Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Байгалмаа: Орон сууцны үнийн 10 хувийг бэлнээр төлөх ёстой

Д.Гэрэлцэцэг
2015 оны 9 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газрын баталгаа гаргахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар энэ ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

-Засгийн газрын хуралдаанаар дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах шийдвэр гарч “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг баталсан. Иргэд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг 80 м2-аас дээшгүй талбай бүхий, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд Засгийн газраас баталгаа гаргах юм.

Энэ нь өөрөө шинэ зүйл биш. 2013 оны зургадугаар сард найман хувийн моргейжийн зээл гарч байх үеийн журмыг өнөөгийн цаг үетэй холбож шинэчилсэн. Энэ онд нийлүүлэлт талаасаа нийт 34-35 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно гэсэн урьдчилсан төлөв байдлыг гаргасан.

Өнөөдөр барилгын салбар эдийн засагт том байр суурь эзлэх болсон.

Тиймээс барилгын салбарыг дэмжих замаар иргэдийнхээ орон сууцны нөхцөлийг сайжруулж, инженерийн шугам сүлжээтэй тохилог орон сууцанд амьдарч байгаа хүн амыг тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Өнөөдөр барилгын салбар эдийн засагт том байр суурь эзлэх болсон. Гэтэл орон сууцны борлуулалт буурснаар олон компани, ажилчин орлогогүй болчихоод байгаа. Эдгээр асуудлыг шийдэх боломж олгох юм. Эдгээр нь бидний 2013 онд эхлүүлсэн ажлын үр дүн.

-Саяхан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Энэ нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөртэй холбогдож байгаа шүү дээ?

-Энэ хууль боловсруулагдаад нэлээд олон жилийн нүүр үзэж. Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулна  гэж их ярьсан. Ингээд нийт 20 гаруй байршилд гэр хорооллын дахин төлөвлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тухайн газрын байршил дээр амьдарч байсан хүмүүс эхнээсээ орон сууцандаа ороод эхэллээ.

Нийслэл энэ зохицуулалтыг хийхийн өмнө ИТХ-аараа шийдвэр гаргаж, журам баталсан байдаг. Энэ журмыг дээрх хуулиар хуульчилж байгаа юм. Уг журамд тухайн төлөвлөсөн газрын иргэдийн 75 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхэлж болохыг хуульчилсан. Газар чөлөөлөх үйл явцад газрыг байраар солих, газрыг худалдах, худалдан авах зэрэг олон төрөл байдлаар зохицуулалт хийж байгаа.

Үлдсэн 25 хувь нь дахин төлөвлөлтөд хамрагдах эсэхээ хараахан шийдэж амжаагүй хэсэг байдаг. Тэгвэл энэ асуудлыг хуулиар зохицуулж өгсөн. Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага, хяналт тавьж ажиллаж буй төрийн байгууллага, төсөлд хамрагдаж байгаа айл өрхүүд, хувь хүн, бизнес эрхлэгчиддээ хамтарч ажиллах боломж олгосон хууль болж чадсан. Энэ хуульд тухайн газар дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, төсөлд оролцож байгаа хүмүүсийн 80 хувь нь зөвшөөрвөл дахин төлөвлөлтийг эхлүүлэхээр заасан.

-Хэрэгжилтийн тухайд ямар байгаа вэ?

-Бодит байдал дээр энэ журам амжилттай хэрэгжиж байна. Иргэд ч дахин төлөвлөлтөд хамрагдах сонирхолтой болжээ. Агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, нийгмийн халамжийн хүртээмжгүй байдал зэрэг асуудлыг шинээр төлөвлөж байгаа газрууддаа шийдвэрлэсэн байх ёстой. Мөн нийгмийн олон нийтийн барилга байгууламжийг барих асуудлыг тусгах ёстой гэсэн шаардлагыг энэ хуульд тодорхой тусгасан. Хуучин журмаар зохицуулагддаг байсныг хуульчилж өгсөн нь асуудлыг илүү нарийвчлалтай, тодорхой болгож олон нийтийг  хамруулах боломж  олгосон хууль болсноороо давуу талтай.

