Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ТУХАЙ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бүгл найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Асенов Плевнелиев энэ сарын 10-13-нд манай улсад төрийн айлчлал хийхээр ирээд байгаа билээ. 

Болгарын Ерөнхийлөгч Росен Асенов Плевнелиевийн товч намтар

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Төрсөн огноо, газар: 1964 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, Гоце Делчев хот

Боловсрол: 

1982 Благоевград хотын Математикийн сургалттай ерөнхий боловсролын сургууль төгссөн.
1982 Болгар Улсын програм хангамжийн тэмцээнд түрүүлсэн. 
1989 Софи хотын Цахилгаан, техникийн дээд сургуулийг тооцоолон бодох инженерээр төгссөн

Ажилласан байдал:

1989-1990 Тооцоолон бодох технологийн хүрээлэнд судлаач
1990-1998 Болгар Улсын анхны ISO 9001 шаардлага хангасан барилгын “Ирис интернэйшнл”ХХК –ийн үүсгэн байгуулагч, захирал
1999-2009 “Линднер Болгар” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
2009 Болгар Улсын Бүс нутгийн хөгжлийн сайд
2012 оноос Болгар Улсын Ерөнхийлөгч

Шагнал:

2012 Грек Улсын “Гэгээн аврагчийн загалмайн одон”
2014 Польш Улсын “Цагаан бүргэд” одон
Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхэдтэй

Англи, Герман хэлтэй

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН  ТУХАЙ 

Бүгд Найрамдах Болгар Улс 110,911.5 хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд Румын, Турк, Грек, Хуучин Югославын БН Македон, Серби Улстай тус тус хиллэдэг. 

Нутгийн хойд захаас өмнөд зах хүртэл 393 км, баруунаас зүүн хүртэл 591 км, нийт газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 470 м өндөр.

7.3 сая хүн амтай тус улсын нийслэл нь Софи хот бөгөөд 1.3 сая хүн ам оршин суудаг юм байна.

Төрийн тэргүүн нь Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар Дэд Ерөнхийлөгчийн хамт 5 жилийн хугацаатай сонгоно. Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нэг удаа улиран сонгогдох эрхтэй.

Сайд нарын Зөвлөл буюу Засгийн газар. 2014 онд болсон Ардын Их Хурлын сонгуулиар эвслийн Сайд нарын Зөвлөл байгуулсан. Сайд нарын Зөвлөлийн даргаар Бойко Борисов 2014 оны 11 дүгээр сарын 7-нд томилогдсон.

Гадаад худалдаа

2014 онд худалдааны эргэлт 62.81 тэрбум ам.доллар байснаас экспорт 29.25 тэрбум ам.доллар, импорт 33.56 тэрбум ам.доллар байв.
Худалдааны гол түнш улсууд нь Герман, Итали, Турк, Румын, Грек, Франц,ОХУ, Испани юм. Экспортын гол бараа, бүтээгдэхүүнд бэлэн хувцас, гутал, ган, төмөр, түлш, машин техник, тоног, төхөөрөмж ордог бол импортын гол бараа, бүтээгдэхүүнд машин техник, тоног, төхөөрөмж, металл, хүдэр, түүхий эд зонхилдог байна.

Шашин шүтлэг

 

Үнэн алдартны шашинтай. Хүн амын 86 хувь нь үнэн алдартны шашин, 13.1 хувь нь лалын шашинтай.

Эдийн засгийн өнөөгийн байдал

Болгар Улс нь Европын Холбооны эдийн засаг, хөдөлмөрийн хуваарилалт, зохицуулалтын үндсэнд өөрийн орны онцлогт тохирсон үйлдвэр, хөдөө аж ахуй хоршсон бодлого хэрэгжүүлж байна. 

2014 оны байдлаар ДНБ 123.3 тэрбум ам.доллар, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 17,100 ам.доллар, эдийн засгийн өсөлт 1.4 хувь, инфляц -0.6 хувь байна.

