Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Туул гол дээгүүр ХОЁР КМ УРТ ТАТЛАГАТ ГҮҮР баригдана

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ази Европийг холбосон хурдны авто зам барих талаар өнгөрсөн жилээс хойш яригдаж, уг замыг концессийн гэрээгээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр барих үндэсний компани шалгаран ажиллаж байгаа.

Уг хурдны авто зам нь БНХАУ-ын Тэнжин боомтоос эхлэн Монголын нутгаар дайран өнгөрч ОХУ-ын Транс-сибирийн замтай Улаан-Үүд хотод нийлэх юм.

Энэ замын хамгийн урт хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх ба Алтанбулагаас Замын-Үүд хүртэл нийт урт нь 1000 орчим км юм байна.

Манай Засгийн газраас өнгөрсөн жил Чингис Лэнд Девелопмент групптэй концессийн гэрээ байгуулж уг авто замын ажлыг эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хурдны замын ТЭЗҮ-ээ боловсруулж дуусаад батлуулсан, замынхаа трассыг эцэслэн тогтоосон, мөн зам барихад шаардлагатай геологи, геодези, хөрсний судалгаагаа хийж байгаа, замын зургийн ажил ид хийгдэж байгаа тухай уг компанийн инженер нь ярьсан юм.

Хамгийн гол нь Монгол улсад анх удаагаа олон улсын зэрэглэлийн хурдны авто зам баригдах ба мөн дэлхийн хэмжээний томоохон байгууламжуудыг барихаар тооцож байгаа гэдгээ хэлсэн юм.

Дэлхийн олон оронд гайхамшигтай зам, гүүрүүдийг барьсан байдгийг бид бэлхнээ мэдэх бөгөөд АНУ-ын Голден Гэйт болон Брүүклиний гүүр, Португалын 18 км урт Васко Да Гама гүүр гээд олон сайхан гүүр бий. Ер нь аливаа улс бүтээн байгуулалтынхаа явцад дэлхийн түүхэнд үлдэх урлагийн болон инженерийн шилдэг шийдлийг агуулсан гайхамшигт байгууламжуудыг барьсаар ирсэн байдаг.Тэгвэл тун удахгүй Монголчуудын төдийгүй гадаадын жуулчдын сэтгэлийг татам сайхан гүүрийг хурдны авто зам дагуу Туул гол дээр барихаар ажиллаж байгаа юм байна.

Тодруулж хэлбэл уг хурдны зам Шувуун фабрик, Био комбинатын дундуур Туул голыг гатлахдаа нийтдээ 2 км урт гүүр барихаар болж байгаа ажээ. Уг гүүр нь гол гатлахаас гадна гол дагуу байгаа орон нутгийн авто зам, төмөр замын дээгүүр гарахаар байгаа тул ийм урттай баригдахаар тооцоо нь гарч байгаа бололтой.

Гүүрийн хийц, дизайныг гаргахаар Монголын зам гүүрийн инженерүүд болон гадаадын архитекторуудын хамтарсан баг ажиллаж байна гэж Чингис Лэнд Девелопмент Группийн инженер ярьсан юм.

Ямартай ч Монгол Улсын бүтээн байгуулалт, инженерийн салбар хөгжиж, хөгжлийн дараагийн шатандаа шилжиж байгаа гэж болохоор байна. Учир нь мөнгө, төсөвтөө баригдан нэгэн хэвийн шийдлээр баригддаг байсан зүйлс өөрчлөгдөн урлагийн бүтээлийн хэмжээнд очиж байгаа нь сайшаалтай. Энэ бол хөгжил.