Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Саранцацралт: Бусдад таалагдах гэж гоёдог хүмүүс эцэстээ өөрийгөө олохоо больдог

М.Уянга, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 16
Өдрийн шуудан
Төрийн шагналт зураач С. Саранцацралт

“Дэгжин” булангийн энэ удаагийн зочноор Төрийн шагналт зураач С. Саранцацралтыг урьсан юм.

-Таныг бусдад сайхан харагдуулдаг зүйл юу вэ?

-Эмэгтэй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг гэж хүмүүс их ярьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Энэ үг надад огт таалагддаггүй. Яагаад гэвэл би хэн нэгэнд сайхан харагдахын тулд өөрийгөө гоёж гооддоггүй. Өөрөө өөртөө л сайхан харагдаж байвал болох нь тэр. Үүнээс илүүг би хүсэхгүй. Хүний бие, сэтгэл эрүүл байгаа цагт бүгдэд сайхан харагддаг.

-Яагаад бусдад сайхан харагдахыг хүсдэгтүй гэж?

-Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчилж, гоёдог хүмүүс эцэстээ өөрөөрөө байж чадахаа больдог. Өөрөөрөө байж чадахгүй, өөрийгөө олж харахгүй байна гэдэг эмгэнэл. Тэр намайг юу гэж хэлэх бол түүнд би таалагдах болов уу гэж болгоомжилсоор байгаад сүүлдээ тийм байдалд хүрдэг. Ингэх шаардлагагүй. Учир нь хүн бүр дахин давтагдашгүй шүү дээ.

-Тэгвэл таныг бусдаас онцгой, сайхан харагдуулдаг нууц юу вэ?

-Нүүр будалт болов уу. Би хэнийг ч дуурайдаггүй, зөвхөн өөрийн нүүрний хэлбэр, нүд, хамар гээд бусад өгөгдөлдөө тохируулан будалт хийж чаддаг. Түүгээрээ л ялгардаг болов уу, бусдаас.

-Нөхөр тань таныг нүүрээ будаагүй байхыг амьдралдаа нэг ч удаа хараагүй гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Үнэн. Ер нь эмэгтэй хүн дандаа гоё байх хэрэгтэй. Бүтэн жил навсайж, арзайчихаад жилдээ ганц хоёр удаа баяр ёслолоор зохих, зохихгүй үнэтэй хувцас зүүсгэлээр гоёх нь зохистой зүйл биш. Хаана, хэний хажууд ч байнга өөртөө зохисон цэвэрхэн будалтаар нүүрээ будаж, таарч тохирсон хувцсаар өөрийгөө гоёх нь зүйтэй шүү дээ. Дахин хэлэхэд, үүнийг хэн нэгэнд сайхан харагдахын төлөө хийх хэрэггүй. Хамгийн түрүүнд хүн өөртөө таалагдаж байж, дараа нь бусдад таалагдах нь зүйн хэрэг биз дээ.

-Та зөвхөн өөртөө таалагдвал болно гэж боддог болохоор имижмейкерийн хэрэг байдаггүй байх нь ээ?

-Тийм зүйл огт хэрэггүй. Яагаад гэвэл намайг надаас илүү мэдэх хүн үгүй учраас өөртөө л зөвлөхөд болчихдог. Имижмейкертэй хүмүүсийг би гайхдаг. Өөрөө өөрийгөө мэддэггүй хүмүүс л тийм зүйлтэй байдаг байх. Яалт ч үгүй улс орноо төлөөлсөн ямар нэгэн арга хэмжээнд оролцох хүн юм уу, төрийн томчуудад байх ёстой байх. Түүнээс бусад хүнд тийм зүйл нь илүүц гэж боддог.

-Танд хумсны будаг, үнэртэй ус эсвэл өөр ямар нэгэн гоёлын хувцасны аль нь олон байдаг бол?

-Би ер нь ямар нэгэн зүйл цуглуулах дургүй. Төвөгтэй санагддаг юм. Хэрэгтэй үед нь таалагдсанаа худалдан авч хэрэглэчихээд явж байх нь өөрт амар байдаг юм. Түүнээс биш брэнд гэж чамирхан элдэв төрлийн үнэтэй зүйлс цуглуулах дургүй. Ямар ч үед өөртөө таалагдах зүйлээр өөрийгөө гоёчихоод өөрөөрөө байгаа хүн л хамгийн сайхан харагддаг.

Зураг