Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Академик соёл ба эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигддаг нийтлэг шаардлагууд

ikon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, тухайн салбарын тэргүүлэгч сэтгүүлд нийтлүүлэх  нь эрдэмтэн судлаачид хийгээд магистратур, докторантурт суралцаж буй оюутнуудын хувьд чухал асуудал билээ.

Түүнчлэн олон улсын түвшинд эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигддаг шаардлага нь академик соёлыг суралцах, энэ талаар өргөн ойлголттой байхыг шаардаж буй нэг хэлбэр тул энэ удаагийн дугаарт академик соёл ба эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлагын талаар өгүүлэхийг зорьлоо. 

Танилцуулга

Судлаачид өөрийн судалгааны ажлын үр дүн, ололт, нээлтийг бусадтай хуваалцахын тулд өгүүлэл хэлбэрээр олон нийтэд түгээх шаардлагатай болдог. Тиймээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүд судлаачдын өгүүлэл, судалгааны ажлыг хүлээн авахдаа бүтэц, загварын тухайд тодорхой шалгууруудыг боловсруулан гаргасан байдаг. 

Өөрөөр хэлбэл судлаачид өөрсдийн бичсэн өгүүллийг тухайн сэтгүүлийн шалгуурт нийцүүлэх зайлшгүй шаардлагатай болдог. Тэдгээр нийтлэг шалгуурууд нь зөвхөн сэтгүүлүүдийн хүрээнд яригдах асуудал төдийхөн бус ерөөс судлаачид зайлшгүй эзэмшсэн байх ёстой ёс суртахуун, чадвар, мэдлэгийн тухай цогц ойлголт юм.

Учир нь мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэл нь тусгай загвар, баримталдаг журамтай, түүгээр дамжуулж академик орчинд мөрдөх дэг жаягийг бий болгодог юм. Судлаачид судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн орчинд академик соёлыг бий болгож, түүнийг бусад судлаачид болон оюутнуудад дамжуулж байдаг.


Академик соёлын орчинд яригдах асуудлуудыг авч үзье. 

I.    Оюуны бүтээлийг хүндэтгэх үзэл ба судлаачийн ёс зүй 

Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэх нь судлаач хүний баримтлах ёс зүйн нэг хэмжүүр билээ. Тийм ч учраас судлаач нь бусдын оюуны бүтээлд хүндэтгэлтэй хандах ойлголтыг эзэмшиж, түүнийг мөрдлөг болгох нь зайлшгүй юм.  

Энэ талын мэдлэгийг дээд боловсрол эзэмшиж буй хэн бүхэн их сургуульд орсон цагаас эхлэн суралцаж улмаар дадал болгох хэрэгтэй. Дэлхийн тэргүүлэгч их сургуулиуд шинээр элсэж буй оюутнуудад бусдын оюуны бүтээлийг хэрхэн хүндэтгэн үзэх, тэдгээрээс хэрхэн эшлэл хийх зэрэг нарийн зааварчилгааг тусгай хичээлээр олгож, гарын авлага бэлтгэж гаргасан байдаг. Эл асуудалд ийнхүү ач холбогдол өгснөөр суралцагчдад тавигдах академик түвшний шаардлага жинхэнэ утгаар хэрэгжиж тухайн сургуулийн суралцагчид оюуны бүтээлийн үнэ цэнийг эртнээс ойлгож авдаг байна. 

Харин манай их, дээд сургуулиудын түвшинд суралцагчдын оюуны бүтээлд хандах мэдлэг тун тааруу байна гэж судлаачийн хувьд үздэг.Жишээлбэл: Бие даалтын ажилд ашигласан номын жагсаалтыг зөв хийж сураагүй, бусдын бүтээлээс үг, өгүүлбэрийг эшлэл хийлгүйгээр шууд хуулан бичдэг зэрэг академик соёлын энгийн ойлголт байхгүй байгаа нь  харамсалтай. Гэвч энэ байдлыг залруулж академик соёлыг бий болгохын тулд багш, судлаачид манлайлах учиртай. Тийм ч учраас судлаач миний бие өөрийн зааж буй ангийн оюутнуудад энэ талын мэдлэг олгохоор хичээхийн зэрэгцээ бусад суралцагчдад хэрэг болох тул бүтээлийн жагсаалт, эшлэл хийх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын талаар энд өгүүлэхийг зорьлоо. 

