Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасыг гадаад зах зээл дээр гаргахаас өөр арга, зам байхгүй”

Д.Энхтүвшин
2015 оны 3 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын барилгын салбар жил бүрийн Хавар нойрноос сэрж, намрын сүүл сард “ичээнд”-ээ ордог. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг утаанаас ангижруулах, гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах үйл ажиллагааны хүрээнд барилгын салбар эрчимтэй өргөжиж байгаа.

Гэхдээ өсөлт, хөгжилтийг дагасан хар бараан мэдээллүүд ч тасралтгүй хөвөрсөөр өнөөдөртэй золгосон. Жишээлбэл 2014 онд гарсан барилгын осол өмнөх 2013 оныхоос 44 хувиар өссөн байна.

Мөн сүүлийн таван жилийн байдлаар нийт ослын 88 хувь нь хүний амь нас үрэгдсэн хэрэг эзэлж.Өнөөдрийн байдлаар 4,000 орчим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаатай уялдан барилгын салбарт ажиллагсдын тоо ч эрс нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар 4,000 орчим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаатай уялдан барилгын салбарт ажиллагсдын тоо ч эрс нэмэгджээ.

Нөгөөтэйгөөр барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрээд байгаа учир энэ асуудлыг тусгайлан ярилцахын тулд өчигдөр эхэлсэн “Барилгачдын зөвлөгөөн -2015” ирэх баасан гараг буюу 27-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Үүнтэй уялдуулан Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж ярилцлаа. 

-Хоёр, гурван жилийн өмнөхийг бодвол барилгын салбар буурч байгаа нь анзаарагдаж эхэллээ. Энэ байдал аль хэр удаан үргэлжлэх бол? 

-За тийм ээ. Өнгөрсөн жил, энэ жилийн урьдчилсан прогнозыг харахад барилгын салбар ерөнхий мөнгөн дүнгээрээ бууралттай байгаа. Гэхдээ ерөнхий ажлын хэмжээ, цар хүрээ нь үндсэн төлөвлөлт, чиглэлээсээ нэг их хазайгаагүй. Жишээлбэл 21 аймгийг хот болгох ерөнхий төлөвлөгөөний дагуу ихээхэн бүтээн байгуулалт графикийн дагуу хойшид ч өрнөөд явна.

Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил тогтоогдсон байршлууд дээрээ лав л ойрын гурваас дөрвөн жил нэлээн эрчимтэй өрнөх болно. Барилгын салбарт яг ямар ажил бууралттай болж, ямархуу асуудал үүсээд байгаа юм бэ гэвэл өөрсдөө хөрөнгөө гаргаж барьсан барилгын компаниудын бэлэн болсон орон сууцнуудын борлуулалт нэг үеэ бодвол гацаанд орчхоод байна.

Нөгөө талаар ноднингийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн шугамаар, төсвийн төвлөрсөн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга угсралтын ажлуудын гүйцэтгэл, санхүүжилтийн асуудлууд гацчихаад байгаа. Эдгээр нь эргээд барилгын компаниудын барилга угсралтын ажлын чадавхад нөлөөлж байна.

Яагаад гэвэл түрүүчийн хийсэн ажлуудынх нь мөнгө нь олдохгүй байгаагаас болоод тендерт орохдоо баталгаа гаргах зориулалтаар банкнаас авсан зээлүүд нь нэхэгдэж, аль аль талдаа ихээхэн хүндрэл үүсээд байгаа. Энэ бүхнээс болоод бидний тооцоолж байгаагаар барилгын салбар бүхэлдээ 30 гаруй хувийн бууралттай явж байна.

-Банкинд ихээхэн өртэй болчхоод байгаа компаниудын нэгэнт барьчихсан барилгуудыг аль болох хурдан зарж, борлуулахын тулд давын өмнө хэрэгжүүлэх ёстой шийдэл, гарц харагдана уу. Төрийн зүгээс яаж нөлөөлбөл зохилтой вэ? 

-Нэгэнт хөрөнгөө оруулаад барилгаа барьчихсан компани, төр хоёрын ойлголцол маш чухал болчхоод байна. Үнийн дүн дээрээ тохиролцож, хэдийг нь Засгийн газрын хөтөлбөрт оруулж яаралтай борлуулах вэ гэдгээ давын өмнө шийдэх хэрэгтэй. 

-Хавар болчхоод байхад Улаанбаатарт барилгын ажил эхлээгүй л байна. Томоохон барилга угсралтын ажлуудын сонгон шалгаруулалтууд цагтаа хийгдсэн болов уу? 

-Ямартай ч манай барилгын салбарын ихэнхийг бүрдүүлдэг улсын төвлөрсөн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд одоо болтол тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт явагдаагүй байгаагаас болж энэ жилийн барилга угсралтын ажил жаахан хойшлогдож байгаа нь үнэн.

