Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх бол бэлтгэлээ хангаарай

Б.Өнөртогтох
2015 оны 8 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ гишүүн Р.Бурмаа нар мэдээлэл хийлээ. Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гурван жил хэлэлцэгдэж байж энэ оны долдугаар сард УИХ-аар батлагдсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр бид ажиллаж байна” гэв.

Түүнчлэн, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан энэ сарын сүүлээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр олон зүйл илүү тодорхой болно хэмээсэн юм. Харин Ц.Оюунгэрэл гишүүн хэдийгээр энэ хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч иргэд маш дутмаг мэдээлэлтэй байгаа. Тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж байхад Засаг дарга нар орон нутагтаа энэ хуулийг хэрэгжүүлмээр байна мэдээлэл өгөөч гэж асуудаг хэмээн онцолсон юм. Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.

Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална”хэмээн дэлгэрэнгүй тайлбарлалаа. Хүүхэд харах үйлчилгээг явуулахад санхүүгийн дэмжлэгийг Засгийн газраас өгөх ч ихэнхийг эцэг эхчүүд өгөх аж. ХАХНХ-ын яам эцэг эхээс авах дэмжлэгийг батлах бөгөөд илүү гарсан мөнгийг улсаас өгөх юм байна. Улс жил бүр хүүхэд харах үйлчилгээнд хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ шийдэх бөгөөд энэ мөнгийг аймаг, сум, багт хуваарилна гэв.

Өөрөөр хэлбэл, байрны стандарт батлах Засгийн газрын шийдвэр, нэг хүүхдэд оногдох мөнгөн дүнг боловсруулах ХАХНХ-ын яамны шийдвэр, хүүхэд харах үйлчилгээний жишиг хөтөлбөр зэргийг гаргасны дараа хууль бүрэн утгаар хэрэгжих юм. Мөн төсвийг батлуулахад эмэгтэй гишүүд нэг дуугаар хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон болохыг С.Одонтуяа гишүүн онцолж байсан бол З.Баянсэлэнгэ гишүүн хэлэхдээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж дараа одоо байгаа цэцэрлэгийн гаднах талбайн хэмжээг зөв зохистой ашиглах горим уруу шилжих хэрэгтэй гэв.


Мэдээллийн дараа эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Энэ намар асуудал хүнд байна. Асуудлыг хэрхэх шийдэх вэ?

Л.Эрдэнэчимэг: Намар хүүхдийн цэцэрлэгийн асуудал хурцадмал чигээрээ л байх болов уу. Өнгөрсөн жилүүдэд ч байсаар байсан. Хуулийг батлуулахын тулд гурван жил ажилласан. Хуулиа ч батлуулж чадлаа. Маш хурдан хэрэгжүүлэхийн төлөө гишүүд ажиллаж байна. Ямар ч байсан 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс олон эцэг эх цэцэрлэгийн гадаа хонохгүйгээр асуудлаа шийдэж чадна. Хүүхэд нь эзэнтэй болж чадна.

С.Одонтуяа: Намар бол байдал хүндрэхээр байна. Өнгөрсөн гурван жилийн улсын төсвийг харахад сургууль цэцэрлэг, сургууль, цэцэрлэг гэсэн байдлаар явсан. Жил бүрийн төсөвт орсон атлаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа нь анхаарал татаж байгаа.

Тиймээс бид судалгаа авч үзсэн. Гэтэл 2020 он гэхэд 1,700 цэцэрлэгийн хэрэгцээ бидэнд хэрэгтэй гэсэн тоо гарсан. Асуудал улам л хүндрэхээр байна. Албан байгууллагууд хүүхдийн цэцэрлэг нээгээч ээ гэсэн уриалга бид гаргаж байгаа. Ажилчдынхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байвал улсаас дэмжлэг үзүүлээд явж болно.

-Мөнгөний дээд хязгаарын талаар мэдээлэл өгөөч?