Судлаачид мэдээллийг олон талын эх сурвалжаас олж авч тэдгээрийг харьцуулж, үнэлэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Нөгөө талаас судалгааны ажил гэдэг дан ганц судлаачийн үзэл бодол, ололтоор бүтээгдэх нь хангалттай бус юм. Учир нь академик түвшинд бүтээгдэж буй бүтээл бүхэн тодорхой онол, зарчим баримтлах, тухайн судалгааны ажлын зарим ойлголтыг өөр өнцгөөс харж бичсэн бусад судлаачдын бүтээлтэй зэрэгцүүлэн анализ хийх, статистик мэдээ, мэдээллийг жишээ болгон оруулах шаардлагатай байдаг. 

Тийм ч учраас эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлууд онолын хэсэгтэй байж, түүгээр дамжуулан өөрийн бичиж буй санааг баримтжуулдаг билээ. Академик орчны эл шаардлага нь судлаачийг бусдын бүтээлтэй харьцах арга барилыг эзэмших ёстой гэдгийг алхам тутамд сануулж буй хэрэг. Тиймээс судлаачид нэн тэргүүнд эшлэл зүүлт хэрхэн хийх талаар хангалттай мэдлэгтэй байх ёстой.  

Олон улсын түвшинд эшлэл зүйлт хийх дараах загварууд өргөн хэрэглэгддэг байна. Эдгээр загварууд нь нарийвчилсан олон заалтуудаас бүрддэг, цогц ойлголт бөгөөд хэрэв тухайн бүтээл нь

•    Ганц зохиогчтой бол 
•    Хоёроос таван зохиогчтой бол 
•    Зургаагаас долоон зохиогчтой бол
•    Нэг зохиогчийн өөр өөр онуудад бүтээсэн бүтээл бол 
•     Электрон хэлбэр бүхий ном бол 
•     Хянан тохиолдуулсан бүтээл бол 
•    Сэтгүүл бол
•    Сонинд нийтлэгдсэн бүтээл бол
•    Засгийн газрын тайлан, мэдээлэл бол 
•    Лекцийн материал бол 
•    Цахим хуудас бол 
•    Ярилцлага бол

хэрхэн эшлэл хийх, ашигласан бүтээлийн жагсаалтад хэрхэн бичих зэрэг олон заалтыг багтаасан гарын авлагууд боловсруулсан байдаг бөгөөд тэдгээрт цэг, таслал, хашилт, хаалт, тодорхойлох цэг зэрэг нь онцгой үүрэгтэй хэрэглэгддэг. 

APA Referencing and Citation Style 

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан энэхүү загвар нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны бүтээлд илүүтэй хэрэглэгддэг. Түүнчлэн бизнес, эдийн засгийн чиглэлээр бичигдсэн бүтээлд ч хэрэглэгдэх нь бий. Ерөнхийдөө энэ загварыг “зохиогч-он сар”–г илүү анхаардаг загвар гэж нэрлэдэг. APA загвараас зарим нэг жишээг авч үзье.

Эх бичвэрт эшлэл авахад: 

Зохиогчийн бүтээлээс авсан өгүүлбэрийн ард зохиогчийн овог, бүтээлийн хэвлэгдсэн он, хуудсын дугаарыг бичнэ. 
... (Halliday, 1987, p.20)

Эсвэл зохиогчийг өгүүлбэрт оруулж бичнэ: 

Halliday (1987) proposed that … 

Ашигласан бүтээлийн жагсаалтад:

Бүтээлийн жагсаалтад зохиогчийн нэрийг бус овгийг үсгийн дараалал болон бүтээлийн хэвлэгдсэн оны дарааллаар бичдэг:
           Carr, W., & Kemmis, S.(1986). Becoming critical: Education knowledge and action research. London, England: Falmer Press. 