Эдийн засгийн өсөлт 2015 онд 0.8 хувь байна гэсэн урьдчилсан тооцоотой. Цаашид өсөх хандлагатай гэж эдийн засагчид дүгнэдэг. 

1994 оны улс төр, эдийн засгийн хямрал нь тус улсын хүн амын 64 хувийг ядуучуудын эгнээнд нэгтгэж, мөнгөний ханш 311 хувиар унав. 1995 оноос эхлэн улсын үйлдвэрийн газрыг хувьчлах бодлого эхэлсэн.Төр засгаас улсын үйлдвэрийн газрыг 3 үе шатаар хувьчилж, хөдөө аж ахуйд чөлөөт зах зээлийн бодлого хэрэгжүүлсний дүнд багагүй ахиц гарсан. 

Ажилгүйдэл 2014 оны байдлаар 11 хувьтай. Ядуурал 2013 оны байдлаар 21 хувь байв. Европын Холбооны орнууд дотроо гадаад өрийн хэмжээгээр хамгийн бага хоёр орны нэг бөгөөд 2015 оны байдлаар 12.1 тэрбум ам.долларын өртэй. 2013 оны байдлаар 27.55 тэрбум еврогийн валютын нөөцтэй.

Хөдөө аж ахуй

 

Болгар Улсын эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй бөгөөд газар тариалан, мал аж ахуй хосолдог. 

Газар тариалангийн гол бүтээгдэхүүн нь үр тариа, улаан буудай, эрдэнэ шиш, тосны ургамал /наранцэцэг, сарнай цэцгийн тос/, усан үзэм, хүнсний ногоо бол мал аж ахуйн салбарын гол үйлдвэрлэлд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гахай, тахианы махны бэлтгэл багтдаг. 

Гол нэрийн хүнсний ногооны үйлдвэрлэл 2001, 2002 оныхтой харьцуулахад 40-50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ба энэ нь Европын Холбооны хөдөлмөр, зах зээл хуваарилалтын зохицуулалттай шууд холбоотой юм.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүний дотор дарс, сүү, сүүн бүтэгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Тус улсын хэмжээнд 12 томоохон усан үзмийн аж ахуй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргаж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд жилд 1 сая тонн үнээний сүү, 7 мянган тонн ямааны сүү, 8 мянган тонн хонины сүү боловсруулдаг. Мөн 20 мянган тонн үхрийн мах, 70 мянган тонн гахайн мах, 13 мянган тонн хонины мах, 10 гаруй мянган тахианы мах бэлтгэж байна. 

Аж үйлдвэр

 

Өнөөгийн Болгар Улсын эдийн засагт аж үйлдвэр, үйлчилгээ худалдаа ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гол аж үйлдвэрийн салбар нь уул уурхай, эрчим хүч юм.

Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар Болгарын экспортыг голлож байгаа ба висмутын үйлдвэрлэлээр дэлхийд 9 байр, зэс, нүүрсний үйлдвэрлэлээр 19 байр, хар төмөрлөг болон гангийн үйлдвэрлэлээр Балканы хойгт тэргүүлж байна. 

Болгар Улс нь нүүрсний хэрэгцээгээ бүрэн хангадаг бөгөөд гол ашигт малтмал нь төмрийн хүдэр, цайр, мөн мрамор, боржин, гипс, чулуун давс юм. 

Түүнчлэн, сүүлийн жилүүдэд цахилгаан барааны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Софи, Ботевград, Варна, Стара-Загора, Правец зэрэг хотуудад компакт диск, эмнэлгийн болон шинжлэх ухааны багаж хэрэгсэл үйлдвэрлэж байна. 

Болгарын Засгийн газраас мэдээллийн технологи болон программ хангамжийн үйлдвэрлэлд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа ба уг салбарын жилийн дундаж өсөлт 30 хувь байна. Мэдээллийн технологийн салбарт олон улсын батламж авсан эрдэмтдийн тоогоор дэлхийн хэмжээнд 8 дугаар байрт ордог. 

