Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Geopolitics for dummies буюу жэнкогийн зөв

ikon.mn
2015 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 9-ний ялалтын парадыг би ч харлаа, бусад нь ч харлаа. Ялалтын ойд зочлон очсон Монгол Улсын тэргүүнийг Монгол цэргийн рот нь алхаж явахад нь оросын төв телевиз ганцааранг нь харуулалгүй өнгөрөөснийг ч дэлхий даяараа харлаа. Ялалтын баяр ялалтад хувь нэмэр оруулагчдын хамтын баяр биш, жилийн өмнөх крымын ялалтаасаа болж буланд шахагдсан Оросын талд зогсогчдын чуулга уулзалт болжээ гэх сэтгэгдэлтэй бүгд үлдэцгээлээ.

Ямар ч цэргийн марш бол геополитикийн мессеж байдаг. Өчигдрийн парадын мессеж 2 утгагүйгээр Оросын геополитикийн постановкийг харууллаа. Өрнөдийнхөнд шахагдсан Орос зөвхөн өөртөө болон Азийн холбоотнууддаа найдах л үлдсэн бололтой.  Монгол мэдээж тэр тоонд нь багтаагүй. Өдгөө оросуудад хахир өвлийн тулаанд дулаан байлдах нэхий дээл, эсгий гутал, адууны илчлэг мах нэгэнт хэрэггүй болжээ. Юутай ч Монголыг урж тасдах шахаж байгаа уул уурхай, геополитикийн  хэрүүлийг яаралтай цэгцлэх шаардлагыг би л хувьдаа олж харлаа. Хоёр хөршийнхөө ашиг сонирхлын зөрүүн дээр оршин байдаг манай улсын тусгаар тогтнолын хувьд эдгээрийн дотно харилцаа, ялангуяа цэрэг стратегийн түншлэл бол осолтой дохио юм.  

Цэргийн марш бол геополитикийн мессеж байдаг.

Би Х.Баттулга гэдэг хүний фэн биш. Гэвч түүний заримдаа зөв, заримдаа буруу ярьдаг геополитикийн сэдвийг тоохгүй орхиж болохгүй нь гэж бодлоо. Тусгаар тогтнол, геополитик гэдэг бол бас тийм ч амар тоглоом биш юм шүү.

Өрнө дорныг эзэлсэн их өвгөд маань хойно, өмнө, баруун зүгтээ 3 том улс байгуулж үлдээсэн нь өдгөөгийн Орос, Хятад, Казах гурав билээ. Бат хаан өөрийн өргөмөл хүү Невийн Александрын доор хот хотоо манан модон хэрмэн дотроо бүгэн суусан славян ван, хаадыг нэгтгэж өгсөн байдаг бол, Хубилай хаан Алтан улс, Сүн улс болон бусад улсыг нэгтгэн захирч байсны хүчээр өнөөгийн хятад нэгдмэл байдлаа олж байсан байдаг. Оросууд сүүлийн 90-д жил Татар-Монголын дарлал хэмээх зохиомол үлгэрт итгэсэн хэвээрээ шахуу байгаа нь Монголчуудаас боломж гарвал жийрхэх шалтаг нь болдог. Харин Хятадын хувьд Монголын Хубилай хааны эзэнт гүрнийхээ нийслэлээ шилжүүлсэн Бээжинд төвтэй Юань улсын түүх, мөн хятадыг эзлэн сууж байсан Манж улсын вассал улс болж  байсан Монгол улсыг түүх гуйвуулах замаар өөрийн хэсэг байсан гэж нотлох далд хүсэлтэй байдаг нь нууц биш. Гэтэл түүх сөхөөд ч домог зохиогоод ч Хятад Монголын түүхэн хил түмэн газарт бараатай хэвээрээ л байна. Цагаан хэрэм цаашид хэдэн арван мянган жил энэ хэвээрээ байх бизээ. Гэвч тайвшрал бол цагаан хэрэм биш.