Fullan, M. (1996).The new meaning of educational change. London, England: Cassell.

Harvard Referencing Style

Эдийн засаг, инженерийн чиглэлийн бүтээлд илүүтэй хэрэглэгддэг энэхүү загвар нь зохиогч болон хэвлэгдсэн оныг түлхүү харуулдаг загвар юм.  Зарим жишээг авч үзвэл: 

Эх бичвэрт эшлэл авахад: 

Зохиогчийн бүтээлээс авсан өгүүлбэрийн ард зохиогчийн овог, бүтээлийн хэвлэгдсэн он, хуудсын дугаарыг бичнэ. 

... (Halliday1987, p.20)

Зохиогчийг өгүүлбэрт оруулж бичвэл: 

Halliday (1987, p.20) proposed that … 

Ашигласан бүтээлийн жагсаалтад: 

Зохиогчийн нэрийн үсгийн дараалал болон бүтээлийн хэвлэгдсэн оны дарааллаар:

Cochrane, A 2007, Understanding urban policy: critical approach, Blackwell
Publishing,Malden, MA.
Finkelman, AW 2006, Leadership and management in nursing, Pearson Hall, Upper
                                Saddle River, NJ. 

Vancouver Style

Анагаах ухаан, хими, биотехнологийн салбарын бүтээлд илүү хэрэглэгддэг энэхүү загвар нь тоон системийг хэрэглэдэг. 

Эх бичвэрт эшлэл авахад:

Butler1 highlighted …… 

Ашигласан бүтээлийн жагсаалтад: 

Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг, номын нэр, хэвлэсэн газар, хэвлэгч, хэвлэлтийн он. 

Butler SW. Secrets from the Black Bag. London: The Royal College of General
Practitioners; 2005.
           Cheers B, Darracott R, Lonne B. Social care practice in rural communities. Sydney: The
Federation Press; 2007.

MLA style 

Хүмүүнлэг, утга зохиолын чиглэлийн бүтээлүүдэд илүү хэрэглэгддэг загвар юм. 

Эх бичвэрт эшлэл авахад:

This concern has been expressed (Dover 118-21). 

Ашигласан бүтээлийн жагсаалтад: 

Энэхүү загвар нь зохиогчийн овог, зохиогчийн нэр, номын нэр, хэвлэсэн газар: Хэвлэгч, хэвлэгдсэн он, хэвлэлтийн хэрэгсэл. Энэ загвараар зохиогчийн нэрийг бичихэд дараах дүрмийг баримтална. Үүнд: 

Нэг зохиогч: Овог + Нэр 
Хоёр зохиогчтой бол: Овог + Нэр ба Нэр + овог 
Гурван зохиогчтой бол: Овог + Нэр, Нэр +Овог ба Нэр + Овог
Гурван зохиогчоос олон байвал: 

Nabokov, Vladimir. Lolita. New York: Putnam, 1995. Print. 
Cross, Susan, and Christine Hoffman.Bruce Nauman: Theaters of Experience. New
                             York: Guggenheim Museum;  London: Thames & Hudson, 2004. Print.  

Дээрх загварууд нь шинжлэх ухааны бүтээл, өгүүлэлд түгээмэл хэрэглэгддэг загвар бөгөөд судлаач  тухайн салбарын онцлогоос хамаарч эдгээр загвараас сонгох хэрэгтэй болно. Судлаач нь эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхийн тулд тухайн сэтгүүлийн газар ямар загварыг шаардаж буйг тодруулсны үндсэн дээр өөрийн бичсэн өгүүллийг тэрхүү загварт нийцүүлэн хэлбэржүүлнэ.  

II.    Академик орчин дахь судлаачийн үүрэг, хариуцлага 

Академик орчин нь судалгаа шинжилгээний ажил хийх, тэдгээрийг хэвлэн нийтлэх талаар тогтсон дүрэм журам, шалгууртай байдаг.Тэдгээрийг дагаж мөрдөх нь судлаачийн үүрэг билээ. Энэ нь нэг талаас судлаач аливаа мэргэжлийн сэтгүүлийн дүрэм, журмыг дагаж буй мэт боловч нөгөө талаас өөрийн бичсэн өгүүлэл, нийтлэлийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой гэдгийг баталгаажуулж буй хэрэг юм.

