Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний түүх хөдлөмтгий, бас хөлбөрөмтгий

Зууны мэдээ
2015 оны 5 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Аугаа их ялалтын 70 жилийн ойг Оросын ард түмэн ёслон тэмдэглэж өнгөрүүллээ. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлсэн юм болохоор дэлхийн II дайнд ямар нэг хэмжээгээр татагдан орсон улс орнууд ч үүнийг мартсангүй.

Янз бүрийн хэмжээнд тэмдэглэж, янз бүрээр үнэлж дүгнэж өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Даравч далдайж, булавч бултайх түүхэн үйл явдал мөн учраас тэр. Монголчууд ч тэднээс хоцорсонгүй, тэмдэглэв.

Тэр бүхний дотроос сэтгэл ихэд хөдөлгөсөн нь Улаан талбайд монголын цэрэг эрс хөл тавьж яралзтал алхан өнгөрсөн үйл явдал. Дэлхийн II дайнд 300-гаад Монгол хүн оролцсон юм гэнэ лээ. Оролцсон нь энэ. Түүнээс монголчууд бүгдээрээ бие сэтгэлээрээ оросуудтай хамт байсан юм. Таван жилийн турш.

Дайны эхний өдрөөс дуусах хүртэл. “Бүхнийг фронтод”. Энэ уриа зөвхөн ЗХУ-д төдийгүй БНМАУ-д нэгэн адил хэрэгжсэн юм. Москвад их сургуульд сурч байхад миний өвгөн багш Павел Иванович Пронин “Би нэг ч монгол оюутанд сайнаас доош дүн тавихгүй. Яагаад гэвэл сайхан сэтгэлтэй монголын ард түмний үнэнч чанарыг би бие сэтгэлээрээ нэвт мэдэрсэн хүний нэг. Намайг фронтын сонинд ажиллаж байхад монголчуудын илгээсэн хүлэг хурдан морьд оросууд бидэнд хань болж, тэдний ирүүлсэн эсгий гутал, хөдсөн бээлий хөл, гарыг минь бүлээцүүлж дулаацуулдаг байлаа” гэж үе үе дурсан ярьдаг байж билээ.

Монголчууд 1941-1945 оны хооронд чадах бүхнээрээ Улаан армид тусалсан  байдаг.

Монголчууд 1941-1945 оны хооронд чадах бүхнээрээ Улаан армид тусалсан байдаг. Маршал К.Жуковоос эхлээд энэ тухай бичиж тэмдэглэж үлдээсэн нь бишгүй. Тийм болохоор би энд элдэв тоо баримтыг эргэн дэлгэж нуршихаас түдгэлзэв. Оросууд ч, монголчууд ч энэ тухай мартаагүй гэдэгт итгэлтэй байна.

2015 оны тавдугаар сарын 9-ны өдөр Оросын төв телевизээр “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” хэмээх манай уран сайхны киног тавьж үзүүлсэн нь үүнийг гэрчилнэ. Ялалтын 70 жилийн ойд оролцохоор Москвад хүрэлцэн ирсэн гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүн нарыг Кремльд хүлээн авахад манай улсын Ерөнхийлөгч манлайлав. Оросын төв телевизийн нэрд гарсан тоймч Халхын голын дайн, дэлхийн II дайнд БНМАУ, Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж хэлж байна лээ.

Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаалыг монголын цөөнгүй телевиз, түүний дотор миний удирддаг TV-9 телевиз шууд дамжуулан үзүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Монголын голлох өдөр тутмын сонинууд ялалтын сэдэвт зай талбайгаа харамласангүй. Монголчуудын хараа энэ өдөр Кремль, Улаан талбайн зүг анхааралтай ширтэж байсан байж таарна. Бид бол хөршүүд. Дэлхийн II дайны үеийн цэргийн холбоотнууд. Ингэхээс өөр аргагүй.

Гэвч хүн бүр тэгж бодохгүй байж мэднэ. Түүхт он жилүүд урсан өнгөрч, олон үйл явдал тархи толгойноос арчигдан хаягдаж байна. Халхын голын байлдаан, дэлхийн II дайнд оролцогчдоос цөөхөн хүн үлджээ. Тэднийг дуусахаар үйл явдал, үнэн бодит баримт бүр ч бүдгэрч нимгэрч, зарим нь мартагдах нь гарцаагүй.

Аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан оросын телевизийн нэвтрүүлэг, Улаан талбайд болж өнгөрсөн сүрт жагсаалаас надад хоёр зүйл сэтгэлд маш тодоор хадгалагдан үлдэв. Удтал мартаж чадахгүй байх. Нэг дэх нь ойн өмнөх өдрүүдэд Оросын төв телевизээр үзүүлсэн бага насны хүүхдүүдийн яриа.

Москва, Архангельск, Петроград, Волгаград, Владивостокийн хүүхдүүд ярьж байна. Өвөг эцэг, эмэг эхийнхээ зургийг бариад, нэр усыг нь хэлээд, хэдэн онд хаана тулалдаж явсан. Аль газар алтан амиа алдсаныг нулимс дүүрэн нүдтэй өгүүлэн хүүрнэж, би ийм баатарлаг дайчны үр сад. Тэднээрээ бахархаж байна. Орос эх орондоо хайртай хэмээн ихэд итгэл хүндэтгэлтэйгээр хэлж байгаа нь сэтгэлийн утсыг доргиохгүй байхын аргагүй.

Зарим нь бүр асгартал уйлж байгаад, ихэр татан санаа алдаж байгаад өвөг дээдсээ дурсан ярьж, дуудан хэлж байх юм. Тэд 7-11 настай нялххан амьтад. Тийм байтлаа ямар их хэрсүү ухаан уушги зүрхнээс нь ундран бялхаж гарна вэ. Алтан ургийн хэлхээ холбоо алдагдалгүй хадгалагдан өвлөгдөж буйн амьд баримт энэ байнам биш үү гэж бодогдсон. Наран үүрд мандаж байг. Навч цэцэг үеийн үед урган цэцэглэж байг. Намайг, чамайг төрүүлсэн аав, ээж минь үүрд бидэнтэйгээ хамт байг гэж тэд хэлж байв. Цэцэг цэврүү шиг цэвэрхэн, цэлмэгхэн, хиргүй тунгалаг ариухан сүүн цагаан энэ сэтгэл дээр сүүдэр тусган гэшигчиж болно гэж үү.

Хоёр дахь нь Улаан талбай дахь сүрт жагсаал. Зэвсэгт хүчнийхний жагсаал, орчин үеийн зэвсэг техник, онгоц танкууд бишээ. Мэдээж энэ нь гайхмаар байсан. Олон улс орны төрийн тэргүүнүүд нүд бүлтийлгэн ширтэж шимтэн харж байна лээ. Ялангуяа урд, хойд хоёр хөршийн тэргүүнүүд онцгой дотно сүжирхэж, хагацаж салшгүй амрагууд шиг ханьсаж дотносож суусан нь одоо ч нүдэнд харагдсаар байна. Тэгэхдээ тэр бүхний дотроос Оросын бүх ард түмний төлөөлөл оролцсон  “Бессмертний полк” /”Ялагдашгүй хорооныхон” гэж орчуулж болох мэт/ гэгдэх хүн урсгал, хүн мөрөн намайг гайхшруулан мэлмэрүүлэв.

Москва дахь Белоруссын вокзалаас эхлэлээ авсан энэ үерлэсэн их жагсаалд хагас сая хүн оролцлоо гэж телевизээр мэдээлж байна лээ. Найман настай балчраас наян настай хөгшчүүл бүгдээрээ байв. Эх орны аугаа их дайнд оролцсон, алтан амиа өргөсөн тэр түүхт хүмүүсийн, аугаа баатарлаг дайчдын үр сад үргэлжлэл нь болох өнөөгийн орос иргэд тэднийхээ зураг хөргийг орой дээрээ залж, тэргүүн дээрээ өргөөд чимээгүйхэн Улаан талбайгаар урсан өнгөрөхийг хараад гайхан алмайрч өөрийн эрхгүй бишрэн хүндэтгэх сэтгэл төрөв. Аугаа зоригтон энэ ард түмнийг хайрлаж хүндэтгэв. Тэдний дунд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эцгийнхээ хөргийг бариад алхаж явна. Москва хотын дарга ч бас харагдана.

Халимаг, Казах, Буриад, Туркмен зэрэг үндэстэн ястан бүрийн төлөөлөл байна. Израйлаас, Австриас, Англиас зорьж ирэгсэд ч үгээ хэлж байна. Эд нар дэлхийн II дайнд алтан амиа алдсан зөвлөлтийн 24 сая иргэний үр сад, төрөл төрөгсөд. Үсэрсэн цусны дусал, тасарсан махных нь тасархай. Тэр хагас сая хүн үер дунд ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө иргэдтэйгээ хамт мөр зэрэгцэн алхаж яваа нь цаанаа л нэг бахархалтай бас уяралтай санагдана.