Зүчийн улсын суурин дээр үлдсэн зүүн гарын хаант улсын залгамж болон өндийсөн одоогийн Казахстан бол Манжид вассал болоогүй үлдсэн бас л нэг Монгол туургатнууд билээ. Тэд Манжаас хараат бус үлдэхийн тулд тэр цагаас л хаант Оростой ойртон зузаарсан нь өнөөдөр улам ч бат болж ирснийг бид харлаа. Хамгийн том далайд гарцгүй улс ч байрлалын боломж өргөнтэй. Олон шашнаар хүрээлүүлсэн улс. Энэ нь давуу тал уу сул тал уу гэдэг нь алсдаа харагдах биз ээ.

 

Геополитик гэж юу вэ?

 

Би бол жирийн л инженер. Геополитикч биш, тэр тусмаа гео-эдийн засагч бол бүүр ч биш. Гэхдээ би  өөрийн мөхөс мэдлэгийн хэмжээнд улс орнуудын харилцаа, оршин байхуйн чухал асуудал болсон геополитикийн тухай өөрийн ойлголтоо та нартай хуваалцъя. Товч үгээр илэрхийлбэл геополитик бол улс төрийн газрын зураг зурах урлаг юм. Дэлхийн геополитикийг хамж яривал далай л гэсэн үг тул Монголд шууд хамаатай улсуудын асуудлыг л хөндөж ярья. Үнэндээ хоёр хөршийнхөө дунд хавчуулагдсан Монголд хоёр хөршийнх нь асуудлаас чухал юм байхгүй билээ. Иймээс эднийг л ярья.

Геополитик бол улс төрийн газрын зураг зурах урлаг 

Нэгэн түүхээс эхэлье. Би анх Мөрөн гуравдугаар 8-н жилийн 3б ангийн сурагч ахуйдаа геополитикийн нүсэр нүүдлийн гэрч нь болсон юм.
1979 оны хавар цаг. Тэнгэрт тулсан их тоос, цэргийн техник, орос бакиал, дизелийн үнэр. 5 өдөр хөвөрсөн их цэргийн цуваа. Тиймээ орос цэргийн цуваа манай Мөрөнгийн арын дэнжээр 5 хоног цувсан юм. Хаврын шороо манарсан жихүүн салхинд нусаа хацартаа жинхэнээсээ наасан бидний бацаануудын анхны дайны олз цэрэг (пилотка) малгай, таван хошуу, азтай заримд нь цэрэг дуран, планшет цүнх байж билээ. Хожим сонсохнээ социалист Битмам гэдэг улс руу Маогийн Хятадууд дайраад дайнч хятадаас Монголыг хамгаалахаар Зөвлөлтийн их цэрэг орж ирсэн нь тэр байсан юм билээ. Орж ирсэн цэргийн тоо саяар тоологдож байсныг хожим мэдсэн.

Яг үнэндээ энэ бол Хятадын дэмждэг Пол Потын Кампуч руу Вьетнам урд жилийнх нь эцсээр дайрч, Вьетнамыг хашраахаар Хятад Вьетнам руу дайрч, Хятадыг айлгахаар Орос Монгол руу цэргээ оруулж хятадын умард хилд эгнэн байрласан хэрэг байсан юм билээ. Вьетнам руу Хятад дайрсан даруйд ЗХУ Хятадын элчин сайдыг ажилтнуудынх нь хамт Москвагаас хөөн гаргасан байдаг. Ингэхдээ онгоцоор биш Монголын хил хүртэл төмөр замаар явуулжээ. Уралаас нааших төмөр замын өртөө бүрд дорно зүгийг чиглэн хөдөлж байгаа цэргийн техник, зэр зэвсэг, бие бүрэлдхүүн пиг чихсэн байсан нь хятадын элчингийнхэнд анзаарагдахгүй өнгөрөөгүй нь мэдээж. Анзаарах байтугай асар дарамтад оруулсан нь тодорхой. Тухайн үеийн Хятадын олон сая хүнтэй ч зэвсэг техник муутай армийг дор нь нугаслаад, дэглэмийг нь сөнөөж чадах их хүчийг албаар Бээжинд харуулсан хэрэг тэр байжээ. Юм бүхэн 2 талтай гэгчээр өнөөдөр ч гэсэн хятадын удирдагчийг урьж аваачин парад сонирхуулаад ардын чөлөөлөх арми нь Оросыг гүйцэх яагаа ч үгүй байгааг харуулж орхилоо. Улаан талбайгаар түжигнээд өнгөрсөн ганц танкийн технологийг гүйцэхийн тулд хятадад дор хаяж 20-30 жил шаардагдах болно. Цаадуул нь ч энэ мессежийг ойлгож байгаа. Мөн Ши-г дагалдан Москвад очсон хүмүүс барууны хоригт орсон оросын эдийн засаг ямар хүндрэлтэй тулж байгааг ч нүдээрээ харж авсан нь ойлгомжтой. Тэнд бүх юм телевизор доторх шигээ сайхан байхгүй байгаа нь тодорхой.