Судлаачийн үүрэг, хариуцлагын талаар жишээ болгон Австралийн Сидней их сургуулийн баримталдаг зарим дүрмийг авч үзье. Сидней их сургууль оюутнууддаа “Academic honesty” буюу академик орчинд судлаачийн үнэнч, хариуцлагатай байх үүргийг сургадаг. Энэ ойлголтын хүрээнд бусдын бүтээлээс өөрийн судалгааны ажилд ашигласан тохиолдолд түүнийгээ хэрхэн баримтжуулан тусгаж өгөх чадварыг олгодог. Ингэхдээ суралцагчид нь эшлэл, зүйлт хийж сурах, академик соёл түүнд судлаачдын хүлээх үүрэг, хариуцлагыг ойлгож авах хэрэгтэй болдог. 

Нөгөө талаас шинээр элсэн орсон оюутнуудын тухайд “Avoiding plagiarism” буюу бусдын бүтээлээс хуулбарлах асуудлаас хэрхэн болгоомжлох талаар сургалтыг зохион байгуулдаг. Тухайн сургалтын хүрээнд хэрхэн эшлэл хийх талаар (referencing and citations), бусдын бүтээл дэх өгүүлбэрийг өөрийн үг, ойлголтоор хэрхэн бичих (paraphrasing)зэрэг чадамжуудыг эзэмшүүлэхийг зорьдог. 

Мөн өөрийн сургуулийн вэб сайтад дээрх асуудлуудын талаар зааж сургасан видео бичлэгүүдийг байрлуулсан байдаг. Түүнчлэн “endnote” гэсэн програмыг оюутнуудад үнэгүй хэрэглэх боломж олгодог. Энэхүү програмын  хүрээнд оюутнууд өөрийн уншиж судалсан өгүүлэл, ном сурах бичгийг файл болгон хадгалж, бие даалтын төгсгөлд тус програм ашигласан материалын жагсаалтыг автоматаар тухайн загварын хүрээнд бэлтгэж өгдөг.

Түүнчлэн “turnitin”програмыг ашиглах боломжийг оюутнуудад олгодог. Ингэснээр оюутнууд өөрсдийн бичиж буй бие даалтыг тухайн програмд оруулж бусдын материалаас авсан өгүүлбэр заасан хэмжээнээс ихэдсэн эсэхийг шалгадаг.   

Энэ мэтээр Сидней их сургууль нь оюутнууддаа академик үүрэг хариуцлагыг сайтар ойлгуулж, бүхий л боломжоор хангаад эргээд хариуцлагын тогтолцоог хатуу баримталдаг.Тус их сургуулийн оюутнууд өөрийн гүйцэтгэсэн даалгаврын хамт тусгай загвар бүхий нүүр хуудсыг бөглөж өгдөг. Энэ нь тухайн суралцагч энэхүү ажлыг гүйцэтгэхдээ судлаачийн ёс зүйтэй байж, мөрдөх ёстой журмыг дагасан бөгөөд үүнээс үүдэн гарах бүх хариуцлагыг хүлээх болно хэмээн өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулдаг. 

Иймээс бид ч өөрийн сургууль, оюутнуудад энэ талын мэдлэгийг олгож, эртнээс судлаачийн үүрэг, хариуцлагыг ухамсарлуулж сургах хэрэгтэй байна.   

III.    Олон улсын сэтгүүлүүдийн эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих нийтлэг шаардлага 

Олон улсын мэргэжлийн сэтгүүлүүд судлаачийн үүрэг хариуцлага, академик соёлын талаар баримталдаг зарчимтай бөгөөд судлаачид тэрхүү шалгууруудыг мөрдлөг болгон ажиллах ёстой.Тиймээс мэргэжлийн сэтгүүлийн хүрээнд тавигддаг нийтлэг шалгууруудын тухай энд авч үзье. 

Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийн тулд судлаач нь тухайн сэтгүүлийн зүгээс тавих үндсэн шаардлагуудын хүрээнд өөрийн үзэл санаа, ололт, дүгнэлтийг хэрхэн хэлбэржүүлэх талаар бодолцох хэрэгтэй болдог. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдийн тухайд дараах үндсэн ойлголтуудыг анхаарч үзэх хэрэгтэй. 

А. Өгүүллийн хэмжээ

Ихэнх мэргэжлийн сэтгүүлүүд эрдэм шинжилгээний өгүүллийг 7,000-10,000 мянган үгтэй байхыг шаарддаг. Тиймээс өгөгдсөн хэмжээнд өөрийн бичсэн өгүүллийг багтааж өгөхийн тулд хянах, засварлах, товчлох зэргээр цаг гарган ажиллахын хэрэгтэй болно. 

Б. Хэл найруулга 

Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулан бичихэд эхний үед зохиогч төвтэй байх хандлагатай байх нь бий. Гэвч эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхийн тулд тухайн бичлэгийг уншигч төвтэй болгон өөрчлөх нь нэн тэргүүний шаардлага юм. Өөрөөр хэлбэл бичсэн өгүүлэл тань бусдад хэрхэн уншигдаж, хэрхэн оновчтой ойлголтыг уншигчдад хүргэхийг бодолцох ёстой. Түүнчлэн мэргэжлийн сэтгүүлүүд эрдэм шинжилгээний өгүүллийн агуулга, судалгааны аргазүйг онцгой анхаарахын зэрэгцээ хэл найруулгыг ихэд анхаарч үздэг. Тийм ч учраас өгүүллийг академик түвшний хэл найруулгатай  байхыг шаардана.

B. Загвар 

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь шинжлэх ухааны судалгааны ажил болохын хувьд тодорхой загвартай байдаг. Энэ нь эшлэл, зүүлт хийх ямар загварыг баримталж байгаагаар илэрнэ. Тиймээс өгүүлэл нь тухайн мэргэжлийн сэтгүүл ямар загвар шаардаж байгаагаас хамаарч өмнө дурдсан загваруудын аль нэгийг баримтлах болно. 

Г. Бүтэц 

Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц тухайн судалгааны ажлын онцлогоос хамаарч өөр байдаг. Гэвч нийтлэг мөрддөг бүтэц гэж бий. Үүнд: 
•    Хураангуй (Abstract)
•    Танилцуулга (Introduction)
•    Холбогдох бүтээлүүдийн талаар судалж үзсэн тойм (Literature review)
•    Судалгааны ажлын аргазүй (Methods)
•    Үр дүн (Results)
•    Цаашид судлах асуудлууд (Further discussion)
•    Дүгнэлт (Conclusion)
•    Номзүй  (Reference)

Мэргэжлийн сэтгүүлийн зүгээс өгүүллийн загвар болон хэмжээг дараах байдлаар нарийвчлан авч үздэг: 

Хүснэгт-1

Kotze, T. Typical structure of an academic article reporting the findings of a quantitative study

Title   8-15 words

 

Abstract 200-250 words

 

Key words6-8 key words

 

Introduction                                                                                                           500-1,000 words

 

Literature review                                                                                                 1,000-2000 words

(alternatively: Background, conceptual development or conceptual framework)

 

Methods (Alternatively: Measurement)                                                                 500-1,000 words

 

Sampling

  • Target population and research work
  • Sampling Respondent profile

 

Data collection

  • Data collection methods

 

Measures (alternatively:  Measurement)

 

Results (Alternatively, Findings) 1,000-1,500 words

  • Descriptive statistics (Alternatively: Preliminary analysis)
  • Hypothesis testing (Alternatively: Inferential statistics)

 

Discussion1,000-1,500 words

  • Summary of findings
  • Managerial implications
  • Limitations
  • Recommendations for future research

 

Total 4,000-7,000 words

 

 

Энэхүү бүтцийн хүрээнд зарим нэг ойлголтыг тодруулбал:

Хураангуй    

Абстракт буюу тухайн судалгааны ажлын хураангуй нь товч тодорхой байснаар уншигчдад ерөнхий мэдээллийг өгч улмаар цаашид сонирхон унших сэдлийг төрүүлдэг. Түлхүүр үгийн тухайд бол салбарын онцлогоос хамаарч тодорхой нэр томьёо хэрэглэх шаардлагатай байх ба тэдгээрийг уншигчдад товч тайлбарлах нь зүйтэй юм. 

