2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
14°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S32
22°
15:00
S32
22°
16:00
S32
22°
17:00
S30
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхан мэт насанд нь...

Зууны мэдээ
2015 оны 4 сарын 1
Зууны мэдээ

-500 мянгыг өгч байж хүүгээ хажуугийнхаа цэцэрлэгт орууллаа. Үнэтэй л юм, гэхдээ одоо яая гэхэв. Хүү маань ядахдаа нийгэмшиг дээ.

-Тэгээд яасхийж нийгэмшиж байна?

-Ямар ч байсан самардаад авсан хүүхдэд хариуг нь сайн барьдаг болсон...

-Яаж..?

-Адилхан самардаж...


-Зарим орой хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очиход зурагтаар “Том, Жерри хоёр” үзээд сууж байдаг. Ядахдаа суудал нь хазгай, таг хажуулдчихсан үзэж байх юм. Хүзүү нь хөшчихмөөр...

-Цэцэрлэгт ТВ үзүүлдэг юм уу?

-Үзүүлэх ёсгүй л дээ. Гэхдээ олон хүүхэдтэй, зарим анги 50 гаруй хүүхэдтэй юм хойно, тэр олон хүүхдийг цөөхөн багш нар зурагт үзүүлж л аргацаадаг байх даа. Эцэг эхчүүдээс нь хүүхэлдэйн киноны DVD-г авчруулж үзүүлдэг юм билээ.

-“Том, Жерри хоёр”-ыг үзүүлж суухаар үлгэр уншиж өгдөг болоосой.

-Харин тийм ээ, би DVD-ийн оронд хоёр үлгэрийн ном өгсөн чинь багш нь их дурамжхан авч байна билээ.


-Танай хүүхэд арай дэндүү байна шүү. Айлд орчхоод бурхан шүтээнийг нь авч тоглоно гээд орилон дайрч, өгөхгүй гэхээр ширээ сандлыг нь өшигчөөд сүйд болгоод хаячих юм аа. Хүүдээ юу болдог, юу болдоггүйг хэлж, ойлгуулж байх хэрэгтэй шүү дээ.

-За тэгж л байг, том болоод ухаан суухаараа аяндаа зүгээр болчихно оо..

-Чи хүүхдээ арай дэндүү дураар нь байлгаж байна.

-Зүгээрээ, хүүхдийг таван нас хүртэл нь бурхан шиг байлгах ёстой гээ биз дээ. Тэгээд л би дураар нь байлгадаг юм.

-Чи ч хүүхдээ бурхан шиг биш, буг шиг байлгаж байгаа юм биш үү.


Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг гурван нас хүртэл нь “Бурхан мэт өргөмжил”, 3-5 насанд “Буянтан мэт асар”, 6-12 насанд “Албат мэт зүтгүүл”, 13 наснаас цааш “Анд мэт дотнос” гэсэн богинохон атлаа гүн утгат нэгэн сургаал бий...

 Их санааг хэдхэн үгэнд багтаадаг нь нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог. Энэ хэдхэн үгэнд нүүдэлчдийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал, гүн ухаан бүхэлдээ багтаж байгаа юм.

Аливааг барьж, шинжиж, баталж, нотлох дуртай орчин цагийн барууны судлаачид хүний хүн болж төлөвших явц болон оюуны чадамж 10 хүртэлх насанд, гэхдээ түүний 90 хувь нь гурав хүртэлх насанд бүрэлдэн тогтдог болохыг нотолжээ.

Өөрөөр хэлбэл, Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны үзэл баримтлал ямар үнэн болохыг баталгаажуулсан байна.

 Их санааг хэдхэн үгэнд багтаадаг нь нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог. 

Давтая, зөвхөн гурав хүртэлх насанд хүний оюун санаа, зан суртахуун, төлөвшлийн 90 хувь нь бүрэлддэг.... Монголчууд энэ насыг бурхан мэт хүнийг бүтээх үе учир “Бурхан нас” гэж нэрлэсэн.

Бидний өвөг дээдэс Шинжлэх ухааны энэ үнэнийг бүүр эртнээс гайхалтай нарийн мэдэж байжээ. Яаж мэдсэн нь тийм ч чухал биш, мэдэж байсан нь чухал.

