Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Байгалмаа: Царцаагдсан барилгын 80 хувь нь эмнэлэг, цэцэрлэг, сургууль байгаа

ikon.mn
2015 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

-Дэд сайдын сонгуульт хугацаа дуусах дөхөж байна. Юу хийж амжуулав?

-Гурван жилийн өмнө ажил хүлээж авахад барилгын салбарт хүндрэлтэй, тулгамдсан шийдэх асуудал олон байсан. Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ бага учраас үнэ өндөр. Өндөр байгаа шалтгаан нь дотоодын үйлдвэрлэл сул учраас биднээс хамаарал багатай. Орон сууцны үнэ гэдэг нь бараг зуун хувь гадны өөрөөр хэлбэл Эрээний нийлүүлэгчид очдог байсан. Дээр нь нэгэнт нийлүүлэлт бага учраас орон сууцны ченж маягийн сүлжээ үүсэх нөхцөл бүрдэж байсан. Энэ нь орон сууцны үнийг улам хөөрөгдөнө. Барилга үйлдвэрлэлийн салбар гадны хараат ийм нөхцөлд нэгдүгээрт үнэ бууруулах, хоёрдугаар импортыг орлох үйлдвэрүүдийг байгуулж ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Барилгын үндсэн материал нь цемент, арматурын төмөр байдаг. Бас нэг ноцтой асуудал бол барилгын салбарт ажиллаж байсан мэргэжлийн ажилчдыг салбарт нь яаж барьж үлдэх вэ гэдэг асуудал байсан. Салбар уначихаар нөгөө мэргэжилтэй ажилчид өөр салбар луу шилжинэ. Энэ орон зайг шинэ боловсон хүчээр нөхөхөд маш их хөрөнгө, хугацаа шаардана.

-Өнөөдөр ямар түвшинд хүрэв?

-Барилгын наймаа хийдэг иргэд мэдэж байгаа. Эрээнээс цемент ачуулах гэж яаж тамаа цайдаг тухай мэдээллийн хэрэгслээр ярьдаг байсан. Ачааны вагоны ченж хүртэл бий болсон. Тухайн үедээ цементийн үнийн 30 шахам хувь нь Замын-Үүдийн боомтын саатал гэж ярьдаг байсан. Харин энэ жилээс бид цементийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаад экспортод гаргах бэлтгэлээ хийж байна. Мөн арматурын төмрийн ихэнхийг гаднаас авдаг байсан. Одоо багахан хэсгийг авч байна. Удахгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Тансаг хэрэглээний хаалга, цонхноос бусдыг дотооддоо бүрэн хангаж байна. Ванн, суултуур, угаагуур, хадаас үйлдвэрлээд эхэлчихсэн. Өдөр ирэх тусам үйлдвэрлэл өргөжиж байна. Нэг өдөр бүх юмыг амжуулахгүй. Гэхдээ энэ хугацаанд барилгын үйлдвэрлэлийн суурь баттай тавигдсан.

-Одоо орон сууцны асуудал бүрэн шийдэгдчихсэн үү?

-Намайг ажил авахад жилд 12-13 мянган айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол нийлүүлэлтийг дэмжсэн бодлогын үр дүн. Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулсан үйлдвэрүүдээ хөл дээр нь босоход төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Одоо техникийн шинэчлэл хийсэн Хөтөлийн цемент шохойн, Төв аймгийн Сэргэлэн сумын сая тоннын хүчин чадалтай Улааны, Дорноговь аймгийн Өргөн сумын “Монполимет” компанийн үйлдвэрүүд ажиллаж байна. Удахгүй “МАК” компанийн хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орно.

-Байгаль орчин сүйтгэхгүй, экспортод найдвартай гаргана гэсэн баталгаа байна уу?

-ОХУ руу экспортлох туршилт хийж байна. Энэ үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн техник, технологиор хангагдсан. Усгүй үйлдвэрлэл явуулж байгаль орчинд ямар ч хохиролгүй гэдэг нь батлагдсан. Засгийн газрын хуралдаан дээр ярьж байгаад 18 төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг хүртэл хувь нэмэхээр шийдсэн.

