Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн гэрээ тойрсон шүүмжлэл ба бодит тайлбар

ikon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотой гарч буй элдэв тайлбар, шүүмжүүдэд Тавантолгойн хөрөнгө оруулалтын ажлын хэсгээс өгч буй бодит тайлбарыг олон нийтэд ойлгомжтой байхуйц, энгийн хэлбэрээр хүргэж байна.

1. Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жил, нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр жилээр байгуулж байна.  

  • Гэрээний хугацаа сунгалтын асуудлыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшилд хэвээр үлдэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалттай андуурч тайлбарласан байна.
  • Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ.  Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгахаар тусгагдсан.

2. Тавантолгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр 2 хувийн роялтигаар бэлэглэчих гээд байна.

  • Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгох үүрэг хүлээсэн. Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Монгол Улсын хуулинд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн роялти төлнө.

2. Маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу ч орох эрхгүй гэрээ байна.

  • Хамтын ажиллагааны гэрээний 6.1(a) заалтад энэ асуудлыг тухайлан заасан бөгөөд хүний амь насыг хамгаалах, уул уурхайн аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах шаардлагын хүрээнд урьдчилан мэдэгдсэнээр талбайд нэвтрэх бүрэн боломжтой байгаа.

3. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх тэр болгоныг өөрсдөө тогтооно гэсэн байсан. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна гэж бий. Энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүйгээр тохирсон нь аюултай.

  • Ашигт малтмалын тухай хуульд заасан зарчмын дагуу зах зээлийн жишиг үнээс тооцон төлөх тул хөрөнгө оруулагчийн зүгээс нүүрсийг санаатай бага үнээр борлуулах буюу төрд бага төлбөр төлөх ямар ч боломж байхгүй.
  • Ажиллах хүчний тухайд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх бөгөөд хуулинд нийт ажилчдын 90 хувьд заавал монгол ажилтнууд байх ёстойг заасан.  

4. Хамгийн ноцтой нь “Энержи Ресурс”  авангуут маргааш нь “Шинхуа” 100 хувь шилжүүлж авах бүх зам нь нээгдсэн байна.

  • Гэрээний нийт хугацаанд дотоодын хөрөнгө оруулагч Төслийн компанийн нийт гаргасан болон зарласан хувьцааны 51 (тавин нэг)-ээс багагүй хувийг эзэмшихийг үүрэг болгосон ба  зөрчвөл Төслийн компани ноцтой зөрчил гаргасанд тооцох, гэрээг цуцлах хүртэл үр дагавар үүсэхээр гэрээнд заасан.
  • Хууль зүйн хувьд “Энержи Ресурс” авангуутаа маргааш нь “Шинхуа”-д 100 хувь шилжүүлэх ямар ч боломжгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд заавал Засгийн газраас зөвшөөрөл авахаар байгаа.

 

5. Гэрээний маргаанаас үүссэн арбитрын хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон Засгийн газар өөрийн халдашгүй дархан эрхээсээ татгалзаж байгаа нь маш ноцтой заалт.

  • Эрх зүйн хувьд улс орон тусгаар боловч тухайлсан асуудлаар арбитрт дуудагдвал тусгаар улс гэж “гөжихгүй” гэдгийг олон улсын эрх зүйн нэр томьёогоор “дархан эрхээсээ татгалзах” гэж нэрлэдэг. Нэг талаас Төр буюу Засгийн газар, нөгөө талаас аж ахуйн нэгж оролцож буй харилцаанд маргаантай асуудал гараад түүнийгээ шийдэж чадахгүй арбитрт хандах тохиолдолд харилцан тэгш эрхтэй гэсэн утга бүхий эрх зүйн зохицуулалт бөгөөд олон улсад ашиглагддаг түгээмэл ойлголт юм.

6. Төмөр замын зарцуулалтан дээр ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр ч аудит оруулаад шалгуулахад бэлэн байна.

  • Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессын гэрээний хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж ирсэн Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын Төсөлтэй холбоотойгоор зарцуулсан бодит зардлыг консорциумын зүгээс холбогдох санхүү, техникийн болон хууль зүйн дүн шинжилгээнд үндэслэн Засгийн газарт буцаан төлөхөөр заасан байгаа.
  • Энэхүү нөхцөл нь гэрээлэгч талуудын хувьд байдаг нийтлэг жишиг бөгөөд дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх юм.

 

7.  Чалкогийн 142 сая долларын өрийг л төлөх болохоос биш Чалкогийн гэрээний бүх үүрэг, хариуцлага Эрдэнэс Тавантолгой ХК дээрээ үлдэж байгаа. Уг нь Чалкогийн өмнө хүлээсэн бүх үүргийг хүлээж авах ёстой.  

  • Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4 а-д Чалкогийн үндсэн өрийг хүүгийн хамт 12 сарын хугацаанд төлөхөөр тохирсон.
  • Чалкогийн гэрээний бусад үүргийг Эрдэнэс Тавантолгой ХК гуравдагч этгээдэд шилжүүлэхэд гэрээний зөрчилд тооцогдож болох тодорхой хязгаарлалт тавигдсан учир Эрдэнэс Тавантолгой компанийн дэмжлэгтэйгээр хамтран шийдвэрлэх үүргийг Төслийн компани гэрээгээр хүлээж байгаа болно. 

8. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш Засгийн газар ямар ч нэмэлт нөхцөл тавих эрхгүй.

  • Талууд харилцан тохиролцсон нөхцөлд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэдгийг тодорхой заасан.

