Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Халимагийн самурай

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Юситеро Накагава бол улаан армид олзлогдон Сахалинд хоригдож байгаад ЗХУ-д үлдэхээр шийдсэн япон цэрэг, камиказе. Японд бол үхсэнд тооцогдсон, хөршүүд нь Саша ах гэдэг 96 настай хөгшнийг Российская Газета сониныхон олж уулзжээ.

Халимагийн уудам талын захад орших Южное сууринд энэ 96 настай хөгшний жинхэнэ нэрийг цөөхөн хүн мэддэг бол Саша ах хэмээх нэрээрээ дуудуулж дасчээ. Үнэндээ Саша ахын жинхэнэ нэр Юситеро Накагава.

Бид түүний цэвэрхэн тохижуулсан цэцэрлэгт нь уулзсан юм.

Хэдий өндөр насалсан ч тэр ихэнх цагаа ногооны талбайд өнгөрөөдөг бөгөөд тармуур гарамгай эзэмшсэн нь харагдана. Ажлын хүрэм, хуучирсан малгай, усны гутал…Гэхдээ л тэр ажилсаг Япон фермэр шиг харагдаж байв.

 

Зүгээр л Саша

Солонгос гаралтай орчуулагч Япон олзны цэргүүдийн нэрийг хольж сольсноор түүний нэр Садао болж сүүлдээ Саша гэгдэх болжээ.

Хэдий хүнд хүчир байсан ч Юситеро гуай мод бэлтгэж, зам тавьж байсан шоронгийн амьдралаа сайнаар дурсдаг.

“Шоронгийнхон бидэнтэй хүндэтгэлтэй харьцдаг байсан” гэж тэр инээмсэглэн хэлэв. “Тэр байтугай надад Орос хэл зааж өгсөн гээч”.

Юситеро Япон руугаа буцахыг хүсээгүй. Тэр харакири хийлгүй амьд үлдсэнийхээ төлөө хэцүү хувь тавилан туулна гэж айж байлаа. Хувь заяа нь ч түүний шийдвэрийг дэмжив. 1949 онд Япон цэргүүд суллагдахад түүний хуучин шарх сэдэрчээ.

“Би тэгэхэд бараг л үхээд боссон, маш хүнд өвдөж билээ” хэмээн Юситеро гуай дурсаж байна.

Зөвлөлтийн эмч түүнийг хүүхэд мэт асран эмчилж байсны хүчинд аврагдсан гэнэ. Тэр аварсан эмчдээ дурлаж байж. Амьдрал хайрласных нь төлөө тэр өөртөө байгаа цорын ганц үнэт зүйл болох алтан араа шүдээ эмчдээ бэлэглэжээ. ЗХУ-д үлдэхэд нь эргэлзэх зүйл байсангүй. Японы армийн албан хаагч байсан хүн ийнхүү дайтаж байсан улсынхаа иргэн болов.

Асар том газар нутагтай шинэ эх орон нь түүний аялах шунал хүслийг төрүүлжээ. Юситеро гуай “Би их аялсан, их ч ажил хийсэн. Алс дорнод, Сибирь, Узбекистан, Дагестан, Ставрополийн хязгаар хүрч байлаа” гээд хуруу даран тоолсон ч сүүлдээ алдаж орхив.

Бүр түүнийг аварсан эмч бүсгүй ч Юситерогийн аялах хүслийг хорьж дийлээгүй байна. Тиймээс тэд салжээ. Тэр дараа нь дахин нэг эмэгтэйтэй учирч гэрлэсэн гэнэ. Хүү, охин хоёртой ч болов. Гэсэн ч шинэ гэр бүл нь түүний тэнүүчлэх замын аяыг мөн л даасангүй. Хэдэн жил аялсны эцэст Юситеро Халимагт суурьшжээ.

“Би трактор, бульдозер аль алиныг нь сайн барьдаг байсан тул надад Чограйскийн далан байгуулахад ажил олдсон юм” гээд цааш “би загасчлах дуртай тул хамгийн чухал нь загасчлахад тохиромжтой газар байсан юм” гэлээ.

Үнэхээр Саша хамгийн сайн загасчинд тооцогдох болж түүгээр загас барих эрдэм заалгахыг нутгийнхан хүсэх болжээ.

Далан босгох ажил дууссаны дараа Юситеро дахин гэрлэж даланг арчлах байнгийн ажилд оржээ.

Нэг жилийн дараа тэр даланд эвдрэл гарч ойр орчмын тосгодыг живүүлэх аюулаас сэргийлж гавьяа байгуулж байв. Бас нэг удаа хэсэг согтуу эрчүүд далан руу нэвтрэхийг оролджээ. Тэгэхэд 67 хүрсэн байсан Саша ах урилгагүй зочдыг зогсоохыг оролдсон гэнэ. Хариуд нь нударганы амт үзжээ. Гэвч тэд хэнтэй ярьж байгаагүй мэдсэнгүй. Хөгшин самурай хүчтэй хэвээрээ байлаа.

“Би тэдний нэгийг цохиж унагаад нөгөөг нь үүрч тонгортол тэд зугтаасан” хэмээн Юситеро гуай дурсав. “Үүнд гайхаад байх юмгүй. Японд хөвгүүд тавдугаар ангиасаа тулааны урлагаар хичээллэдэг юм. Хэрвээ амьдралын турш хаяхгүй хичээллээд байвал улам сайжирна” гэлээ.

Бид түүнээс хэрхэн ингэж урт насалж байгаа нууцыг нь асуув. Бүр самурайн ямар нэг дасгал сургуулилт байдаг эсэхийг нь ч асуулаа. Гэтэл тэр “тиймээ” гээд ногооны тайлбайдаа хийдэг ажлуудаа дурдан эдгээрийг нууц дасгал хэмээн хошигнов. Харин дараа нь тэр төв царай гарган “Хүнд ямар нэг хийх дуртай ажил байх ёстой. Тэр л биднийг амьд байлгадаг. Хийх юмгүй болсон хүн эрт үхнэ. Амьдрах зорилгогүй болно шүү дээ” гэсэн юм.

 

Булшин дээрээ очсон нь

Нэгэнт нас өндөр болсон хойноо Юситеро гуай Японд очиж үзэхээр шийджээ. Үхсэнд тооцогдож байсан самурай эргэж ирсэн нь асуудал үүсгэв. Оросоос ирсэн Саша ахыг Юситеро Накагава мөн гэдгийг батлах арга япончуудад зөвхөн ДНХ шинжилгээ хийх байлаа. “Би хамаатнуудтайгаа, бас албаны хүмүүстэй уулзсан, Япон сайдтай сакэ уулаа, бүр өөрийн булшин дээр хүртэл очсон” гэж тэр ярив. Саша ах ярианыхаа төгсгөлд “Япон одоо бол харь орон шиг болсон байна. Миний ой санаанд байгаагаас юу ч үлдсэнгүй. Одоо бол салж одсон хүү, охин хоёртойгоо үхэхээсээ өмнө уулзахыг л илүү хүсэж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headline