Гурван настан энэ газар дэлхийн амьдралын хир буртаг сууж, тоос тортог дараагүй, хар буруу санаагүй бурхан мэт ариун гэгээхнээрээ байдаг тул бурханд дэвшүүлэн дээдэлж, хайр, энхрийлэл, хүндлэлийн сайхан орчин дор ирээдүйг нь, бие хүнийг нь бүтээдэг байна.

Сайхан сэтгэлтэй, зөв зан суртахуунтай, эелдэг, зөв харилцаатай, уур омог багатай, ихэрхүү бардам зангүй, юуг сайн, юуг муу гэдгийг ялгаж салгаж сайтар мэддэг, хүндлэл дээдэл төгс тийм бурхан мэт хүнийг бүтээх хамгийн чухал эгзэгтэй нас бол “Бурхан нас” гэгдэх гурав хүртэлх нас... Энэ насанд нь хүүхдийн сэвлэгт хайч мэс ч хүргэлгүй даахийг онгоноор нь байлгаж, энэ насаа өнгөрсөн хойно үргээдэг нь учиртай аж. Хүн бүтээгдэх үйл явцын 90 хувь нь ийм сайхан бурхны орчинд өнгөрч, төлөвшинө.

Түүний дараах хоёр жил буюу “Буянтан мэт асрах” нас бол хүүхдийн бие бялдрын эмгэг согогийг засах, эрүүл чийрэг болгох үе. Бурхан шиг тахин шүтэхгүй ч буянтан мэт асран тэтгэж, бие эрхтнийг нь чийрэгжүүлэх нь. Гэхдээ Бурхан мэт тахин шүтнэ гэдэг нь эрх дураар нь байлгана гэсэн үг бас биш юм шүү....

Үүнээс цааших “Албат мэт зүтгүүлэх” 6-12 насанд ажил хийлгэж, хал үзүүлж, гар хөлийнх нь булчин шөрмөсийг бэхжүүлж, хөдөлгөөний эв дүйтэй болгож, бэрхшээлийг даван туулах хатуужил суулгадаг байна. Өөрөөр хэлбэл нэгэнт 90 хувь бурхан болсон түүнд хүмүүний энэ тоост орчлонд аж төрөхөд зайлшгүй сурах учиртай ажлын дадал хэвшлүүд, өөрийгөө хамгаалах, амь амьдралаа авч явах чадварын эх суурийг олгодог ажээ.

Хувь хүн бүтээгдэх үйл явц 0-12 насанд, түүний 90 хувь нь “Бурхан” насанд, үлдсэн 10 хувь нь “Буянтан” болон “Албат” насанд, орчинд төлөвшин гүйцэх аж. Нэгэнт хүн болгон бүтээгээд авчихсан хойно түүнтэй анд мэт харьцах ёстой. 13 наснаас хойшхи насыг “Анд мэт дотнос” гэдгийн учир энэ буюу...

Ийнхүү бурхны болоод буянтны орчинд хүнээ бүтээгээд авчих ухаан бидний өвөг дээдэст хангалттай байжээ. Өвгөд маань бас “Хүнээр хүн хийхээс илүү ухаан үгүй” гэлцдэг сэн. Үүнээс илүү их ухаан гэж нээрээ хаана буй билээ. Мөн Монголчууд хүний насыг эхийн хэвлийд ураг бүрэлдсэнээс эхэлж тоолдог уламжлалтай.

Үүнийг “Хий нас” гэдэг. Энэ ч мөн их ухаан юм. Учир нь мөн л барууны судлаачид эхийн хэвлийд буй хүүхдийн “хүмүүжил, сургалт” 99 хувийн үр нөлөөтэй болохыг олон тооны туршилт, судалгаагаар баталжээ. Аль хэдийнэ хүн болох эхлэл эхийн хэвлийд тавигдаад эхэлчихсэн гэсэн үг юм. Их сэтгэгч Ж.Ж.Руссо Монголчуудын сурган хүмүүжүүлэх энэ гүн ухаанд их ойртож очсон хүн байлаа.

