Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг маргааш тэмдэглэх гэж байна.
Улаанбаатар хотын Замын Цагдаагийн Газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ж.Энхбат “Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон тэмдэглэсэн. Үүнийгээ уламжлал болгон хэрэгжүүлэхээр энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр хүүхдүүд эрх чөлөөний талбайд 11:00 цагт цуглан томчуудад, жолооч нарт зориулсан уриа үгтэй лоозон барьж зогсон, замын хөдөлгөөнд оролцоход тулгардаг бэрхшээлүүдээ хэлэх юм.
Мөн Монголын Сурагчдын Холбоотой хамтран нийслэлийн 44 уулзварт уриа, лоозон барьсан хүүхдүүдийг зогсоон жолооч нарт уриалгаа хүргэнэ.
Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд орж байгаа учир эцэг эхчүүддээ хүүхдээ автомашин дотроо аюулгүй тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо зөв үлгэр дуурайлал үзүүлээч ээ гэж уриалмаар байна” гэлээ.
2015 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
“Замын аюулгүй байдлын үндэсний төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн О.Батжаргал “Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдэвт долоо хоногийн аян ирэх сарын 4-10-ны өдрүүдэд дэлхий даяар явагдах гэж байна.
“Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдэвт долоо хоногийн аян ирэх сарын 4-10-ны өдрүүдэд дэлхий даяар явагдах гэж байна.
Тус аяныг угтан манай төрийн бус байгууллагаас маргаашийн өдөрлөгийг дэмжиж оролцоно. Ингээд маргаашийн үйл ажиллагаа болон “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” аяны хүрээнд хийсэн ажлаа НҮБ-ын вэб сайтад зурган хэлбэрээр тайлагнах юм.
НҮБ-ын зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бий болгох зорилгоор хэд хэдэн улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай хойд хөрш ОХУ-д хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд “Хоёр-Ш /штрафы-торгууль, шоколад/” аяныг гурван жилийн хугацаатай өрнүүлж байгаа. Замын хөдөлгөөний дүрмээ сахисан тохиолдолд хүүхдийг шоколадаар урамшуулж зөрчсөн тохиолдолд торгодог. Тиймээс хүүхдүүд машинд суумагцаа шоколадны урамшуулал авахын тулд аав, ээжийгээ бүсээ зүүхийг зөвлөж өөрөө ч бүсээ зүүж хэвшдэг байна" хэмээн ярилаа.
Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхэдтэйгээ хамт явж байхдаа хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцөлийг бий болгодог байна.
Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах, аливаа эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлж байна.
УРИАЛГА:
“Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББайгууллага тус газартай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-ийг 100.000-аас доошгүй дэмжигчдэд танилцуулан гарын үсэг зуруулж төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэн тэдгээрийн санал санаачлага, үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргуулахад чиглүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа тул Та бүхэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-тай www.SAVEKIDSLIVES2015orq цахим хаягаар орж танилцаж нэгдэхээс гадна 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Эрх чөлөөний талбай”-д 11:00 цагт зохион байгуулагдах “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т өргөнөөр оролцож, хүүхдийн дуу хоолойг сонсож, хүүхдийн төлөө юу хийж чадахаа илэрхийлээрэй!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!