-Үнэ өсөөд эхлэхгүй юу?

-Үйлдвэрлэлийн салбарууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээгээ хангана. Гэхдээ үнэ өсөх нөхцөл бүрдүүлэхгүй. Эхлээд цементийн салбараа, дараа нь бусад салбарыг гэх мэтээр шаталсан, цаг хугацааны дараалалтайгаар нэмнэ.

-Их хэмжээний хөрөнгө оруулсан эзэнгүй барилга, нөгөө талдаа хоосон орон сууц харж, санааширсан баахан иргэд. Энэ байдал хэзээ цэгцрэх бол?

-Энд багагүй судалгаа хийсэн. Эхний ээлжинд барилгын хөөсөрсөн үнийг зогсоож чадсан. Нийлүүлэлт бага болохоор түүн дээр дөрөөлөөд хэт их ашиг хөөсөн үнэ тогтоодог. Нэгэнт нийлүүлэлт нэмэгдэхээр дуртай ч, дургүй ч хөөсөрсөн өндөр үнэ бууна. Өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад харилцан адилгүй үнийн бууралт дунджаар жигнэхэд 400-500 мянган төгрөгөөр буурсан. Гэхдээ нийлүүлэлт нэмэгдсэн ч эрэлт буурч байна. Эрэлт буурна гэдэг нь хэрэгцээ хангагдсан гэсэн үг биш. Өнөөгийн эдийн засгийн байдалтай холбоотой.

-Барилгын үнийг бууруулах уу, иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлэх үү?

-Хоёр жилийн өмнө жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр байр олгож эхэлсэн. Гэхдээ байрандаа орохдоо 30 хувийн урьдчилгаа төлбөр төлнө. Судалгаагаар 30 хувийн урьдчилгаа төлөөд байранд орох иргэд үндсэндээ дууссан. Өнгөрсөн хугацаанд урьдчилгаа 30 хувиа төлөөд, орлогын нөхцөлөө хангасан бүх иргэд зээлд хамрагдаж чадсан. Цаана нь ипотекийн урсгал зээлийг төлөх боломжтой иргэд цөөнгүй байна. Тэд урьдчилгаа 30 хувийн төлбөр дээр хүндрэлтэй тулгарч байгаа. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийг бууруулбал ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс ипотекийн зээлийн урьдчилгааг арван хувь болгох хэрэгтэй. Одоо яамны зүгээс энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна. Хуримтлал үүсгэж чадахгүй байгаа иргэдэд энэ бас нэг боломж мөн биз дээ.

-20 хувийг нь хэн төлөх вэ?

-Засгийн газрын батлан даалтын сангаас гаргана. Гэхдээ иргэд түүнийгээ зээлтэйгээ хамт буцааж төлнө шүү дээ. Иргэдэд ийм боломж олгосноор эрэлт, нийлүүлэлтийн баланс бодит байдалд ойртоно.

-Арван хувийн урьдчилсан зээлийн бодлого хэзээ хэрэгжих вэ?

-Дүрэм, журмууд батлагдаад есдүгээр сард хэрэгжиж эхэлнэ.

-Орон сууц, дүүрэг, агент-лагийн барилга жилийн гаруй хугацаанд ашиглалтад орж байна. Цэцэрлэг, эмнэлэг, сургууль болохоор...

-Орон сууцны эрэлт дээр үндэслээд хувийн хэвшлийнхэн ашиг олохын тулд шуурхай хөдөлдөг. Энэ буруутгах зүйл биш. Харин цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих асуудал өнгөрсөн жилээс л манайд ирсэн. Өмнө нь эрүүл мэндийн болон боловсролын яаманд харьяалагддаг байсан.

-Боловсрол, эрүүл мэндийн сайд нар барилга барьдаг байсан юм уу?

-Өөрсдөө юу гэж барих вэ дээ. Барилга захиалгын газраараа дамжуулж хэрэгжүүлнэ.

-Өнгөрсөн жил танайд ирсэн юм бол энэ жил яагаад 69 барилга баригдаж дуусаагүй байна?

