Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн баярыг бэлэг төдийхнөөр битгий хэмжээсэй

Ц.Баттуяа
2015 оны 5 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Бага байхад зургаадугаар сарын нэгний өдрийг хоног тоолон хүлээдэгсэн. Энэ өдөр ямар нэгэн сайхан зүйл болно гэдгийг урьдчилан тааж чаддаг байлаа. Үнэхээр ч ямар нэгэн сайхан зүйл заавал болдог байлаа. Харин өнөө цагт баяр гэхээр л бэлэг гэсэн үг хамгийн түрүүнд санаанд буудаг болчихож...

Энэ жилийн хувд “Элдэв амттан гэж хүүхдэд битгий хор авч өгөөрэй. Хамгийн гол нь оюунлаг бэлэг шүү” гээд л ухаантнууд сургаалиа айлдаад эхэлчихжээ. Бэлэг өгмөөр байгаа бол оюунлагийг нь сонгох нь ч буруу биш л дээ. Гэвч баяр гэдэг бэлэг өгөхийн нэр биш шүү дээ. Бэлэг гэдэг бол материаллаг зүйл.

Энэ ч утгаараа хүүхдүүд маань Хүүхдийн баярыг бэлэг төдийхнөөр төсөөлдөг болчих вий гэх бяцхан эмзэглэл төрөх юм. Дээхэн үеийн хүүхдүүд баяр гээчийг домбон ёотон, бурмаар төсөөлдөг байсан бол ерээд оныхон орос чихэр, амтат зайрмагаар, харин өнөөгийн багачууд гар утас, компьютерээр “хэмждэг” болчихож.

Энэ маягаараа яваад байвал ажлын хөлсөөрөө дэлхийн улс орнуудын дунд сүүл мушгидаг манай орны эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ баярын бэлгэнд жилийн цалингаа өгөөд юу ч үгүй хоцорчихож мэдэхээр байна.

Үнэндээ хүүхдийг баярлуулах томчуудыг баярлуулахаас хамаагүй амархан. 

Гэхдээ бүгд л эд материалын бэлэг хайгаад гүйчихдэг юм биш л дээ. Зарим эцэг, эхчүүд хүүхдийн парк орох, тоглоомын газар очих, үзвэр үйлчилгээ үзэх зэргээр хүүхдүүдээ хөөрхөөн баярлуулчихдаг. Үнэндээ хүүхдийг баярлуулах томчуудыг баярлуулахаас хамаагүй амархан. Учир нь тэд томчууд шиг бэлэг сэлт голж, үзвэр үйлчилгээ шилж, ярваганаж ямбалдаггүй. Биднийг бага байхад хүний өгснийг л аваад баярладаг байлаа. Аав, ээжийн үзье гэснийг үзэж, идье гэснийг л идэж, өмс гэснийг л өмсөөд хөөрчихдөг байлаа. Гэтэл цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг юутай үнэн үг вэ. 

Өнөө цагийн хүүхдүүд бол авна гэснээ л авч, өмсөнө гэснээ өмсөж, иднэ гэснээ идэхээс нааш санаа нь амрахгүй. Хэрэв хүслээр нь болгохгүй бол баярлаж хөөрөхгүйгээр барахгүй зарим нь бүр “Амьдрал утгагүй байна” гээд гэдийгээд суучихна гээч. 
Хүүхэд гэр бүл, нийгэм, сургууль, цэцэрлэгээсээ л хүмүүжил олж авдаг. Тэгэхээр энэ бүхний буруутан нь хүүхэд биш эцэг, эх, эмээ, өвөө, эргэн тойронд нь буй бид юм шүү. 

Бид сүүлийн үед Хүүхдийн эрх гэж их ярьдаг болсон. Басхүү 0-3 нас хүртэлх хүүхдийг “хаан мэт өргөмжил” хэмээсэн өвөг дээдсийн сургаалиа дагаж мөрддөг хэмээн өөрсдийгөө өмгөөлдөг. Гэвч эрхийг нь хамгаална гэдэг эрхлүүлнэ гэсэн үг биш л болов уу.

Угтаа бол ухаан сууж эхлэх цагаас нь л хамгийн ихээр хайр энэрэл, хүндэтгэл, халамжийг үзүүлж байх ёстой гэдгийг бурханлаг өвөг дээдэс маань ийнхүү илэрхийлсэн байх нь. 

Хүүхдээ ер тоомсорлодоггүй, зөнд нь орхидог эцэг эхчүүд ч бий.

