Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн түүхэн дэх хамгийн алдартай ДӨРВӨН “СҮҮЛЧИЙНХ”

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 6 сарын 4
iKon.MN

Сүүлчийн Нинжа

 

Түүхэнд Японы нэгтгэсэн гурван хүний нэг гэгддэг Ода Нобунага 1581 онд Ига болон Кога мужуудад орших Нинжа нарын ноёдыг буулгаж авахаар шийджээ.

Түүнийг Кога эсэргүүцэхийг хүсээгүй бууж өгсөн бол Ига түүхэнд “Ига но Рун” буюу Игагийн бослого нэртэй тэмцлийг явуулав. Үүний дүнд нинжа нарын бие даасан байдал устаж тэдний мөхлийн эхлэл тавигдсан гэдэг.

Хэдийгээр Игагийн дараа Кога нинжа нар үргэлжлэн 40 жил тулалдсан ч эцэстээ нинжа нарын хүч чадал, үзэл суртал дахин сэргэшгүйгээр мөхжээ.

Үүний дараах хэдэн зууны туршид нинжагийн мастерууд өвөг дээдсээсээ уламжилж ирсэн арга техникүүдээ үр хойчдоо дамжуулсаар байсан ч дахин хэзээ ч дайн тулаанд ашиглагдаж чадаагүй юм.

 

Сүүлчийн Мугал

 

Мугалын Эзэнт гүрэн Их Акбарын үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрч, түүнээс хойш хэдэн зууны турш аажмаар доройтсоор байв. Сүүлчийн эзэн хааны үед түүний газар нутаг хумигдсаар бүр өөрийнх нь ордны хана хэрэмд тулаад байжээ.

1857-58 оны Энэтхэгийн Их бослогын үеэр болон дараа нь хаан Бахадур Шах II, түүний гэр бүлийнхэнтэй Британичуудын харьцаж байсан харьцаа аймшигтай байлаа.

Түүхэнд ямар ч сурвалжит язгууртны гэр бүлийнхнийг бөөнөөр цаазлах нь ёс бус явдалд тооцогддог байсан, тэр тусмаа тийм эртний, өндөр дээд язгуур угсаатнуудтай Британичуудын харьцсан байдал нь сэтгэл хирдхийлгэм байв. Түүний гэр бүлийн бараг бүх эрчүүдийг цаазалж, 82 настай хаан цөллөгөнд байхдаа нас баржээ.

Үнэндээ Мугалын эзэн хаад аугаа их Чингис хаан, Доголон Төмөрийн хоёулангийнх нь шууд удам байсан юм.

 

Сүүлчийн Самурай

 

Гэхдээ энэ бол Том Круйз биш. Японы түүхэн дэхь жинхэнэ сүүлчийн самурай бол Сайго Такамори байв. Тэр Японы алс өмнөд хэсгээс гаралтай ядуу самурайн хүү байсан юм.

Тэр эхэндээ Мэйжигийн шинэчлэлтийг дэмжиж, эзэн хаанд хэдэн жил алба хаасан боловч сүүлдээ Японы нийгэмд хийж байгаа эрс өөрчлөлтүүдийг хараад дургүйцэх сэтгэл төрж эхэлжээ.

Такамори чимээгүйхэн албанаасаа чөлөөлөгдөв. Ингээд сүүлчийн самурай маань өөрийн төрөлх нутагт төвлөрсөн Сацумагийн бослогыг эхлүүлжээ.

Гэвч тэр хангалттай олны дэмжлэгийг авч чадаагүй улмаас ялагдал хүлээв.

Мугалын сүүлчийн эзэн хаанаас ялгаатай нь Сайго Такамори гартаа илд барьсан чигтээ тулааны талбарт амь үрэгдсэн юм.

Түүнд ингэж дуусахаас өөр зам үлдээгүй байлаа.

 

Сүүлчийн эзэн хаан

 

Хятадын хаан ширээнд балчир насандаа суусан Пу И-д улс орныг удирдах боломж олдоогүй юм. Энэтхэг дэх Мугалын эзэнт гүрний нэгэн адил Чин гүрнийг “харийн” хүмүүс байгуулжээ. Мугалыг Төв Азиас ирсэн байлдан дагуулагчид байгуулсан бол Чин гүрнийг Манжуураас ирсэн Манж үндэстнүүд байгуулсан гэдэг. Барууны империализмд дарлуулсан Чин гүрэн нуран унахад Пу И зургаахан настай байв.

Сүүлд тэр Япончуудын тусламжтайгаар Дэлхийн хоёрдугаар дайны үед их гүрнээ сэргээхийг оролдсон ч бүтээгүй юм.

 

Эх сурвалж: asianhistory.about.com