Орос цэргүүд Мөрөнгийн тэнгэрт шороо босгосоноос яг 10 жилийн өмнө Амар мөрний жижиг арал Даманскыг булаалдсан тулаан болсон билээ. Уг арал дээрх тулалдаанд Оросын хилийн бяцхан застав орчин үеийн зэвсгийн хүчээр Хятадын 5000 цэргийг ялж орхисон нь Моа-д жинхэнээсээ аймшигтай сигнал болж очсон юм. Оросууд нууц зэвсэг хэрэглэж хятад цэргүүдийг хядсан ч гэж дам яригддаг. Юутай ч Хятадууд бөмбөгнөөс хоргодох байрууд барьж, Бээжинд өгөх ЗХУ-н цохилтыг хүлээн нам болцгоосон гэдэг. Барууны суртлын түрэлтийг зогсоох, магадгүй Хятадыг айлгах давхар зорилготойгоор тэр жилийн зун нь Оросын танк Прагын хаврыг дарж социализмыг Чехэд “аварсан” байдаг.

Онцын стратегийн ач холбогдолгүй уг арлыг хилийн шугам тогтоох хэлэлцээрийн аргаар өгч авалцах бололцоо байсаар байтал Хятад яагаад хүчтэй хөршөө өдөж байж зодуулав гэдэг их сонин. Тухайн үед ЗХУ-АНУ-н хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг хязгаарлах хэлэлцээр ид ярилдаж байсан билээ. Эх газрын Хятад НҮБ-д гишүүнчлэлгүйдээ сэтгэл дундуур явсан нь бас мэдээж. Энэ хилийн мөргөлдөөний дараа Орос ч тэр, Америк ч тэр эх газрын соёлын хувьсгалдаа солиорч байсан Хятадад өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж эхэлсэн байдаг. Бүх соц системээс Хятад ганцаараа Чехийн хаврын хувьсгалыг илт магтан дэмжсэн нь ч бас учиртай. Оросын эсрэг буу дуугаргаж чадах, барууны чөлөөт үзлийн түрэлтийг дэмжих холбоотон ч барууныханд хэрэгтэй. Эцсийн эцэст Моагийн хийсэн нүүдэл үр дүнд хүрч 1971 оноос Чан Кай Ши-гийн БНХУ-г НҮБ-с туун гаргаад оронд нь БНХАУ орсон байдаг билээ.

Тухайн үед БНМАУ бол ЗХУ-н хамгийн ойрын холбоотон статусаа алдаагүй, Орос ч хаалттай эдийн засгийг эхнээсээ хөгжүүлсэн тул гадаад ертөнцөөс бага хамааралтайгаас амьдрах орон зай, зах зээлийн төлөө нөхдөө жийх хэмжээнд очдоггүй байжээ. 2-р дайны хамаг хүндийг үүрэлцсэн, Социализмыг дэлхийн үзэгдэл болох эхлэлийг нь тавилцсан Монголыг Брежнев өөр нүдээр хардаг байсан нь Цэдэнбалын үеийн их бүтээн босголтууд болж Монголд том хожоо авчирсан юм.

