Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны гурван хүүхэд байшиндаа шатаж амиа алдсан харамсалтай явдал болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт гурван хүүхэд байшиндаа шатаж амиа алдсан харамсалтай явдал болжээ. 

Тодруулбал Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын Жилчиг багт оршин суудаг иргэн А-н 8х12 харьцаатай палкан байшин шатаж байна гэсэн дуудлага 14.13 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Энэ мэдээллийн дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон хэдий ч байшинд байсан 2 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй А, 6 настай эмэгтэй Э нар угаартаж нас барсан байжээ. 

Амиа алдсан хүүхдүүдийн цогцсыг аврах албаныхан байшин дотроос олж Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр гал гарсан байшингийн цонх төмөр тортой, хаалга түгжээтэй байсан тул хүүхдүүд гарч чадаагүй аж. Одоогоор галын шалтгааныг тодруулж байгаа бөгөөд цахилгаанаас болсон байж болзошгүй байна. 

Иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй, анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг дээрх явдал харуулж байна.