XVIII зуунд тэрбээр “Хүн угаасаа бурханлаг мөн чанартай. Гагцхүү түүнийг муу муухай орчин л эвдэж, бузарлаад байна. Тиймээс хүүхдийг бурхан шиг гэгээн, хайр дүүрэн орчинд өсгөх хэрэгтэй” гэж үзэж, номлож байв.

Харин Монголчууд түүнээс төө өмнө хүнийг бүтээх арга ухаанаа нарийн систем, гярхай судалгаатайгаар томьёолчихсон байлаа.

 Монголчууд хүний насыг эхийн хэвлийд ураг бүрэлдсэнээс эхэлж тоолдог уламжлалтай. 

Ухаан төгс дээдсийн маань энэ ухааныг батлах бас нэгэн судалгаа, ажиглалтыг сонирхуулъя.

Олон орны эрдэмтэд судлаачдын хийсэн ажиглалт: Бага насандаа чоно, ирвэс, сармагчин мэтийн хээрийн зэрлэг амьтдад “үрчлэгдэн” агуйд нь амьдарч байгаад эргэж хүмүүст олдсон 27 Мауглид нэг нийтлэг зүйл байжээ.

Тэд бүгдээрээ хүмүүсийн дунд нийгэмших анхан шатны босгыг давж чадсангүй, сар гарахаар чоно шиг ульдаг, хувцас өмсч, гал үзэж чаддаггүй, махыг түүхийгээр нь зулгааж иддэг, орон дээр унтдаггүй, аяганаас хоол идэж чаддаггүй, газарт асгаж байж долоож иддэг өнөөх агуйд адгууснуудтай хамт 2-11 насандаа олж авсан дадал хэвшлээ огтхон ч гээсэнгүй.

Тэдний ихэнх нь 2-5 хүртлээ араатнуудын дунд амьдарчээ. Тэд нэг нь ч бүтэн өгүүлбэр хэлж сурсангүй. Тэдгээр хүн-адгууснуудаас ердөө ганцхан нь л халбага барьж хоол идэж сурсан нь хамгийн агуу амжилт байж. Ганцхан Камала гэх Энэтхэгт олдсон охин л хүмүүсийн дунд 10 гаруй жил амьдарсан, бусад нь хэдэн сараас хэдхэн жил л амьдарчээ.

Өөрөөр хэлбэл, 0-10 хүртэлх насандаа, ялангуяа тав хүртэлх насандаа араатнуудтай байсан хүүхэд тэр чигтээ араатан л болж дуусдаг. Эргээд хүн болохоосоо нэгэнт өнгөрдөг ажээ. Хэчнээн сайхан бурхан шиг орчинд, харилцаанд эргүүлж авчраад ямар ч нэмэргүй, огтхон ч найдлагагүй... Эндээс хүүхдийн сургуулийн өмнөх болон сургуулийн бага насны боловсрол ямар чухал ач холбогдол, үүрэгтэй, юугаар ч орлуулшгүй, бас нөхөшгүй нөлөө, үр дагавартай болохыг эрүүл ухаантай хэн ч харж ойлгож болно.

Гэвч нэн харамсалтай нь монголчууд бид манжийн колонийн 230 жил, социалист үзэл суртлын 70 жилд энэ уламжлалт мэдлэгээсээ холдон мартагнаж явснаа, ялангуяа барууны “Хүн бол адгийн хувиа бодсон бэртэгчин мөн чанартай” гэсэн суурь хандлагатай хатуу либерал үзлийн цунамид өртсөн сүүлийн 20 гаруй жилд бүр тавьж тууж орхилоо.

Энэ он жилүүдэд Монголын төр улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын бурхан болох насыг нь золиослон гаргуунд нь хаяав. Эмгэнэл, гашуудал гэхэд ч багадна. Өөрөөр хэлбэл, бид хүндлэл, хүлээц төгс, оюунлаг гэгээлэг бурхан-хүн бүтээх биш, булааж авах тэмүүлэлтэй, өрсөлдөөнд зэрлэгдүү, бүдүүлэг, амин хувиа хичээсэн бэртэгчин зомби-хүн бүтээж байна.