Монгол улс дэлхийн их бужигнаан дунд бүдгэрсэн ч бүдэрчихгүй хоёр хөл дээрээ байнга бат зогсон босож ирж чадаж байсны нэг нууц нь хойд өмнөд хөршүүдтэйгээ тэдний соёл, тэдний зан заншлаар тус тусад нь харьцаж асуудлаа ойлгуулж, аргаа ололцож чадаж байсны үр дүн юм. Өнөөдөр бид Оростой англиар, Хятадтай оросоор ярих гэж мунгинаж сууна. Улсаа олигтой ардчилж, дэлхийн дэмжлэгийг нэгмөсөн сайн авахын оронд хагас коммунизмын системдээ буцахаар улайрцгааж, ардаа асаалттай танкгүй хэрнээ хөрш улсуудтайгаа тэрсэлдэхээр тэнэглэцгээж байна. Бид тусгаар тогтнолдоо уг нь юугаа ч хайрлаагүй. Шашин шүтлэг, газар нутаг, амь нас, эд баялаг гээд өгч болох бүхнээ өгсөн. Дэлхийн дайн ойртон байгааг зөнгөөрөө мэдэрсэн Сталины дорно зүгт ар хударгаар нь бужигнаж сандаргадаггүй тоглоомын улстай болж авах гэсэн болгоомжлолыг хэрэгжүүлж 1937 онд их хэлмэгдүүлэлт өрнүүлсэн. Дайны жилүүдэд Монголчууд хамаг амьжиргаагаа харамгүй фронтод илгээн найдваргүй шахуу байсан зөвлөлтийн армийн талд бат зогссоны шагнал нь Ялтын гэрээний тохиролцоо болж  ирсэн. Ялтын гэрээгээр зөвхөн Монголын тусгаар асуудал шийдэгдээгүй. Австри улс ч бас Германаас тусгаарлаж авсан байдаг. Өнөөдөр Зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаан доромжилж гундаан муутгаагүй цорын ганц барууны улс бол Австри. Тэд тусгаар тогтнолоо хэрхэн олж авснаа мартахгүй байна. Мэдээж Ялтын тэр гэрээгээр Монголын газрын зураг Богд хаант Монгол улсынхаас хамаагүй жижгэрч зурагдсан нь ойлгомжтой. Өмнөө өвөр Монголоо, Хойноо Буриад, Тувагаа бэлэглэж байж Монгол улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 1945 оны чөлөөлөх дайнаар Өвөр Монголоо эргүүлэн авч Монгол Хятадын түүхэн хил цагаан хэрмээр хилээ тогтоохыг оролдож үзсэн ч их гүрнүүдийн тохироо нэгэнт хийгдсэн тул яаж ч чадаагүй юм. 1949 онд хятадад БНХАУ байгуулагдсанаас хойш өмнөх жилүүдэд болж байсан хилийн байнгын маргаан, мөргөлдөөнийг эцэс болгох, хилээ баталгаажуулан тодотгох ажлыг 60-д оны дунд үе хүртэл хийсэн нь өнөөгийн тусгаар тогтнол хэмээх бидний бахархлын гол үндэс нь болсон юм. Урд хил дээр манай Хөвсгөлийн Даваадорж баатар тулалдсан шиг тулаан умард хил дээр болж байсангүй. Гэхдээ энэ бол орос ах нар хилийн шонгоо зөөгөөгүй гэсэн хэрэг биш. Тэд хилийн шонг байнга л 5-10 метрээр нь зөөсөөр ирсэн. Цэдэнбалын төрсөн бууц, Давст уул өнөөдөр хилийн шонгийн цаана гарчээ. Хойд хилийг үе удмаараа сахин суусан манай ах дүү төрөл төрөгсөд ч энэ байдлыг анзаарч байдаг. Хилийн маргаант асуудлыг ах дүүгийн найрамдалд сэв суулгах сэдэв хэмээн нам дараад өнгөрдөг байсныг бүгд мэднэ             

Өнөөдөр Монголчууд уул уурхайн их ангалын ирмэг дээр ирээд байна. Ухаад ухсан нүхэндээ унах уу, ухаад овоолсон баялагтаа дөрөөлж авирах уу. Олон хүн орших уу эс орших уу хэмээх мөнхийн асуултыг босгон ирж Гамлет царайлна.