-Сүүлийн үед барилгын салбартай холбоотой хэд хэдэн чухал хууль, дүрэм батлагдаж байна. Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Барилгын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хууль гарснаар ямар ач холбогдолтой талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ хуулийн хүрээнд барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бизнес эрхлэгчдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчилсөн. Барилга барих, эхлүүлэх үйл ажиллагаа олон үе шатны үйл ажиллагаанаас бүрддэг. Энэ бүхнийг бүрдүүлж, гүйцэлдүүлэхэд их хугацаа, ажиллагаатай байдаг. Тухайлбал, барилга барих  шийдвэр гаргаснаас хойш олон төрлийн, удаан хугацааны зөвшөөрлүүдийг олгодог.

Нийт 505 хоног шаардагдаж байж уг барилга барихаас эхлээд Улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх энэ хугацааг бид 56 хоног болгосон. Зөвшөөрөл, баталгаа авахад 154 хүний гарын үсэг авдаг байсныг 35 удаа гарын үсэг авахаар болгож багасгасан. Энэ  нь  олон нийтэд, бизнесүүдэдяах  аргагүй хөнгөлөлт,  үйлчилгээг  сайжруулсан  эрх зүйн  баримт  бичиг  болсон.

-Хэдийгээр хүмүүсийн ажлыг хөнгөвчилж байгаа ч энэ хуульд барилгын чанар, аюулгүй байдлыг хангах асуудлыг хэр сайн тусгасан бол?

-Тоог багасгасан гэж байгаа ч үүний цаана чанарын асуудал яригдана. Давхар хянагдаад явдаг зүйлийг заавал зөвшөөрөл авч гарын үсэг зуруулах байдлаар цаг үрэх шаардлагагүй.Үүгээрээ бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилж, тэдний үйл ажиллагааг дэмжсэн гэж болно. Нөгөө талдаа төдий хэмжээгээр улсын байгууллагуудын ажлыг чхөнгөвчилж байгаа гэсэн үг. Мөн энэ ажлыг төрөлжүүлсэн.

Хувь хүн болон зөвшөөрөл олгосон байгууллагад хяналт тавих, уг барилга барихаас эхлүүлээд дуусах хүртэлх хугацаанд тухайн мэргэжлийн байгууллагууд хэрхэн яаж оролцох талаар тодорхой заасан. Хуульд барилгын чанарын асуудлыг нэлээд нарийн тусгаж байгаа.

Газар хөдлөлтийн идэвхжил сүүлийн 5-10 жилээр авч үзэхэд маш идэвхтэй болсон. Улаанбаатар хотын барилга хоорондын зай, стандарт алдагдсан. Тиймээс шинээр барьж байгаа барилгынхаа тэсвэртэй, бат бөх байх шаардлагыг тодорхой заасан. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд, Улсын комисст хүлээлгэж өгсний дараа баталгаа болгож 10 хувийг авч үлдээд гурван жилийн дараа өгдөг байсан. Мэдээж баригдсан барилгад ямар нэг зөрчил, алдаа дутагдал гарвал тухайн компани өөрсдийнхөө хөрөнгөөр засч, хэвийн нөхцөлийг  бий  болгоно.

Ер нь барилгын чанар, аюулгүй байдлыг нарийн хуульчилж, хариуцлагатай байх асуудлыг тодорхой заасан хууль боловсруулсан болохоор гурван жил хадгаладаг мөнгийг нэг жилийн дараа олгодог байхаар тусгасан. Эхнээсээ чанартай барилга баривал мэдээж баталгаат хугацаа хүртлээ сайн байна.

Урсгал засварыг тухайн цаг үед нь хариуцаж байгаа байгууллагууд болон хийж гүйцэтгэсэн компаниуд гэрээнийхээ дагуу гүйцэтгэх зарчимтай байдаг шүү дээ. Барилга барихад шаардагдах баримт бичиг  бүрдүүлэх  хугацаа, оролцогчийн  тоог  багасгах  нь чанарт  нөлөөлөх  учраас түүнийг түүнийг нөхөж оролцогч байгууллагын  дотоодын  хяналтыг  сайжруулахаар хуульд  тусгасан байгаа.

-Аюулгүй байдлын тухайд илүү тодруулмаар байна?