Халимаг, Казах, Буриад, Туркмен зэрэг үндэстэн ястан бүрийн төлөөлөл байна. 

Зүрх огшин омогшол төрж байна лээ. Ард түмний Ерөнхийлөгч гэсэн үг яагаад ч юм толгойд орж ирж, сэтгэлд эргэлдэж байсан. Ийм Ерөнхийлөгчөөрөө Оросын ард түмэн бахархах эрхтэй байлгүй яах юм бэ гэж бодогдсон шүү. Энэ сүрт жагсаал үхэгсдийн өмнөөс хүн төрөлхтөнд сануулсан хатуухан сануулга, үлдэгсдийн өмнөөс тэдэнд үзүүлсэн гүн хүндэтгэл байлаа.

Монгол, Орос хоёр бол мөнхийн хөршүүд. Хувь заяа биднийг үүрд холбожээ. Хөрш хөршийгөө сонгодоггүй гэсэн үг ч байдаг. Тийм болохоор олон зүйлээр холбогдож байгаагаа онцгойлон анхаарч, байнга санаж бодож үйл ажиллагаандаа харгалзаж явахад тун гэмгүй юмсан.

Бидэнд гурав дахь хөрш хэрэгтэй. Тэглээ гээд газар нутгаа багцалж боож үүрээд гадаад далайг гаталж очоод тэдэнтэй ханьсаж айлсаж бууж чадахгүйгээс  хойш хойд, урд хоёр хөрштэйгөө сайн харилцааг эрхэмлэн чухалчилж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлбэл зохилтой.

Сүүлийн жилүүдэд үүн дээр шинэ үеийн удирдагчид  сүрхий алдаж байх шиг. Хэдхэн сарын өмнө Яалтын гэрээний 70 жилийн ойг бид тэмдэглэсэн. Дэлхийн II дайны явцад эргэлт авчирсан энэ гэрээ хэлэлцээрээр И.Сталин АНУ, Английг ятгаж, шахан шаардаж байж БНМАУ-ын статус кво-г баталгаажуулсныг хэзээ ч мартах ёсгүй. БНМАУ, монголын ард түмнээс II дайны ялалтад оруулсан үнэнч андын хувь нэмрийг үнэлсний баталгаа байсан биз ээ.

Ялалт их үнэ цэнээр олдсоныг мартах учиргүй...

Хүний түүх хөдлөмтгий, бас хөлбөрөмтгий гэдэг нь нэгэнт батлагдсан үнэн. 

Бөхийн өргөөн дэх арслангуудын барилдааныг тасалж ялалтын баярын парадыг шууд дамжууллаа. Яасан задарсан бүдүүлэг танхай нөхөр вэ чи гэж нэг жижигхэн компанийн “жижигхэн” эзэн намайг  утсаар нүүр нүдгүй загнав.

Уг нь ч барилдааныг бүрмөсөн таслаагүй юм л даа. Нэгдүгээр сувгаас хоёрдугаар суваг руу түр хугацаагаар шилжүүлсэн юм. Хоёрын давааг л хоёрдугаар сувгаар үзүүлсэн хэрэг. Баярын жагсаал дуусмагц эргүүлээд нэгдүгээр сувгаар гаргасан л даа.

70 жилийн өмнө Яалтын гэрээг байгуулж БНМАУ-ын статус кво-г ЗХУ их гүрнүүдээр зөвшөөрүүлээгүй байсансан бол дэлхийн II дайнд монголчууд эрвийх дэрвийхээрээ нойр хоолгүй зүтгэж өөрсдийн хувь нэмрээ оруулан дайны ялалтыг нааш татаж авчраагүйсэн бол өнөөдөр та бид шандаст хурдан морьдоо уралдуулж, харьшгүй хүчит бөхөө барилдуулж, цэц мэргэнээ соринхон эрх чөлөөгөө эдэлж баярлалдан цэнгэлдэж чадах байсан юм болов уу. Хүний түүх хөдлөмтгий, бас хөлбөрөмтгий гэдэг нь нэгэнт батлагдсан үнэн. Үүнийг үе үе санаж, эргэцүүлж бясалгахад огтхон ч илүүдэхгүй.

МУСГЗ, Д.Нацагдоржийн болон Ж.Цэвээний шагналт зохиолч, сэтгүүлч

Зураг