Танилцуулга

Танилцуулга хэсгийг бичихэд дараах 6-н дарааллыг анхаарч бичвэл илүү үр дүнтэй. 

1.    Тухайн судалгааны ажлын сэдэв болон түүний агуулгыг тодорхойлон бичнэ. 
2.    Сэдвээ танилцуулсны дараа тус сэдвийн академик болон практик ач холбогдлыг тайлбарлана. 
3.    Тухайн сэдвийн хүрээнд өмнө нь бичигдсэн чухал бүтээлүүдийн талаар тоймлон өгүүлнэ. Ингэхдээ эшлэл зүүлтийг зөв, оновчтой хийж өгөх хэрэгтэй. 
4.    Сэдэвтэй холбоотой чухал бүтээлүүдэд дурдаагүй орхигдсон эсвэл тухайн ойлголтыг өөр өнцгөөс анхаарч бичсэнийг судлаач өөрийн судалгааны ажлаар хэрхэн илрүүлж, судалсан талаар бичнэ.
5.    Эцэст нь тухайн өгүүллийн үлдсэн хэсгийн бүтцийн талаарх мэдээллийг бичнэ.

Энэхүү дарааллаар танилцуулга хэсгийг бичсэнээр тухайн өгүүллийн зорилго, хамрах хүрээ уншигчид ойлгомжтой болно. 

Холбогдох бүтээлүүдийн тойм

Дараагийн авч үзэх асуудал нь тухайн судалгааны ажлын хүрээнд өмнө нь хэвлэгдсэн холбогдох бүтээлүүдийн талаар тоймлон өгүүлэх хэсэг (Literature review) юм.Судалгааны ажлын танилцуулга болон эрдэм шинжилгээний өгүүлэл нь уг судлагдахууны хүрээнд хийгдсэн бүтээлүүдтэй танилцаж, тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй байхыг судлаачаас шаарддаг.

Тийм ч учраас эрдэм шинжилгээний өгүүлэлд өөрийн судалсан бүтээлүүдийн талаар тоймлон харуулсан хэсгийг заавал оруулах хэрэгтэй. Нөгөө талаас энэ хэсэг нь тухайн өгүүллийн онолын үндсэн хэсэг болж өгөх учиртай. Гэвч судлаач нь энэ хэсэгт оруулах өгүүлэл, бүтээлийг сонгохын тулд тэдгээр бүтээлүүд нь судлаачийн бичиж буй өгүүлэлтэй хэрхэн уялдаж байгааг бодолцож, түүнд оновчтой анализ хийснээр онолын хэсэгт багтах бүтээлүүдийг тодруулна. 

Эрдэм шинжилгээний өгүүлэлд байх ёстой бас нэг чухал хэсэг бол “discussion” буюу цаашид тус сэдвийн хүрээнд зайлшгүй судлах шаардлагатай асуудлуудыг бусад судлаачдад санал болгох үүднээс хөндөж бичдэг хэсэг юм. Энэ нь нэг талаас бусад судлаачдыг эл асуудлаар цаашид судалгаа хийхэд уриалах, нөгөө талаас тухайн сэдвийн ач холбогдлыг өргөн хүрээнд харуулж өгч байгаа хэсэг юм. Тиймээс өгүүлэлдээ энэ хэсгийг заавал багтаах хэрэгтэй юм. 

 

Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх мэргэжлийн сэтгүүлийг сонгох асуудалд 

Судлаач нь эрдэм шинжилгээний өгүүллээ ямар сэтгүүлд нийтлүүлэх талаар судалгаа хийх шаардлагатай. Учир нь технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй өнөө үед олон тооны электрон сэтгүүлүүд бий болсон. Тэдгээрийн нэр хүнд, хамрах хүрээ ялгаатай байх тул сэтгүүл сонголтыг зөв хийх хэрэгтэй. Судлаач нь өөрийн салбарын нэр хүнд бүхий сэтгүүлийн талаар хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай. Тиймээс олон улсад нэр хүнд бүхий сэтгүүлүүдийн талаар авч үзье.  