 

9. ҮАБЗ-ийн 2010 оны 5-р сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Тавантолгойн хэлэлцээрийг явуулахдаа мэргэжлийн зохих түвшинг хадгалж, улс төрийн аль нэг албан тушаалтныг хэлэлцээрийн аль нэг шатанд оруулахгүй байх ёстой гэсэн. Гэтэл одоо хэлэлцээрийг улс төрч удирдаад явж байна. Зүй нь яг мэргэжлийн хүн удирдах ёстой.

  • Хэлэлцээрийн ажлыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу асуудал эрхэлсэн сайд ахлан ажилласан бөгөөд түүний баг бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн дэд ажлын хэсэг орсон. Ажлын хэсэгт холбогдох чиглэлүүдийг хариуцсан бүх яамдын мэргэжилтэн, мэргэжлийн хүмүүсийг оруулсан бөгөөд улс төрийн шийдвэрийг тус ажлын хэсгээс тусдаа гаргахаар зохион байгуулж ажилласан. Үүний ч дагуу Засгийн газар, УИХ-аар шаардлагатай улс төрийн шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна.

  • Хэлэлцээрийг улс төрийн албан тушаалтан, эсхүл Засгийн газрын гишүүн явуулах ёсгүй гэсэн хууль байхгүй.

10. Тавантолгой тэртэй тэргүй хөдөлчихсөн явж байгаа, хөдлөөгүй гэж хэлж болохгүй. Чалкогийн өрөнд явчихаад л байгаа болохос биш Эрдэнэс Тавантолгой ХК жил бүр ашигтай ажиллаад явж байгаа. Монголчууд энийгээ аваад явж чадаж байгаа. 30 тэрбумын ашигтай гарсан байна лээ. Австрали нүүрс хамгийн багадаа боомт дээр 103 доллар байхад бид нар 40 доллараар нийлүүлж байна.

  • Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсийг боловсруулахгүй, сорчлон олборлож, уурхайн аман дээрээс түүхийгээр нь буюу “нинжа”-дан зарж байгаа нь Тавантолгойн бүлэг ордыг бүрэн дүүрэн, урт хугацаанд ашиглах боломжгүй болгож байна.
  • Өөрөөр хэлбэл өндөр чанартай, хөрс хуулалт багатай хэсгийн нүүрсийг нь хамж олборлоод, бага үнээр борлуулсны дараа уурхай томроод, гүн нь нэмэгдэж хөрс хуулалтын коэффициент өсөх үед, эсвэл чанар муутай нүүрс үлдсэн үед уг уурхайг явуулах боломжгүй болно.
  • Нүүрсийг боловсруулж, баяжуулж, сайн чанарын коксжих нүүрсийг чанар багатай нүүрстэй хольж нэг стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нийт нүүрсний ашиглалт сайжирч, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх боломжтой бөгөөд энэ нь нүүрсийг орд газрыг сорчилж олборлохоос сэргийлж, уурхайг удаан хугацаанд үр ашигтай олборлох боломжийг бий болгоно.

11. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэхээсээ илүү Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн гэрээ болсон байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Оюутолгойгоос аюултай гэрээ болчихсон байна.

  • Засгийн газар гэрээний нэг талын хувьд маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэх, түүнчлэн арбитрын шийдвэрийг биелүүлэхэд халдашгүй дархан эрхээ ашиглаж нөгөө талыг хохироохгүй байхын тулд халдашгүй дархан байх статусаас зөвхөн дээрх асуудлын хүрээнд татгалзах нь олон улсад тогтсон жишиг практик бөгөөд энэ нь тусгаар тогтнолоосоо татгалзана гэх ойлголтоос тэс өөр зүйл юм. 

12. Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох маш ноцтой нөхцлийг үүсгэж байна.

  • Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг хоёроос доошгүй зах зээлд борлуулах үүрэг хүлээж байгаа. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг гэх мэт зах зээлд гаргахаар гэрээнд тусгасан байгаа.

13. Тавантолгойн гэрээнд иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай нэг ч заалт байхгүй.

  • 1072 хувьцааны асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах асуудал биш юм. Учир нь Тавантолгойн нүүрсний борлуулалтаас авах татварын орлогыг дотооддоо хэрхэн зарцуулах нь Засгийн газар, УИХ-ын шийдэл.

14. Гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагчийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээх аймшигтай заалт оруулсан байна.

  • Тийм заалт байхгүй. Тодорхой томъёо зааж өгсөн, гэрээний хэд дэх жилдээ цуцалснаас хамаарч дүн нь буурна. Энэ нь ирээдүйд Засгийн газрын хүлээж болзошгүй эрсдлийг хязгаарлах сайн талтай бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг хамгаалах заалт юм.

15. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Японы Сумитомо компани багтаагүй. Сумитомо хөрөнгө оруулагч биш.

  • Сумитомо компанийн эрх үүргийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой зааж өгсөн байгаа. Нийт бүтээгдэхүүний 25-аас багагүй хувийг Япон, БНСУ, Энэтхэг болон бусад улсад борлуулна. Сумитомо бүтээгдэхүүн  худалдах, маркетинг, борлуулалт, туршилт, шинжилгээ хийх болон олон улсын банкуудаас нүүрсний экспортын санхүүжилт татах зэргийг ажлыг хариуцна.

 

Эх сурвалж: Тайлбарын дэлгэрэнгүй хувилбарыг Тавантолгойн ажлын хэсгийн www.megaproject.mn вэбсайтаас үзэх боломжтой.