-Хэдийгээр манайд хариуцлага нь ирсэн боловч, төсөвт тусгагдсан мөнгө өмнө нь харьяалагдаж байсан салбарынхаа сайдын багцад үлдсэн. Одоо хүртэл орж ирээгүй байна. Өөрөөр хэлбэл бидэнд хоосон цаас ирсэн гэсэн үг. Тийм учраас өдий олон цэцэрлэг баригдаж дуусаагүй байна. Энэ олон барилгууд өчигдөр, өнөөдөр баригдаж эхлээд зогсчихсон юм биш. Олон жилийн шийдвэрлээгүйгээс үүссэн хуримтлал. Царцаагдсан барилгуудын 80 гаруй хувь эмнэлэг цэцэрлэг, сургууль байдаг.

-Царцах шалтгаан юу вэ?

-Төсөвт өртгийг буруу тооцсон, зураг, төсөв нь хийгдээгүй барилгад хөрөнгө оруулснаас болж зогссон байдаг.

-Хуулиар зураг төсөвгүй барилгын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгадаггүй биз дээ?

-Хуулийн тэр заалт зөрчигдсөөр ирсэн. Улсын төсөв нимгэн гэдэг утгаараа хямд төслийг сонгодог. Хямд, буруу төсөвтэй төсөл нь эхний санхүүжилтийн дараа зогсдог. Хоёрдугаарт хувийн хэвшлийнхний барьсан орон сууцыг иргэд шууд худалдан авна. Харин баригдсан цэцэрлэг, сургуулийг төр худалдаж авна. Энэ нь төрийн үүрэг. Гэтэл төр үүндээ хойрго ханддаг учраас өнөөдөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг ачааллаа даахгүйд хүрсэн. Хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд.

-Эмэгтэйчүүд бас хүүхэдтэй адил хохирсон уу?

-Цэцэрлэггүй хүүхдийг нөхөр нь харж байгаа тохиолдлыг би л лав мэдэхгүй. Төрөх эмнэлэгт эрэгтэйчүүд чихэлдээд байхыг хараагүй биз дээ. Өндөр настнуудыг эмнэлэг дамнуулаад явдаг иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд л байдаг. Хонон өнжин цэцэрлэгийн гадаа зогсож байгаа хүмүүсийг хар. Эмэгтэйчүүд л байгаа шүү дээ.

-Царцаагдсан барилгуудыг яах ёстой вэ?

-УИХ, Засгийн газар яаралтай шийдэх ёстой. Улсын төсвөөр эхлүүлсэн барилгын гүйцэтгэгч компаниудтай хариуцлага тооцох ёстой.

-Мөнгө хүрэхгүй шалтгаанаар зогссон ч хариуцлага тооцох ёстой юу?

- Өнөөдөр дуусаагүй байна гэдэг нь хариуцлага тооцох үндэслэл. Хүрэхгүй төсвөөр барилга барина гэж хууран мэхлэх замаар төсвөөс мөнгө гаргуулсан байна гэж үзэх үндэслэл бий.

-Ард нь Сангийн яам, тойргоос сонгогдсон гишүүн байгаа болохоор хариуцлага тооцож чадах уу?

-Чадахгүй бол цэцэрлэг, сургууль, эмнэлгээр хэзээ ч хангагдахгүй.
Төр дээрх байгууллагууд шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар нэгэн аргаар хөрөнгө босгож барилгуудыг барьж дуусгах хэрэгтэй. Шаардлагагүй гэж үзэж байгаа бол орон нутгийн өмчид шилжүүлж болно. Тухайн орон нутаг нь шаардлагатай зүйлдээ зориулаг. Эсвэл заримыг нь хувийн хэвшлийнхэн дуудлагаар худалдаад нөгөө хэсгийг нь барьж дуусгаж болно. Хараад л суугаад байвал төрөлт нэмэгдэж байгаа өнөө цагт шийдвэрлэхэд улам хүнд болно. Гадны хөрөнгө оруулагчтай хамтрах, концессдох арга ч байж болно шүү дээ. Маш их үхмэл хөрөнгийг хөдөлгөх л хэрэгтэй. Намар болохоор матрын нулимс унагадаг өвчнөөсөө төр салах хэрэгтэй. 

Х.Баттөгс