 
Төр засгийн бодлогын доголдол, дутагдлаас үүдсэн бэрхшээлүүд:

  • Төрөөс сурган хүмүүжүүлэх уламжлалт арга ухаандаа тулгуурласан боловсролын суурь онол арга зүйг одоо болтол гаргаж чадаагүй байна.
     
  • Төр хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлыг ямагт гурав, дөрөвдүгээрт тавьж ирэв.
     
  • Төрийн бодлого дутагдсанаас ясли, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, улсын хэмжээнд 56 мянган  хүүхэд буюу 10 хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдаж чаддаггүй,
     
  • Ясли, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс нэг ангид даац хэтэрч, улмаар ясли цэцэрлэгийн сургалт стандартыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Зөвхөн өдөр өнжүүлэх төдий үүрэг гүйцэтгэж, хүүхдийн төлөвшил хүмүүжил анхаарлын гадна гарсан.
     
  • Мөн ясли цэцэрлэгт хүүхдээ оруулах эрэлт хэрэгцээ нэмэгдэж, энэ нэмэгдэхийн хэрээр төлбөрийн чадвараар уралдах, ялгарах байдал бий болсон.
     
  • Эмзэг бүлгийн хүүхдүүд улсын, хувийн ясли, цэцэрлэгт хамрагдах боломжгүй болсон. Тэд амьдралын маш хүнд хэцүү хатуу нөхцөлд өсч байна. Нийгмээ, орчин тойрноо үзэн ядаж, дайсагнасан сэтгэлгээний хандлага илэрхий ажиглагдаж мэдрэгдэх болсон.
     
  • Ясли, цэцэрлэгийн багш нарыг дунд сургуулийн багш нараас доод төвшинд үзэж ирсэн, сургалт хийгээд цалин хангамж нь доогуур.
     
  • Цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийн ч, ясли, цэцэрлэгийн багш нарын ч сургалтын агуулга, стандарт хоцрогдсон, явцуу байсаар байна. Өөрөөр хэлбэл “бурхан хүн бүтээх” өвөг ухааны үнэр алга байна.
     
  • Ясли цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг нөхөхөөр хувийн цэцэрлэг, яслийг олноор нь хөхиүлэн дэмжиж буй ч тэдгээрт хүүхдийг хүн болгох зорилго хомс, бизнес нь түлхүү талдаа байдал илэрхий ажиглагдаж байна. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй цэцэрлэгийн 130 гаруй нь төрийн бус өмчийн цэцэрлэг байна. Эдийн засаг хүнд хэцүү цаг дор хувийн хэвшилд төр ачааллаа хугаслах нь зөв арга зам ч, түүндээ тавьдаг шаардлага, стандарт илт дутмаг байна.

Үндэстний сэтгэлгээний доголдол

  • Олон эцэг, эх “Бурхан мэт өргөмжлөх” гэдэг уламжлалт ухааныг огт мэддэггүйгээс хүүхдээ энэ насанд нь хатуу чанга дэгтэй байлгах, зодох, айлгах, хажууд нь бүдүүлэг авирлах, чанга яхир дуугаар харьцах гэх мэтээр хүмүүжүүлдэг. Улмаар хүүхдийн дотоод ертөнц эвдэрч, өөртөө итгэлгүй, зальхай, хуурамч, эв таарвал хэнийг ч хуурч мэхлэхээс буцахгүй хүн болон өөрчлөгдөж байна. Эсвэл зүгээр л зөнгөөр нь хаячихдаг.
     
  • Зарим эцэг, эх “Бурхан мэт өргөмжлөх” гэдгийг хаа нэгтэйгээс сонссон ч үүнээ огт буруугаар буюу хэт эрх дураар нь байлгаж, хүссэн бүгдийг нь биелүүлэх явдал гэж ойлгосноос үүдэн бусдыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх тухай анхан шатны мэдрэмжгүй болгон өсгөж байна. Юу болдог, болдоггүйг хэлж, ярьж, үлгэрлэж, сургах тухай ямар ч оролдлого, ойлголт, хандлага байдаггүй. Угаасаа ч тийм гэрийн суурь хүмүүжил ч, сургуулийн хүмүүжил ч, үндэстэн нийтийн ойлголт ч байхгүй болчихсон.