Өнөөгийн Монголын байдал ямар байна. Бидний эрх ашиг хаагуур яаж явбал хөндөгдөхгүй байх вэ. Өнөөдөр бид нэг талд тал засаж нөгөө хөрштэйгөө муудалцах цаг мөн үү. Нэг нь тоохгүй байхад нөгөөтэйгөө муудалцчихвал хэн хохирох юм? Тэд хамтдаа урд эгнээнд зэрэгцээд сууж байхыг бүгд харлаа шүү дээ. Ер нь яавал дээр вэ гэдгээ улс төрчид улс орныг авч яваа хүмүүс цуглаж нухацтай ярих цаг болсон мэт. Ялангуяа гадаад бодлогын стратеги тактикууддаа улс төрийн намуудын хэмжээнд том нэгдмэл байдалд хүрэхгүй бол болохгүй нь.

Энгийн өнгөц харахад л Орост бидний уран, Хятадад бидний нүүрс хэрэгтэй байна. 

Юун түрүүнд нөхцөл байдалдаа залбиралдацгаая. Энгийн өнгөц харахад л Орост бидний уран, Хятадад бидний нүүрс хэрэгтэй байна. Уранаар цөмийн түлш, хуяг нэвтлэх сумны хошуу хийдэг. Үгүйдээ л энэ баялаг бусдын гарт орохыг Орос хүсэхгүй л болов уу. Саяхан ялагдсан арбитрын хэрэг ч бас үүнтэй холбоотой асуудлаас үүссэнийг бид мэднэ. Монголын нүүрс бол Хятадын хувьд Австралийн нүүрсний монополийг задлан үнийг доогуур барьж байх сайхан багаж. Ах дүү Украинаа алдаад, Беларусаа ирээдүй муутай авторитар дэглэмээр нь арай гэж тогтоож байгаа Оросын хувьд Казакстан, Монгол гэдэг 2 буфер улсыг зүгээр бусдад тавиад өгөхгүй л болов уу. Тэд Монголыг алдвал алс дорнодоо сибирээр таслуулж, Казахстаныг алдвал уралаас зүүн тийшхийг бас алдах болно. Ийм явдал болвол Хятад Оросын азийн хэсгийг эзлэн авах эсэх нь цаг хугацааны л асуудал. Иймд Орос Хятадын завсарт дэлхийн улс гүрнүүдийн анхаарал, олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан тусгаар улсууд байж байх нь эдгээрийн аль альных нь аюулгүй байдалд хэрэгтэй юм. 
Хятад Монголыг дайран эзлээд барууны хоригт орвол бараг л амиа хорлосноос ялгаагүй зүйл болно. Америкийн номхон далайн флот хаяанд нь Гуам, Окинава арлууд дээрээс хараад л байж байгааг тэд байнга мэддэг. Хятад бол гадны аюулаас илүүтэйгээр дотоодын самуунаасаа айж болгоомжилж байдаг улс. Түвд, Уйгур бол толгойных нь өвчин нь. Хонг Конг ч бас нэмэгдэх шинжтэй. Тайвань бол байнга салаавч үзүүлээстэй. Өвөр Монголд ч тэд онцгойгоор ханддаг нь бас учиртай. Энд нутгийн монголчуудын дургүйцлийг төрүүлсэн ямар ч хятадыг хамгийн хатуугаар шийтгэдэг. Өвөр Монголчууд харьцангуй цөөхүүлээ ч үндэсний хувьсгалыг өдөөж, уйгур, түвдийг уруу татах чадалтай, зүрх зоригтойг хятадууд сайн мэдэж тэдэнд зүсэн зүйлийн давуу тал де факто олгож байдаг нь нууц биш. Иймээс Монгол руу дайрах нь Хятад өөрийнхөө улсын задралыг дуудсан тэнэг хэрэг болох тул ийм явдал мөддөө болохгүй. Ингэвэл тэд зөвхөн дотоодын самуунд өртөөд зогсохгүй барууны ертөнцөд бараа нийлүүлдэг бүх эдийн засаг нь дампуурч эдийн засаг-улс төрийн сүйрэлд өртөх болно. Америк Хятадыг сөхрүүлье гэвэл хажуудаа байгаа Мексикийг өөд нь татахад л хангалттай юм. Хятадаас бүх үйлдвэрээ татаад Мексикт байрлуулчихвал ядуугийн улмаас хар тамхины дайнд шаналсан Мексик дороо л Хятад шиг босоод ирнэ. Латин Америкийн сая сая хямд хүч Хятадын орон зайг дор нь эзлээд авчихна. Энэ бол бодит үнэн. Монголын үржил шим муутай тал нутаг яавч Хятадын улсынхаа бүрэн бүтэн байдал, эдийн засаг, коммунист төрөө нурааж байгаад ч хамаагүй олж авах ёстой олз бишийг үе дамжсан бодлоготой цаадуул чинь мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

