Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Фашист Германыг ялагдалд хүргэсэн стратегийн ТАВАН ГОЛ АЛДАА

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар Рейхын Дэлхийн II дайнд ялагдсан олон шалтгаан дотроос гол таван стратегийн алдааг нь онцлон дурдаж байна.

 

  • Хүчээ хэт үнэлсэн

Эхний нэг том алдаа нь Германчууд өөрийн хүчийг хэт үнэлсэн явдал байлаа. ЗХУ руу довтлохдоо гаргасан хүн хүч, зэр зэвсгийн тооцоо нь Францыг буулгаж авсан амжилттай ажиллагааны баримт дээр үндэслэжээ.

Германчууд Францыг дэлхийн хамгийн хүчтэй армиудын нэгд тооцож байв. Дэлхийн II дайны эхээр Францын арми танк, онгоцоор дэлхийд гуравт, усан флотоор дөрөвт жагсаж байлаа. Цэргийн тоо нь 2 сая гаруй байв. Харин ЗХУ-тай хийх дайныг Германчууд богино хугацааны эзлэн түрэмгийлэл гэж төсөөлж байсан юм. 1941 оны намар гэхэд цахилгаан дайн хийх Барбароса төлөвлөгөө нуран унасан нь Гуравдугаар Рейхд стратегийн том цохилт болсон юм.

 

  • Лондоныг дараа нь…

1940 оны наймдугаар сарын 15-нд Германчууд Лондонд агаараас анхны цохилт өгөв. Энэ өдрийг Англитай хийсэн дайны эхлэл гэж үздэг. Гэвч эхний агаарын тулаанд Германчууд 75 онгоцоо алдсан бол Англичууд 34-ийг алдсан байна. Дараа дараагийн довтолгоонууд ч муу үр дүнтэй байлаа. Үүний үр дүнд Гитлер 1940 оны есдүгээр сарын 17-нд “Далайн арслан” нэртэй Британий арлуудыг эзлэх ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоов. Тэгж байтал ч өвөл болжээ.

Харин 1941 оны хавар Вермахт Балканы хойг дахь ажиллагаагаа эхлүүлж, зун нь ЗХУ руу довтлов. 1942 оны хавар Гитлер “Далайн арслан” ажиллагаагаа бүр мөсөн орхижээ. Лондоныг эзлэх төлөвлөгөөгөө “дараа нь” гэж хойш тавьсан нь Фюрерийн бас нэг томоохон алдаа байлаа.

 

  • Холбоотнууд-Дайснууд

Гитлерийн нэг том алдаа нь өөрийн холбоотнуудыг нэгдмэл хүч болгож чадаагүй. Холбоотнуудын дэлхийн II дайнд орж байгаа зорилго нь ч Фюрерийнхээс зөрүүтэй байлаа.

Япон ЗХУ-тай дайтах сонирхолгүй, харин АНУ-тай тулалдаж байв. Испани зүүн Фронт руу ганцхан дивиз илгээсэн бол Муссолини Зөвлөлтийг гол дайснаа гэж үзэхгүй байлаа. Унгар, Румынь хоёр уг нь Гитлерийн холбоотнууд хэрнээ бие биеэ эсрэг талууд гэж харж байв. Холбоотнууд зөвхөн Германыг ялахыг л хүлээж байлаа. Гитлерийн дипломат бодлого тун муу байсан нь гол алдаануудын нэгд тооцогдоно.

 

  • Сул хангалт нийлүүлэлт

Гуравдугаар Рейхийн арми дайны турш байнгын тун тааруу ханган нийлүүлэлттэй байлаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байв. Нэгдүгээрт Германы зэвсэглэл маш олон хэсгээс бүрдэж байлаа. Франц их буу, Чех танк гэх мэт. Тиймээс сэлбэг, эд анги нь олон газраас нийлүүлэгддэг байжээ. Гуравдугаар Рейхийн ханган нийлүүлэлт боловсон хүчний асуудалтай байв.

Стратегийн ханган нийлүүлэлт нь цэргийн албан хаагчдаар гүйцэтгэгддэг байсан. Ингэхдээ шилдэг офицерууд нь фронтод тулалдаж, хоёрдогч, гуравдагч түвшний албан хаагчид нь энэ ажлыг хариуцдаг байжээ. Энэ сул тал нь зүүн фронт дээр харагдаж байлаа. Германы зэвсэгт хүчний техникийн дөнгөж 10 хувь нь гинжит мөлхөгчид байжээ. Бусад нь дугуйтай байсан тул зөвхөн замаар явдаг техникүүд байв.

Гэтэл 1941 онд ЗХУ дөнгөж 100 мянган км хүрэхгүй хучмал замтай байлаа. Муу замд суусан машин техникууд тэдний ханган нийлүүлэлтийн сул талыг харуулав.

 

  • Тэнэглэл

Гамбургийн Бундесверийн Их сургуулийн түүхч Бернд Вегнер Германы ялагдлын нэг шалтгааныг “ялагдлын тухай ам ангайхыг цээрлэх” зарчим улс орны, цэрэг армийн бүх шатанд үйлчилж байсанд гэж тодорхойлжээ.

Черчилль ч тэр, Сталин ч тэр шийдвэр гаргахдаа бүх боломжит хувилбарыг, тэр байтугай ялагдах хувилбарыг хүртэл авч хэлэлцдэг байсан.

Харин Гуравдугаар Рейх үүнийг тэвчдэггүй байв. Ямар ч ялагдлын тухай санаа бодол хориотой. Үүний улмаас Германчууд баталгаатай сайн дайны төлөвлөгөө боловсруулж чадахгүй байлаа. Вегнер бичихдээ “сонсоход итгэмээргүй ч дайны турш Герман орон зохиомол, жүжиглэсэн дэглэмд ажиллаж байлаа” гэжээ. Берлинийг хамгаалах тулааны үед Венке, Буссе, Штайнерын ангиуд Берлинд ирж Улаан армийг цохино гэдэгт Гитлер эцсээ хүртэл итгэж байсан нь үүнийг харуулдаг. Гэвч түүх хаашаа эргэснийг бид мэднэ.

 

Эх сурвалж: Русская Семерка