Үр дүнд нь хүүхдүүд нь санал нийлээгүйгээ шууд дарж авах гэж улайран үзэн яддаг, түрэмгий араншинтай, бусдыгаа ойлгох, хүндэтгэх анхан шатны зан суртахууны харилцаанд сураагүй, өөрийгөө ертөнцийн төв гэж үздэг бурангуй сэтгэлгээтэй болон өсч байна.

Өнөөдөр харанхуй, ахуйн болон харилцааны соёлын дутмагшилд гүнзгий нэрвэгдсэн нийгмийн нөхцөлд байдалд энэ мэт сурган хүмүүжүүлэх мунхагдуу аргын доголдол нөлөөлсөн. Уламжлалт суурь үзэл баримтлал, гүн ухаанаа гүнзгий шингээсэн, ямар ч засаг нь гарсан ягштал баримталдаг сурган хүмүүжлийн төрийн бодлогын баримт бичиг одоо болтол тодорхойгүй байна.

Монгол хүн, Монгол зан заншлын онцлогт тохирсон үндэсний баялаг, өвөрмөц, нарийн үзэл баримтлал, гүн ухаан байсаар атал барууны сурган хүмүүжлийн олон арга туршлагыг Монгол ахуй, хүнд зохистой эсэхийг хянан үзэлгүйгээр олон жилээр хуулбарлан дагаж, үнэн хэмээн нот итгэн төөрөлдөж, үндэстнийхээ ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа, улмаар улс үндэстнийхээ оюун сэтгэлгээний цоорхойг улам томруулж ирлээ. Ийнхүү төрийн бодлого дутуудсанаас олон гажуудал ар араасаа ундарч, гарах гарцгүй мэт битүү гогцоо тойрог үүсгэжээ.

Үндэстэн нийтээрээ сурган хүмүүжүүлэх баялаг уламжлалт арга ухаанаа таг мартсан, буруу зөрүү ойлгосон, мэддэг ч ач холбогдлыг нь гүнээ ухааран ойлгоогүй байдал хавтгай байна. Самардвал адилхан самардалцаад, нулимсны өмнөөс бас нулималцаад явахыг нийгэмших гэж ойлгох хэмжээнд хүртлээ бид зэрлэг байдалдаа дасчихсан байна.

Гудамжинд нус, цэрээ хаяхыг байтугай орцонд бие засахыг ч энгийн явдал гэж үздэг. Дараалал дайрахыг, булхай луйвар хийхийг, бүдүүлэг, эз түрэмгийг чадаж байгаа хойно арга байхгүй гэж өөгшүүлдэг. Худлаа ярьж, улсаа дампууртал завшихыг бахархан дуурайдаг оюуны соёлын наад захын хэм хэмжээг мэдэхгүй нийгэм бий болж байна. Яагаад гэвэл ийм гаж зүйлтэй нийтээрээ огтхон ч тэмцдэггүй, төр нь ч ийм мэт оюун сэтгэлгээ, ёс зүйн асуудалтай огтхон ч зууралддаггүй, их сайхан дипломат төртэй болсон.

Ийм ой гутам байдлыг бид хаа сайгүй, замын хөдөлгөөн дунд, нийтийн үйлчилгээнд, айл гэрт, ялангуяа улс төрийн өндөрлөгт бүр ихээр харж, үзэж байна. Төрийн өндөрлөгүүд, лидерүүд маань улайх ч үгүй худал залцгааж, нэг нэгнээ ховч эхнэрүүд аятай муулцгаана, муу муухайд үндэстнээ үлгэрлэнэ.

Тэгээд адагт нь Монгол хүн бол тэнэг, бүдүүлэг, соёлгүй, совест байдаггүй гэж нийтээрээ шогширцгооно. Гадагшаа очихоороо Монгол хүн Монголоосоо цэрвэн зугтаацгаах нь олонтаа...

Б.Номинчимэд

 

x