Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойд зориулж Шинзо Абэ мэдэгдэл хийлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Японы ерөнхий сайд Шинзо Абэ Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойд зориулан мэдэгдэл хийлээ.

Энэхүү мэдэгдлийг хөрш орнууд нь анхааралтай ажиглаж, өмнөх ерөнхий сайд нарын адил дайны үеийн гэмт үйлдэлдээ уучлал гуйх эсэхийг хүлээж байгаа юм. 1995 онд уучлал гуйсан мэдэгдэл хийж байсан ерөнхий сайд асан Томичи Мураяма Абэг мөн ийм мэдэгдэл хийхийг уриалаад байгаа.

Өчигдрийн мэдэгдэл Англи, Япон хэл дээр зэрэг гарсан ба Солонгос, Хятад хэл рүү удахгүй хөрвүүлэгдэх гэнэ.

Мэдэгдлийн агуулгаас харвал дайнд өртсөн орнуудаас Абэ ямар нэг уучлал гуйсангүй.

Мэдэгдлийн эхэн хэсэгт Абэ дайн хийх болсон түүхэн шалтгааныг тайлбарлав.

Түүний хэлснээр Япон улс 19 дүгээр зуунд Азийг нөмрөн ирсэн Өрнөдийн колончлолыг өөрийгөө өөрчлөн шинэчлэх замаар амжилттай давж, тусгаар тогтнолоо авч үлдсэн гэлээ. Үүний дараа Дэлхийн нэгдүгээр дайнаас үүдэлтэй гүнзгий хямрал болоход Өрнөдийн гүрнүүдийн явуулсан эдийн засгийн бодлого Япон орныг ганцаардуулж уналт руу түлхсэн гэв.

Харин Япон энэ мухардлаас гарахын тулд дэлхийд шинэ дэг журам тогтоохоор дайн өдөөсөн. Энэ нь том алдаа байсан гэжээ.

Мэдэгдлийн хоёр дахь хэсэгт Япон дайнд ялагдсаны дараа учирсан хор хохирлын тухай дурдсан байна.

Ингэхдээ эхлээд Абэ дайнд хэлмэгдсэн эх орон нэгтэн болон гадаад орнуудын иргэдийн дурсгалыг хүндэтгэн толгой мэхийн ёсолжээ.

Абэ дайнд үрэгдсэн гурван сая япон хүн, үүнд эх орныхоо хөгжлийн төлөө, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө тулааны талбарт үрэгдсэн дайчид, Хирошима, Нагасакид атомын бөмбөгөнд үрэгдсэн, Токио болон бусад хотуудад хийсэн агаарын цохилтонд өртсөн, Окинавагийн газрын тулаанд хэлмэгдсэн энгийн номхон иргэдэд гүн эмгэнэл илэрхийллээ.

Мөн дайнд Японы эсрэг тэмцэж амиа алдсан Хятад, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн зэрэг Азийн улс орнуудын иргэд, хэлмэгдсэн жирийн хүмүүс, нэр хүнд, хүний эрхээ ноцтой сэвтүүлсэн эмэгтэйчүүдийг үүнд хамруулсан байна.

Абэ энэ хэсэгт Япон улс дахин ийм дайн гаргахгүй гэдгээ амлажээ.

Гурав дахь хэсэгт Абэ дайны дараах Япон орны гүйцэтгэсэн үүргийг онцлов.

Дайн өдөөсөн гэмээ цайруулж Япон улс хэрхэн үлгэр жишээ ардчилсан, чөлөөт, хуулийг дээдэлсэн, дайн хүчирхийллээс тууштай татгалзсан орон болсныг энд дурджээ. Мөн дайнд өртсөн Индонез, Филиппин, Тайвань, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орнуудад учруулсан хохирлыг гүнээ ойлгож бүс нутагтаа энхийг тогтоон, хөгжил цэцэглэлтэнд нь хувь нэмрээ оруулахын төлөө явж ирснээ онцоллоо.

Ингэхдээ Абэ өмнөх засгийн газруудын баримталж байсан бодлогыг өвлөн авч, цааш тууштай үргэлжлүүлнэ гэв.

Мэдэгдлийн дөрөв дэхь хэсэгт дайны хор уршгийг хэрхэн үзэх үзлийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Япон хэчнээн хичээл зүтгэл гаргаад ч хүмүүсийн сэтгэлд үлдсэн шархыг эдгээж чадахгүй гэдгийг тэр эхэнд нь дурдав.

Мөн энэ талаар дурсахдаа асуудлыг олон талаас нь харахыг уриаллаа. Тухайлбал дайнаас эргэж ирсэн зургаан сая япон хүн дайны дараах Япон орныг сэргээн босгосон, гурван мянга орчим япон хүүхэд Хятадад үлдэж өсч хүмүүжсэн, АНУ, Англи, Нидерланд, Австрали зэрэг орнуудын дайны үеэр Японд олзлогдож байсан хүмүүс одоо болтол Японд айлчлан ирж аль аль талын үрэгдсэн хүмүүсийн хойноос залбирдаг зэрэг баримтуудыг дурджээ.

Абэ энэ хэсэгт Хятад хүмүүсийн зүрх сэтгэлд хэр их уй гашуу хадгалагдаж байдаг, түүнийг хэр их хичээл зүтгэлээр илааршуулах ёстой вэ гэдэгт хариулах боломжгүй гэлээ.

Төгсгөл хэсэгт тэр Японы үүрэг амлалт, цаашдын хөгжлийн талаар дурджээ.

Эхэнд нь Абэ Японыг дайны дараа зөв замаар хөгжихөд нь ойлгож, тусалж дэмжсэн бүх улс үндэстнүүдэд талархлаа илэрхийлэв.

Хэдийгээр дайны дараах үеийнхэн хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг болсон ч дайны сургамжийг хойч үедээ тасралтгүй ойлгуулан уламжилна гэлээ.

Япон улс дахин дайн, хүчирхийллийн замаар асуудлыг шийдэхгүй, дипломатч, энх тайванч бодлогыг хатуу сахина гэдгээ амлав.

Мөн дэлхийн бусад улсуудыг ч ингэхийг уриалах гэнэ. Атомын бөмбөгийн хохирол амссан цорын ганц улсынхаа хувьд цөмийн зэвсгийг хязгаарлахын төлөө тэмцэнэ.

Дайны үед эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байсныхаа төлөө Япон улс 21 дүгээр зуунд эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх талаар тэргүүн эгнээнд явах болно гэж амлалаа.

Мэдэгдлийн төгсгөлд дайн дууссаны 80, 90 жилийн ойгоор Япон орон энэ зам дээр байгаагаа дахин дахин батлан харуулах болно гэжээ.

 

Эх сурвалж: Wall Street Journal