Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилт ирэх оны нэг сараас эхэлнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана-

УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр мэдээлэл хийж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн одоогийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Уг хуулийн хэрэгжилт ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх юм.

 Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй

Тус хууль хэрэгжсэнээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд өдөрт харах хүнтэй болж, тэдний эцэг эх нь ажлаа хийх боломж бүрдэх ба олон мянган шинэ ажлын байр бий болох давуу талтай билээ. 

Хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн хөрөнгө. Иймд ХАХНХЯ-ны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөг шийдвэрлүүлэхээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ажиллаж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл мэдээлэл хийх үеэр, орон нутагт Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл дутмаг байна. Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална.

Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж, дараа нь одоо байгаа цэцэрлэгийн гаднах талбайн хэмжээг зөв зохистой ашиглах горим уруу шилжих хэрэгтэй гэв.  

Мөн ХАХНХЯ болон БСШУЯ-тай хамтран хүүхэд харах үйлчилгээний ажилтныг сургах хөтөлбөр, зөвшөөрөл олгох журам зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа гэж мэдээллээ.

ХҮҮХДИЙГ ХЭН ХАРАХ ВЭ?

БСШУЯ-ны тусгай сургалтад хамрагдсан нэг багш таван хүүхдийг гэрээр болон тусгайлсан байранд өдрийн цагаар харна. Харин багшийн цалин, хүүхдийн хоолны мөнгө зэрэг урсгал зардлыг улсаас олгох аж.

Дашрамд дурдахад, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд байгаагаас 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. Ялангуяа Нийслэлийн захын дүүргүүдийн гэр хороололд энэ асуудал хурцаар тавигдаж байна.