Гадаад харилцаа

Болгар Улс нь өөрийн орны төр, нийгмийг хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлал дээр тулгуурлан хийсэн Европын Холбоо болон Хойд Атлантын холбооны бодлоготой нийцсэн гадаад бодлого баримталж байна. 

Болгар Улс 1955 онд НҮБ, ЕАБХАБ-ыг санаачлагч 35 орны нэг, 1966 онд ДХБ-д, 2004 онд НАТО-д, 2007 онд Европын Холбоонд тус тус элссэн. 

Болгар Улс ЕАБХАБ-ыг даргалж байх үед буюу 2004 онд тус улсын ГХЯ-ны шууд дэмжлэгээр Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны Азийн түншлэлийн гишүүн болж, улмаар 2012 онд 57 дахь гишүүнээр элссэн. 

Болгар Улс нь газар зүйн байрлалын давуу талаа ашиглан Европ, Ази тивийг холбосон олон улсын усан болон авто тээврийг амжилттай хөгжүүлж байна. 

Бүс нутгийн хэмжээнд Болгар Улс нь дараах гадаад бодлогын үндсэн чиглэлийг баримталж байна.Үүнд:
• Улс орны тогтвортой хөгжил, хөрш улсуудтай эвтэй зэрэгцэн орших, хамтран хөгжих
• Эдийн засгийн хөгжлийг хангах
• Хүмүүнлэг болон нийгэм, соёлын асуудлаар хамтран ажиллах
• Хууль дээдлэх ёсыг дээдлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг болон терроризмтой тэмцэх, хүний наймаа, хар тамхины наймаатай тэмцэх

Өнөөдрийн байдлаар тус улсын гадаад бодлогын тулгамдсан асуудлын нэг нь ОХУ-тай харилцах харилцаа болоод байна. Түүх, хэл, соёл, шашин шүтлэг ойролцоо хоёр орон өнөөдөр Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ, Украины асуудал зэргээс үүдэн хүндрэлтэй нөхцөлд байна. 

Дээрх байдлын улмаас 2010 онд хоёр улсын хоорондын гэрээнд гарын үсэг зурсан, Хар тэнгис доогуур хийн хоолой тавих, 16 тэрбум еврогийн өртөг бүхий жилд 63 тэрбум шоо метр газ дамжуулах хүчин чадалтай “Өмнөд урсгал” хэмээх хийн хоолойн төсөл зогсонги байдалд оров. ОХУ-ын Ерөнхийлөгч 2014 оны 12 дугаар сард БНТурк Улсад хийсэн айлчлалын үеэр “Өмнөд урсгал” төслийг зогсоож, Турк Улстай хамтран “Цэнхэр урсгал” хэмээх ижил төрлийн төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. 

Түүнчлэн Болгар Улсын Белена хотоос 3 км зайд байрлалтай Атомын цахилгаан станцыг ОХУ-ын зээлээр барих асуудал байгаа ба талууд 2010 онд станцын барилгын 6.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын асуудал дээр зөрүүтэй байр суурь баримталж байгаад 2012 он зогсонги байдалд орсон.

Болгар Улс, АНУ-гийн цэргийн түншлэл

Болгар Улсын Сливен тойргийн гадна орших Америкийн цэргийн Ново село цэргийн баазыг тохижуулах ажилд Пентагон 60 сая ам.доллар зарцуулсан. Уг бааз болон “Гүн Игнатиев”-ын нэрэмжит нисэх хүчний баазад Ливи Улсын 5-8 мянган цэргийн албан хаагчийг дайны дараах энхийн бүтээн байгуулалтад сургах зорилго бүхий хамтарсан сургалт зохион байгуулах Санамж бичигт Триполи хотноо эдгээр 3 улс гарын үсэг зурсан байна. 

Хамтарсан сургалтын төвөөс тус хоёр улс 2010 онд тойруу замаар 4 сая ам.доллар, 2011 онд 6 сая ам.доллар, 2012 онд 12 сая ам.долларын ашиг олсон тооцоо байдаг.