-Аюулгүй байдал нь дандаа хүнтэй холбоотой асуудал байдаг. Тухайн компанийн удирдлагууд, хийж гүйцэтгэж байгаа хүмүүсийн хайхрамжгүй байдал, нөгөө талаас төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр нь төдийлөн хүртээмжтэй байдаггүй, анхааралгүй ажиллагаа зэргээс үүдэлтэй байдаг. иймээс барилгын аюулгүй ажиллагаа, түүнийг хангахад оролцогч  байгууллагын  дотоодын хяналтаас гадна барилгад  хяналт хэрэгжүүлдэг  байгууллагын  үйл  ажиллагааг  тодорхой  болгосон  болно. Ингэж байж барилгын ажлыг эхлүүлнэ гэдгийг хатуу заасан.

Дүрэм, журам, стандартаар хэрэгжээд явах бүх зохицуулалт нь бий. Цаасан дээр байгаа мөрдөх ёстой зүйлээ мөрдөхгүй байгаа хүмүүс байна. Нөгөө талаасаа энэ салбар нь улирлын чанартай байдаг учраас дулааны улиралд хүмүүс барилга дээр ажилладаг. Хүйтний улиралд ажилгүй байх нь нийтлэг зүйл. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын ажилчид өвөлдөө өөр салбар уруу шилждэг. Салбар нь ажилчдаа тогтвортой барьж чаддаггүй учраас төлөвшиж байсан, сургалтад хамрагдсан мэргэшсэн ажилчид нь тогтвортой ажилладаггүй гэсэн үг. Ер нь осол, эндэгдэл гарч байгааг харахад ихэвчлэн хувь хүний хариуцлагагүй бай­дал зонхилж байна.

Тэр нь дөнгөж барилгын талбайд гарсан, барилгын ажлын талаарх ойлголт тааруу, ажлаа аюулгүй хийж гүйцэтгэх, өөрийнхөө амь насыг хамгаалах талд бүрэн дадлагажаагүй хүмүүс байдаг. Тиймээс барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах чиглэлээр төрөөс дэмжиж, олон ажил хийж байна. Энэ хүрээнд үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж угсмаржуулах  бодлого гарган ажиллаж байна.

Сүүлийн үед угсармал барилгыг өрдөг тоглоом шиг барьдаг болсон гэж шүүмжлэх болсон. Салбар яам үүнийг бодлогын хувьд дэмжиж байгаа. Угсармал барилгын тухайн зураг төслийнх нь дагуу угсрах хавтангуудаа өвлийн улиралд хийдэг.

Үүнийгээ урин дулааны улирал эхлэхэд бэлтгэсэн бэлдэцээзураг төслийнхөө дагуу угсардаг. Энэ нь хүмүүсийн хэлдэг шиг маш хурдан, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн ажил болж байгаа юм. Мөн орчин үеийн техник технологийг барилгын салбарт нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрснийг нь салбартаа нутагшуулж авах талаар ярилцаад, шийдвэрлэж болохоор зүйлийг зохицуулж хуульдаа тусгасан. Мэдээж хууль бол өнөөгийн чиг хандлага, цаашдаа баримтлах   бодлогыг  тусгасан зүйл  байдаг.

Энэ хууль батлагдаад мөрдөөд явбал барилгын салбар ойрын 5-10 жилдээ боломжийн байна. Үүний зэрэгцээ ирэх жил барилгын салбарын 90 жил болно. Энэ хугацаанд хүмүүсийн хийж бүтээсэн, энэ салбарынханд дээрх хууль их хэрэгтэй. 90 жилийн ойдоо бидний барьж байгаа том бодлогын  том ажлуудын нэг болох учиртай. Үндсэндээ  барил­гын  салбарын  цаашид  баримтлах  үндсэн бодлого энэ  хуулиар тодорхойлогдоно  гэж  ойлгож  болно.

-Энэ жил орон сууцны үнэ боломжийн хэмжээнд бууж байгаа мэдээлэл бий. Тэгэхээр үнэ энэ хэвээр тогтох боломжтой юу?

-Өмнө нь орон сууцны нийлүүлэлт маш бага байдаг байсан. Шинэ орон сууц цөөн  ашиглалтад ордгоос хөөсөрсөн үнээр худалдагддаг байсан.Одоо нийлүүлэлтээ дэмжээд өгөхөөр үнэ хөөсрөх шалтгаан байхгүй. Өнөөдөр хэдэн метр квадрат байрыг хаана авах вэ гэдэг нь үнээс л шалтгаалж байна. Одоогийн орон сууцны үнэ ханш зах зээлийн үнэдээ нийцсэн байгаа. Метр квадратын үнийг хэтэрхий доогуур тогтоож, хямдруулбал тэр хэмжээгээр чанаргүй барилга барина. Чанаргүй барилга нь эргээд тухайн хүний үл хөдлөх хөрөнгө, өмч болж чадахгүй нөхцөл бий болно.