2012 оны байдлаар SJR - с гаргасан олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдийн эрэмбийг харвал: 

Хүмүүнлэгийн салбар (хэлшинжлэл)–ийн эхний 10-т багтсан сэтгүүлүүд: 

Эрэмбэ

Сэтгүүлийн нэр

Улс

1

Cognition 

Нидерланд

2

Journal of Memory and Language

 

АНУ

3

Research on Language and Social Interaction

 

Их Британи

4

Linguistic Inquiry

 

АНУ

5

Brain and Language

 

АНУ

6

Phonetica

 

Швейцарь

7

Journal of Linguistic Anthropology

 

АНУ

8

Mind and Language

 

Их Британи

9

Journal of Phonetic

 

АНУ

10

Journal of Sociolinguistics

 

Их Британи

Нийгмийн шинжлэх ухааны салбарт (Боловсрол судлал)

Эрэмбэ

Сэтгүүлийн нэр

Улс

1

Review of Educational Research

АНУ

2

American Educational Research Journal

Их Британи

3

Journal off Research in Science Teaching

АНУ

4

Learning and Instruction

Нидерланд

5

Reading Research Quarterly

АНУ

6

Computers and Education

Их Британи

7

Science Education

АНУ

8

Educational Researcher

АНУ

9

Contemporary Educational Psychology

АНУ

Дээрх эрэмбэ нь олон улсад нэр хүнд бүхий Elsevier өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан жил бүр гаргадаг бөгөөд олон улсын шинжтэй сэтгүүлүүдийг эрэмбэлдэг. Энд зөвхөн хоёр салбарын эхний 10-т багтсан сэтгүүлүүдийг харууллаа. Эдгээр сэтгүүлүүд нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тул өгүүлэл нийтлүүлэх нь амар биш байх нь ойлгомжтой ч тэдгээрийн өгүүлэлд тавих шаардлага зэргээс анхаарч сурах зүйлс олон бий.

Ерөнхийдөө сэтгүүлүүд өөрсдийн баримталдаг бодлого, зорилго зэргээс хамаарч өгүүлэл хүлээн авах асуудалд нухацтай ханддаг. Нөгөө талаас сэтгүүлүүд нь судлаачийн бүтээлийг агуулгын хувьд өмнөх дугааруудад гарсантай ойролцоо байна гэж үзэх эсвэл дэвшүүлж буй санааг шинэлэг биш гэж үзсэн тохиолдолд хэвлэхээс татгалзах нь бий. Тиймээс судлаачид мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зорилгын хүрээнд тухайн сэтгүүлийн талаар мэдээлэл сайтай байх шаардлагатай. 

Дүгнэлт

Энэхүү өгүүллээр академик соёлын хүрээнд яригдах ёстой судлаачийн ёс зүй, үүрэг хариуцлагын талаар авч үзлээ. Эл сэдэв өргөн хүрээг хамрах боловч нэн тэргүүнд анхаарч үзэх асуудлуудыг тоймлон хүргэсэн нь уншигч, судлаачдыг энэхүү асуудлыг цаашид хэлэлцэж, шат шатандаа академик соёлыг бүрдүүлж ажиллах ёстой гэдгийг сануулах зорилгыг агуулсан болно.

Ном зүй

Cargill, M. & O’Connor, P. (2009).Writing scientific research articles: Strategy and Steps.
Oxford UK: Blackwell Publishing.  
Day, R. (1995). How to write and publish a scientific paper. Cambridge: Cambridge University
Press.
Kotze, T. (2007).Guidelines on writing a first quantitative academic article.Mimeo, University
ofPretorio.
www.nwmissouri.edu/library/CITING/MLAAUTH.
www.scimagojr.com/journalrank
www.sydney.edu.au

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи хэл, соёлын тэнхимийн багш, доктор Н.Оюунцэцэг