Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 22-ны өдөр болох бөгөөд 2015 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд дайны хүнд цаг үед Зөвлөлт Холбоот Улсад Монгол Улсаас үзүүлж байсан хандив тусламжийг архивын баримт бичиг, баримтат кино, гэрэл зураг зэрэг 100 гаруй үзмэрээр баримтжуулан толилуулна.

2015 оны гуравдугаар сарын 24-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар батлагдсан “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медалийг Монголын 365 ахмад дайчдад гардуулсан билээ.

Үзэсгэлэнгийн үеэр “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медальт Монголын ахмад дайчин, эх орны дайны ахмад дайчин Э.Лувсанбалдангийн одон тэмдэг, хувцас хэрэглэлийг уг үзэсгэлэнд байрлуулж, түүний дурсамж, хүндэтгэлийн үгийг хүргэх юм.

Энэхүү үзэсгэлэн нь Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдааны хүрээнд зохион байгуулах ажлын нэг хэсэг бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, АЕГ-ын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов болон бусад төлөөлөгчид оролцоно.