Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.В.ВЕРНАДСКИЙ: Монголчуудын цэрэг арми ба морьд

МОНСУДАР
2015 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

XIII зууны Монголын арми гэдэг дайн байлдааны аюумшигт хэрэгсэл байлаа. Түүхэн энэ үеийн дэлхий дахины цэргийн хамгийн шилдэг байгууллага байсан энэ арми гол төлөв морьт цэрэг, түүний дагалт болсон байлдааны оньсон багаж техникээс бүрдэж байв.

Тал нутгийн нүүдэлчдийн амьдрал ахуйн үндсэн шинж, тэдний цэрэг армийн үндэс суурь нь “Адууны аж ахуй” байсан юм. Скифүүд, алан нар, хүннүчүүдийн амьдралын хэв маягийг дүрслэн бичиж байсан эртний зохиогчид, тэрчлэн монголчуудтай харьцаж байсан дундад зууны аянчид нүүдэлчдийн нийгмийн дүр төрхийг үндсэндээ адилхан байдлаар тодорхойлсон байдаг. Нүүдэлчин болгон төрөлхийн морьтон байв. Хөвгүүд нь хар багаасаа л морь унаж сурдаг.

Идэр насанд хүрэхдээ гайхалтай сайн морьтон эр болно. Аланууд, хүннү нарын хувьд хамааралтай, үнэн зөв болгон монголчуудад шууд хамаарна. Түүнээс гадна, монголчууд арай илүү чийрэг, чадал тэнхээтэй хүмүүс байв. Тэдний нутаг орон дэндүү хол, арай илүү соёлт ард түмнүүдийн зөөлрүүлэгч нөлөөнд бага ордог байсантай, бас зарим талаараа Туркестан, Иран, Өмнөд Иран зэрэг газрыг бодвол илүү хатуу ширүүн уур амьсгалтай газар оронд амьдардаг байсантай нь энэ холбоотой юм. 

Энэ бүхнээс гадна, тал нутгийн монгол буюу түрэг хүн болгон төрөлхийн тагнуулч байжээ. Нүүдэлчин маягийн амьдрал ахуй нь тэднийг маш хурц соргог хараатай, ойр тойрны нөхцөл байдлын хамгийн нарийн ширийнийг хүртэл тогтоож авах ой ухаан нь дээд зэргээр хөгжсөн байв. Эрэнжин Харан - Даваагийн тэмдэглэсэнчлэн, манай өнөө үед хүртэл “Монгол, Киргиз хүмүүс өөрийн нь байгаа газраас тав, зургаан бээрийн зайд бутны ард нуугдах гэж оролдож байгаа хүнийг олж харж чаддаг, галын утаа, буцалж байгаа усны үнэрийг нэлээд холоос мэдэрдэг байна. Агаар маш тунгалаг, сийрэгхэн байдаг нар мандах цагаар тэд 25 бээрийн зайд байгаа хүн, амьтныг ялгаж чаддаг байсан юм”. Монголчууд жинхэнэ нүүдэлчний гярхай зангийн ачаар цаг агаарын болон улирлын нөхцөл байдал, усны нөөц, ургамлын бүтэц бүрэлдэхүүнийг гүнзгий мэддэг байлаа.

Монголчууд, наад зах нь XIII зуунд амьдарч байсан тэдгээр монголчууд гайхалтай тэсвэртэй байжээ. Тэд олон хоногийн турш өл залгах төдий идэж уун мориноос буулгүй давхиж чаддаг байв.

Монгол морь бол морьтон эрийн үнэлэх аргагүй хань нөхөр нь байлаа. Амьсгаа дарах төдий амралттайгаар асар хол зайг туулж чадахаас гадна замдаа тааралдсан хэдхэн багц өвс, ногоогоор хооллон амьдарч чадна. Монгол хүн ч морио гайхалтай сайхан арчилж маллана. Алсын аянд мордохдоо 3-4 сэлгээ морь зэхэж ээлжлэн унана. 

Монгол адуу нь эрт цагаас хятадуудын эдэлж ирсэн адууны үүлдэрт багтана. МЭӨ II зуунд хятадууд болон хүннү нар Иранчуудын ашигладаг байсан Төв Азийн адууны үүлдрийг мэдэх болжээ. Хятадууд адууг өндөр үнэлж, Төв Ази руу явсан элч нь хамгийн шилдэг нь агт нь “тэнгэрийн азрага” юм байна хэмээн эзэн хаандаа мэдээлж байв. Төв Азийн олон адууг Хятад руу, бас Монгол руу авчирч байсан бололтой.

XIII зууны үеийн монгол морьд, эрлийз адуу байжээ. Монголчууд адууныхаа үүлдэр угсаанд төдийгүй, өнгө зүсэнд ихэд анхаардаг байсан аж. Цагаан адууг атар онгон, ариун дагшинд тооцно. Эзэн хааны хишигтэн цэргийн мянгат, зуут бүр ижил зүсмийн морьд унадаг байсан бол баатрууд буюу шилдэг дайчид нь хилэн хар морь унадаг байв. Рязаний ванлигийн оршин суугчдад Бат хан “бүх зүйлийг” арван хувийг өгөхийг Оросын эсрэг аян дайны бүр эхэнд тушаасан нь үүнтэй ч бас холбоотой юм. Нийт адуун сүргийн 10 хувийг, тэгэхдээ зүс нийлүүлэн авчрах зарлиг буулгаж байжээ. Хар, шарга, хээр, буурал зүс дурдагдсан байдаг.

Эх сурвалж: Г.В.Вернадский “Монголын эзэнт гүрэн”

 

“МОНСУДАР”  хэвлэлийн газраас монголын түүхтэй холбоотой тэр дундаа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан цувралаар уншигчиддаа хүргэх бодлого баримталж байгаа билээ.

Тус цувралын дараагийн боть болох Евро Азийн үзлийг үндэслэгчдийн нэг Г.В.Вернадскийн “Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номонд Их монгол улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм.

Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.