Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркууд Эргүнэ хунгийн домогт газрыг олсноо зарлав

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

 

Археологийн малтлагаар Алтайн уулсын дунд Эргүнэ хунгийн домогт гардаг газрыг олсноо хэсэг археологичид Казахстанд болсон олон улсын семинарын үеэр зарлажээ.

Уг малтлагыг Туркийн Хамтын ажиллагааны байгууллага (TIKA), Олон Улсын Түрэгийн Академи хамтран зохион байгуулсан байна.

 

 

Олон Улсын Түрэгийн Академийн тэргүүн профессор Дархан Хидиралли энэхүү илрүүлсэн газар нь Эргүнэ хунгийн домогт дүрсэлдэг шинжүүдтэй яг таарч байгаа гэжээ.

Домогт өгүүлснээр Түрэгүүд хүнд хэцүү цаг үед Эргүнэ хун хэмээх газарт хоргодож үндэс угсаагаа аварсан гэдэг.

“Түрэгүүд хүнд хэцүү үедээ Алтайн уулс шиг газар хоргодож байсан. Эндээс олдсон хөгжмийн зэмсэг нь тэднийг соёл иргэншилтэй хүмүүс байсныг харуулж байна. Тэгвэл яагаад ийм соёлтой хүмүүс илүү амьдрахад тохиромжтой газар бус ийм уулсын дунд амьдарч байв? Төмрөөр хийсэн эд хэрэгсэл зэргийг харвал тэд хүнд цаг үеийг давахын тулд энд хоргодож байсан нь тодорхой. Өөрөөр хэлбэл энэ газар бол Эргүнэ хун болох нь батлагдаж байна” гэж Хидиралли хэллээ.

Мөн энэ газар нутгаас олдсон Хөх Түрэгийн үетэй холбоотой зарим эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ.

 

 

Хурлын үеэр Олон Улсын Түрэгийн Академи малтлагыг Алтайн уулс, Монголын газар нутагт үргэлжүүлэхээ зарласан байна.

Астанад төвтэй Түрэгийн Академи нь 2012 онд байгуулагдсан бөгөөд Азербайжан, Казахстан, Киргизстан, Турк улсууд гишүүн нь юм байна.

Академи байгуулагдсан цагаасаа хойш Түрэгийн соёл, түүхтэй холбоотой дурсгалуудыг нээж илрүүлэх, жишээ нь Унгарт Атиллагийн бунхан, Туркменистаны Мерв хотод султан Алпарсланы бунхныг хайх ажлуудыг гүйцэтгэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: hurriyetdailynews.com