Өөрөөр хэлбэл, чанаргүй барилга аюул, эрсдэл дагуулж байдаг. Газар хөдлөлтийн идэвхжил жил ирэх тусам нэмэгдэж байгаа ийм нөхцөлд чанартай барилга барихын тулд илүү мөнгө зарцуулах, бат бэх барилга барихыг эрмэлзэх ёстой. Орон сууцны үнэд нөлөөлж буй бас нэг зүйл нь мэдээж валютын ханш. 2016 оноос бид цементээ дотооддоо бүрэн хангадаг хэмжээний үйлдвэрүүдийг барьж чадлаа. Гэхдээ зөвхөн цементээр барилга барьдаггүй учраас бусад хэрэглэж байгаа импортын бараа материалын үнэ өсөх тусам орон сууцны үнэ өсдөг.

Иймд нэгдүгээрт, бид дэд бүтэц, шугам сүлжээг улсын  хөрөнгөөр барих  хэрэгтэй. Хоёрдугаарт, газрын үнэ. Гуравдугаарт, валютын ханшийг бууруулснаар барилгын үнэ зохих хэмжээгээр буурах ёстой. Түүнээс огцом буурч болохгүй. Мөн үнийг  төр хамаагүй хязгаар тогтоож, барьж болохгүй. Ингэсэн тохиолдолд барилгын салбар хөгжихгүй. Төрөөс  үнэ тогтоовол хямд  үнэд  тааруулж чанаргүй,  ашиглалтын шаардлага  хангахгүй  барилга  барих нөхцөл  бий  болно.

-Нөгөө талаасаа орон сууцжуулах ажлыг хөдөө, орон нутагт хэр хийж байна вэ?

-Орон сууцны асуудлыг зөвхөн нийслэлд анхаарч байгаа юм биш. 21 аймагт дэд бүтэц, шугам сүлжээний нэлээд ажил хийсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан 1,000 айлын орон сууцыг барихын төлөө бид ажиллаж байна. Бид нийлүүлэлт дэмжиж чадсан болохоор эрэлтээ ч дэмжих боломжийг олгосон үйл ажиллагааг хийх шаардлагатай.

Одоогийн байдлаар до­лоон аймгийн  цэвэрлэх  байгууламж шинэчлэгдэж, таван аймгийн  цэвэрлэх  байгууламжийн ажил эхэлсэн, үлдсэн есөн аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулж бай­на. Үүнээс гадна дулаан  цахилгаан, цэвэр бохир усны гол  магистрат шугамыг ихэнх аймагт шинэчилж өргөтгөөд  байна. Дээрх зүйл нь хөдөө орон нутгийг орон сууцжуулах үндсэн нөхцөл бий  болж байна гэж ойлгож болно.

-Гадны хөрөнгө оруулалтыг татах тухайд яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын хууль батлагдаад хоёр жил болж байна. Энэ хуульд хөрөнгө оруулалтын  төрлөөсөө хамаараад тухайн хөрөнгө оруулагчид ямар боломжийг олгох вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр бол орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх.

Хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч гаалийн татвар, НӨАТ-ыг хэрхэн тогтоох тухайд ч тодорхой заалтууд байгаа учраас зөвхөн барилгын салбар гэлтгүй Монголд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын таатай боломжийг бүрдүүлж өгсөн. Хүмүүс ч энэ талаарих мэдээлэлтэй байдаг болж.

Салбар яамны зүгээс хөрөнгө оруулалтын тухай хуулийг сурталчлах, үүнийг барилгын салбар хэрхэн ашиглаж болох тухайд гадна дотны хө­рөнгө оруулагчдад тогтмол сурталчлах ажлыг хийж байна. Манай салбарын тухайд барилгын материал,тоног төхөөрөмжийн кодыг олшруулах ажлыг ойрын таван сард хийж гүйцэтгэснээр импортын  бараа материалын гааль, НӨАТ-ын татварыг оновчтой байдлаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад нэн таатай нөхцөл болох  учиртай. 

Зураг