Ц.Оюунгэрэл: Дээд хязгаар хэд байх вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй. 24-нд барагцаа тооцоо гарах болов уу. 100 мянган төгрөгт багтсан байх ёстой гэж үзэж байгаа.

Л.Эрдэнэчимэг: Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, эсвэл амьдралын боломж тааруу иргэд 100 мянгаас дээш хүүхдийн цэцэрлэгийн мөнгө төлж чадахгүй ээ. 100-аас дээш төлбөр төлдөг хүмүүс хувийн цэцэрлэгт хүүхдээ өгчихдөг. Манай дүүрэгт гэхэд л 150 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэг байгаа. Энэ мөнгийг төлж чадахгүй иргэд л гудамжинд хүүхдээ өсгөж байгаа.

Хэдийгээр СӨБ-ыг улс төлбөргүй өгөх ёстой ч хоолны мөнгө ороогүй. Тиймээс эцэг эхчүүд маань үүнийг сайн ойлгоод хүүхэд харах үйлчилгээнд идэвхтэй хамрагдаж хүүхдээ болзошгүй аюулаас сэргийлээрэй гэж хүсэх байна. Тэгээд 2016 оны нэгдүгээр сараас сургалтандаа хамрагдаад ажлаа эхлүүлэх боломжтой. Тэрний өмнө иргэд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ сайн хангаарай.

-Хоолны талаар ямар заалт орсон бэ?

Ц.Оюунгэрэл: Хүүхдийг хооллох тэжээллэгийн хэмжээ нь төрийн цэцэрлэгүүдтэй адил байна гэж заасан.

Хүүхдийг хооллох тэжээллэгийн хэмжээ нь төрийн цэцэрлэгүүдтэй адил байна гэж заасан.

Төрийн цэцэрлэгүүдийн стандартыг дагаж мөрдөнө. Энэ жил бүх дүүрэг, аймаг, сумд асуудал хүндрэхгүй. Зарим дүүрэг цэцэрлэгийн асуудлаа шийдсэн байгаа.

-Хуульд улсын цэцэрлэгтэй адил илчлэгтэй хоол иднэ ээ гээд оруулчихаж. Хяналтыг яаж тавих юм бэ. Улсын цэцэрлэгт ямар төрлийн өвчин яаж гардаг билээ гээд бодохоор арай л хөрсөнд буухгүй байна л даа?

Ц.Оюунгэрэл: Хүүхэд харах үйлчилгээ цэцэрлэгээс хамаагүй цөөхөн хүүхэд авна. Мөн олон давхар хяналттай. Мэргэжлийн байгууллагууд хянана. Хяналтыг хэзээ ч явуулж болно. Мөн хорооны Засаг дарга, ХАХНХ-ын яамны гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, байцаагч нар хяналт тавих боломжтой байгаа. Таван хүүхдээ өгч байгаа эцэг эх гэрээтэйгээр хяналт тавина. 10 эцэг эх нийлээд нэг багшийг 15 хүүхэдтэй хүүхэд харах газарт 30 эцэг эх гурван багшид хяналт тавина гэсэн үг. Цэцэрлэгээс ч олон хяналт тавигдана.

С.Одонтуяа: Хүүхэд харах үйлчилгээний хууль 100 хувь эцэг эхийн хяналтын асуудал. Гурван хүүхдээ хэнээр харуулах вэ гэдгээ эцэг эх өөрсдөө шийднэ. Эцэг эхийн сонголт учраас хариуцлага ч тэдэнд ноогдоно. Улс 100 хувь байхгүй л дээ.

-50 тэрбум төгрөгийг ирэх жил суулгаж чадах болов уу?

Л.Эрдэнэчимэг: Энэ талаар ажиллаж байна. ХАХНХ-ын яам дээр мөнгө суусан. Харин Сангийн яам хасалт хийж мэдэх учраас шинэ томилогдох сайдтай уулзаж энэ мөнгийг бүтнээр нь суулгах талаар эмэгтэй гишүүд хамтарч ажиллахаар болсон.

Зураг