Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зорилготой ирсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 20
iKon.MN

Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус уулалтад оролцлоо.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлсэн байна. 

Тэрбээр “Энэ айлчлалаар хоёр орны улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой ирсэн. Рио Тинто компанитай “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслол олон улсын санхүү, худалдааны том төвүүдийн нэг Дубай хотноо тохиосонд баяртай байна “ гэжээ.  

 

 

Монгол Улс нь АНЭУ шиг байгалийн арвин баялагтай орон. 80 гаруй төрлийн байгалийн эрдэс баялаг олборлодог. Байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, баялгийн сан байгуулах талаар танай улсын туршлагаас сурч, судлах зүйл бидэнд их байна.

Энэ айлчлалын үеэр өөрийн орны томоохон, шилдэг төслүүдээ танилцуулна. Монгол Эмират хоёр улсын бизнес эрхлэгчид холбоо тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ онцолжээ.