Казахстан бол хэзээнээсээ Оросын стратегийн зэвсэглэлийн туршилтын бааз, сансрын түшиц газар, үр тарианы нөөц талбай болсоор ирсэн. Өнөөдөр барууны хоригт орсон Оросын хувьд Хятадтай эн зэрэгцэх ач холбогдол Казахуудад ирж байна. Казахууд зүгээр л Хятад Оросын хилийн хооронд өөрийн зам, өөрийн тракаар тээвэр хийгээд л асар их ашиг олоод эхэлчхэж. Хятадаас Казахстанд нийлүүлсэн барааг тэд гаалийн бичиг баримтыг нь хувиргаад л Орост нийлүүлж түүнийг изоляцаас аварч байна. Энэ наймаа Орост ч, Хятадад ч ашигтай. Орос барууны хоригт орсон ч бараагаар тасрахгүй, Хятад барууны хоригт орсон Оростой шууд наймаа хийсэн болж харагдахгүй. 90-д оны бидний наймааны алтан үеэс хэдэн зуу, мянга дахин их эргэлт их ашигтай наймааг өнөөдөр Казахстан улс хийж байна. Нөгөө гео-эдийн засагчид үүнийг ойлгодог ч юм уу үгүй ч юм уу? Тэд тээврийн mode, төмөр замын өргөн нарийн цариг гэж хэрэлдэн цаг алдсангүй.  Казахстаны бас нэг онцлог нь араб, персийн ертөнцийг Оросын нутгаас зааглан тусгаарлаж байдаг.

Украиныг барууныханд алдвал НАТО Оросын хилд шууд тулж очих боломж үүснэ.

Оросын цэргийн номлол, хамгаалалтын системд орон зай маш чухал үүрэгтэй. Орон зайг буй болгоход буфер улсуудын эдийн засаг ч чухал оролцоотой байдаг. Украины хямрал бол яг үнэндээ Европын зах зээлийг булаалдсан Орос байгалийн хий, Америк занарын хийн бизнесийн л тэмцэл. Украиныг барууныханд алдвал НАТО Оросын хилд шууд тулж очих боломж үүснэ. Энэ бол Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй аюул нь мэдээж. Украинаас сургамж авсан Орос ямар ч үнээр хамаагүй “ардчилсан”  Монголыг тойруулан дэд бүтцээ байгуулж зорилтот зах зээлдээ хүргэх замыг нэгэнт сонгожээ. Энэ нь нэг талаар Монголыг үл тоож байгаа мэт харагдах ч нөгөө талаар асар ихээр ойшоон болгоомжилж байгаагийн илрэл юм.

Монголчууд өнөөдөр С.Баярыг хараан зүхсээр, байр сууцыг нь илрүүлэн тоолсоор сууна. Түүний Засгийн газрын байгуулсан Оюу Толгойг олгой толгойтой бүхэн л муулж байна. Үнэхээр С.Баяр Оюу Толгойг хөдөлгөж түүнд барууны сонирхлыг томоор оруулж ирээгүй бол юу болох байсан бол. Хувьцаа нь дэлхий биржүүдээр арилжаалагдаж үй олон америк, канад, австрали иргэдийн ашиг сонирхлыг оруулж ирээгүй байсан бол Путин, Си хоёрын найрсаг уулзалтын дараа л Монголын байдал асар харанхуй болж ирэх байсныг шуудхан хэлэх хэрэгтэй байх. Оюу толгой бол хадны завсар хавчуулагдсан халиуны зулзагыг няц даруулахгүй хамгаалахаар хадны завсар зоосон шаант юм байгаан шд. Оюу толгойн хувьд нэг ч төгрөг оруулахгүй байлаа ч Монголын тусгаар байдлын баталгааг нэг хэсэгтээ л хангалцах хүчин зүйл хэвээрээ үлдэнэ. Манайхан харин тэднийг хөөн туухаа больчихвол дээр.  С.Баярыг зөв юм хийсэн гэж Жэнкогийн хэлээд байдаг нь ч бас зөв юм.