Тэгвэл 3-6 нас хүртэлх насны хүүхдийг “хатан мэт тойгло” гэдэг. Энэ нь бидний өвөг дээдсийн ухаанаар бол хүүхдийн эрүүл мэндэд анхаар гэсэн үг аж. Учир нь энэ насанд хүүхдийг хамгийн эрүүл өсгөх ёстой гэж үздэг. Тэр ч утгаараа эцэг эхчүүд хүүхдийг эрүүл байлгах, тайван байлгахын төлөө анхаарал тавьсаар иржээ. Гэхдээ бас л юунд ч хүргэхгүй, юу ч хийлгэхгүй, бөөцийлөөд бай гэсэн үг биш гэдгийг санаарай. 

Улмаар 6-12 нас хүртэлх насны хүүхдийг “харц мэт дагуул” гэдэг. Энэ бол хүүхдээ ажил хөдөлмөрт сурга, ингэхдээ дагуулж, өөрөөрөө үлгэрлэж сурга гэсэн үг. Харин 13-18 нас хүртэлх хүүхдэд “хань мэт зөвлө” гэнэ. Энэ насны хүүхдийн онцлог нь маш их эмзэг мэдрэмтгий байдаг. Өөрөөр хэлбэл амьдралын хаалгаар орох гэж хаалгаа хайгаад явж байгаа үе юм. Тиймээс тэдэнд сайн зөвлөх байж зөв хаалга руу хөтлөн чиглүүлэх нь зүйтэй. 

Харамсалтай нь нийгмийн хувьсал, орчин үеэ дагаад хүүхдүүдийн өсч төлөвших явц нь бидний өмнөх үеийн хүмүүсээс хурдан явагддаг болсон гэдгийг анзаарч тэдний онцлогт тохирсон арга барилыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна.

Тухайлбал, 0-3 нас хүртэл хүүхдийг хаан шиг байлга гэдэг. Гэхдээ энэ үгийг шууд тусган авч хэрэгжүүлбэл хариуцлагагүй, дур зоргоороо л хүнийг төлөвшүүлэх магадлалтай. 

Хүүхдээ ер тоомсорлодоггүй, зөнд нь орхидог эцэг эхчүүд ч бий. Өвс ногоо мэт "өөрөө" өссөн хүүхэд ямаршуу хүн болох нь тодорхой. Цэцгэнд усалгаа шаардагддагийн адилаар хүүхдэд байнга анхаарал, халамж хэрэгтэй.

Бид Хүүхдийн баяртай зэрэгцээд л гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх хөндөгдөж байгаа талаар чихэнд хоногштол ярьцгаадаг даа. Тэгвэл та яриад л байвал таны хүүхэд ярьдаг л болно. Харин та хийж хэрэгжүүлдэг бол таны хүүхэд хийж хэрэгжүүлдэг нэгэн болж өснө. Нэг үгээр хэлбэл, та юу үзүүлнэ, хүүхэд түүнийг л хийнэ. Хүчирхийллээс л хүчирхийлэл үүсдэг гэдгийг бид мэддэг, ярьдаг, бусдад сургамжилдаг.

Энэ бүхэн Хүүхдийн баярын бэлэгтэй хэрхэн холбогдож байгаа юм бэ гэж та гайхаж байж магад. Тэгвэл та хүүхдийнхээ баярыг хэрхэн тэмдэглэж өгдөг вэ? Таны хүүхэд хожим эцэг, эх болоод тэр л зарчмаар хүүхдийнхээ баярыг тэмдэглэнэ. Харамсалтай нь, амттан идэж, өнгөтнөөр гоёж, мөнгөөр туйлсан хүүхэд хожим юуг эргэн дурсах вэ? Амьдралын гал нь дурсамж гэдэг бус уу? Тиймээс бидний энэ өдөр хүүхдэдээ барих хамгийн том бэлэг бол амьдралынхаа туршид санан дурсах сайхан дурсамжийг бүтээж өгөх явдал юм. 

Амьдрал гэдэг хэзээ ч нэг өнгөөр дагнадаггүй, олон өнгөний уусал, нэгдэл билээ. Энэ ч утгаараа аз жаргалаар бялхах үедээ ч, гуниглан гутрах үедээ ч эргэн дурсаж, сэтгэлээ бүлээцүүлэх сайхан дурсамжтай байна гэдэг хамгийн том баялаг юм.

Тиймээс та энэ өдөр хүүхдэдээ насан туршдаа санагалзан баясах хамгийн аз жаргалтай дурсамжийг нь нэгээр нэмж өгөөрэй. Харин тэрхүү дурсамжийг хэрхэн бүтээхээ та өөрөө л мэд. Сэтгэлээс гарсан зүйл ямагт сэтгэлд хүрдэг дээ. Магадгүй та, ийм л дурсамжийг урлаж чадвал хүүхэд тань амьдралыг материаллаг зүйлээр бус сэтгэлийн сайхнаар хэмжиж сурах биз ээ.

Зураг