газар олон сая Хятад хүнийг Япончууд алж хүчирхийлсэн тухай дурддаг ч өөрсдийн өдөөсөн эмгэнэлт явдлуудыг нуудаг. Тухайлбал 1938 онд Шар мөрний даланг сэтлэн Япончуудын эзлэн түрэмгийллийг саатуулах гэж байгаад их үерт автаж хагас сая энгийн иргэдийн амийг авсан. Үүнээс үүдэлтэй 1942-1943 онд Хэнань мужид их өлсгөлөн болж гурван сая хүнээ алдсан түүх бий.

1949 онд Чанг Тайвань арал руу хөөсний дараа бүх Хятадыг Мао хяналтандаа авчээ. Үүнээс хойш хэдэн арван жилийн турш эрх баригчид Коммунист хувьсгалын дараагаар Хятад-Японы дайны түүхийг хоёрдогч түвшинд авч үздэг байв.

Тэр ч байтугай Мао Япончуудын Хятадыг эзлэн түрэмгийлсэн явдалд талархдаг байсан. Учир нь Япончууд Хятадуудад маш их “мэдлэг, туршлага” олгосон тул үүний хүчинд Коммунистууд Чан Кай шиг ялсан гэж үздэг байжээ.

Хятад-Японы дайнд 14-20 сая Хятад хүн үрэгдсэн тоо бий. Харин Коммунист хувьсгалын үед буюу 1946-1976 онуудад хэдэн арван сая хүн хүчирхийлэл, өлсгөлөн зэргээс болж амиа алдсан гэдэг.

Өнөөдөр Ши Жиньпин 1949 оны Коммунист хувьсгалын ялалтын алдрыг 1945 оны Японы эсрэг дайны ялалтын нэр хүндээр солихыг оролдож байна. Ингэснээр Хятад улс фашизмын эсрэг дэлхий нийтийн тэмцлийн нэг гол хүч байсан мэтээр харуулахыг зорьжээ.

Гэхдээ энэ хувиргалт түүхэн баримт дээр үндэслээгүй домог төдий зүйл юм.