Бидэнд Оюу Толгойн олгож байгаа үүлэн чөлөөний нар болсон ирэх 30-40 жилийн боломжоо ашиглан хөршүүдтэйгээ наймаалцаж, хэрэгтэйг нь худалдаж, хэрэгтэйгээ салгаж, ойлголцож, ойлголцохын хэрээр ойртон бас дэлхийн олон улсуудын ашиг сонирхлыг Монголд яаралтай хавчуулж амжих хэрэгтэй байна. Уул уурхайг Монгол хүний чадамжийг дээшлүүлж нэг монгол нэжгээд хөрштэйгөө тэнцүү өрсөлдөж чадах хэмжээнд хүргэхэд ашиглах шаардлагатай байгаа юм.

Бид хөршүүдээсээ болгоомжлон жийрхэх тусам л улам хөндийрнө. Хөндий хөршүүдийг давж хэн ч орж ирэхгүй. Гадны хөрөнгө оруулалт орж ирвэл Монголоос Хятадтай, Оростой хийх бизнес юу байна л гэж орж ирвэл ирэх байх. Гэтэл бид тэр хөршүүдтэйгээ түнжин муутай байвал гадны бизнест ч сайнаар нөлөөлөхгүй тул тэд орж ирэхээс болгоомжлох болно.

Бидний хувьд Оростой америкаар ярих гэдгээ болиод Оростой оросоор нь, Хятадтай оросоор ярих гэдгээ болиод австралиар ярьж сурах ёстой гэж үзэж байна. Ингэвэл бидний ойлголцолын зам нээгдэж Монгол Ерөнхийлөгч урд эгнээнд парад үзэх болно.

Монгол Улс яаж ч хөгжлөө гээд Орос, Хятадаас холдон нүүх боломжгүй.

Монгол Улс яаж ч хөгжлөө гээд Орос, Хятадаас холдон нүүх боломжгүй. Иймээс учраа эртхэн зөв ололцоод ашиг сонирхлоо хамгаалаад явах ганц л зам бидэнд бий. Тэдэнтэй юугаа ч наймаацахгүй гэвэл тэд авъя гэснээ л авна гэх байх. Харин худалдаж биш хурааж авах болох вий. Иймд чөлөөт худалдаа бол тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн зөв арга гэж үзэж байна. Харин Оросын ч, Хятадын ч цэргийг Монголын хил рүү хөдөлгөхгүй байж чадах, хөдөллөө гэхэд буцаан гарахаас өөр аргагүй болгож чадах Америк тэргүүтэй барууныхныг талдаа татах ганцхан арга бол ардчилал билээ. Ардчилалгүй улсыг хэн нэгэн нь эзлэхэд Америк саад болно гэж үү?

Маргарет Митчелийн “Салхинд туугдагсад” гэж зохиол бий. Уг зохиолд Рет Батлер умардынханд олзлоглоод байхдаа  харгалзагч нартайгаа покердон хожигдож өр тавьсаар амьд үлддэг. Мэдээж умардынхан түүнээс өрөө авахын тулд Батлерийг алахгүйг тэр сайн мэдэж байв. Түүний бодсоноор ч болж. Амьд хүн аргатай гэж Батлер шоронгоос гарч тооцоогоо дуусган цаашдын амьдрал бизнесээ цэцэглүүлдэг. Хэрэв Батлер харгалзагчдаа хожоод, яс үзэн тэнцээд байсан бол бусад федералууд шигээ олзны шорондоо л дуусах байв. Хожил дандаа хожил байдаггүй. Хожигдол ч бас хожил болох нь бий. Энэ бол Монголын хувьд ч хамаатай сургамжит түүх юм шүү.

БАТ ИНЖЕНЕРИЙН БЛОГ -с нийтлэв. 

TWITTER: https://twitter.com/batengineer