Үүнээс гадна бас нэг санаа зовоосон асуудал нь өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажил нь хийгдсэн барилгын компаниуд энэ жилийн наадам хүртэл мөнгөө авч чадахгүй бодит нөхцөл бүрдчихээд байгаа. Нэгэнт хийсэн ажлынхаа санхүүжилтийг жил дамнан авч чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдал удаан үргэлжилбэл энэ жилийн барилга угсралтын ажил төлөвлөж байгаагаас ихээхэн доогуур үзүүлэлттэй хэрэгжих нь тодорхой. 

-Барилгын хөгжлийн төв дээр улсын хэмжээнд хэдэн барилга угсралтын компанид хэчнээн тооны барилгачид хамрагдаж байгаа бодитой тоо баримт байгаа юу? 

-Саяхан энэ талын тоо баримтыг нягталж үзсэн. Барилгын хөгжлийн төв дээр цугларсан тоо баримтаас үзвэл барилга угсралтын зөвшөөрөл авсан 3,800 орчим компани барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, барилгын зураг төсөл, тээвэрлэлт хариуцан ажиллаж байгаа дүн мэдээтэй байна.

Яг эндээс идэвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь 780 орчим компани байгаа юм. Энэ мэдээг жил болгон тендерт шалгаран төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын гүйцэтгэлийг шалгасан дүн мэдээтэй харьцуулан гаргаж байгаа юм. 

-Сүүлийн үед барилга угсралтын чанар ихээхэн муудаж байгаа. Барилгын стандарт мөрдөгдөхгүй байгаагаас барилга хоорондын зай, ханын зузааны хэмжээ ихээхэн алдагдах болсон. Хажуугийн айлын дуу чимээ тэр чигээрээ сонсогддог гээд ихээхэн гажуудал үүссэн. Барилгын чанар, стандарт яагаад мөрдөгдөхгүй байна вэ? 

-Үнэхээр барилгын чанар харилцан адилгүй болж, стандарт зөрчигдөж байгаа дутагдал буурахгүй байгаа нь үнэн. Хамгийн гол нь барилгын салбарт туршлагатай, мэргэжилтэй ажилчид ихээхэн дутагдаж байна. Тухайн барилга угсралтын компанийн үндсэн ажилчин гэхээсээ илүүтэй явуулын бригад ч юм уу, түргэн мөнгө олох гэсэн хэдэн хүн нийлээд барилгын ажил гүйцэтгэдэг болсон нь барилгын чанар муудаж, стандарт зөрчигдөх гол нөхцөл, шалтгаан болоод байна.

Өнгөрсөн оны судалгаагаар нийслэлийн хэмжээнд 250 орчим бригад буюу 10,000 гаруй ажилчид ямар ч харьяалалгүй гүйцэтгэгчээс, гүйцэтгэгчийн хооронд ажилладаг дүр зураг гарсан. Судалгаагаар эдгээр хүмүүсийн 60-70 хувь нь барилгын ямар ч мэргэжилгүй.

Үлдсэн нь мэргэжилтэй хэрнээ түвшин ахиагүй, нэг ёсондоо тун тааруухан барилгачид гэсэн үг л дээ. Ихэнх туслах ажилтнууд хөдөө, орон нутгаас ирдэг. Уг нь Барилгын тухай хууль, Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулиндаа ийм хүмүүсийг ажиллуулахыг хориглодог юм.

-Ингэж хэсэг бүлгээрээ, түр ажилладаг хүмүүс нийт барилгачдын хэдэн хувийг эзэлж байгаа бол? 

-Нийт барилгачдын яг хэдэн хувь болж байгааг нарийвчлан тогтоогоогүй байгаа. Өнөөдөр ажиллаад маргааш нь мөнгөө аваад алга болчихдог болохоор их зовлонтой. Албан бус тоогоор нийслэлийн хэмжээнд 250 гаруй, орон нутагтай нийлүүлбэл 400 орчим бригад, хэсэг бүлгээрээ ажилладаг хүмүүс байна гэсэн тооцоолол бий.

Нэг бригадыг доод тал нь арван хүнтэй гэж бодоход ойролцоогоор 10-15 мянган хүмүүс замбараагүй байдлаар ажиллаж байна гэсэн үг. Гол нь ажлын байран дээр осолд орсон үед ямар ч баталгаа байхгүйгээр хохирч үлддэг. Бас гүйцэтгэсэн ажлынх нь чанарын баталгаа байхгүй. Муу гүйцэтгэчихсэн байвал хэнд хариуцлага тооцох нь бас л тодорхойгүй учир бидэнд ч их зовлонтой. 

-Барилгын салбарт жил бүр гадны тодорхой хэлбэл БНХАУ, БНАСАУ-аас олон тооны ажилчин ажиллуулдаг. Энэ тоо өсч байна уу, буурч байгаа юу? 

-Ер нь бүтээн байгуулалтын цар хүрээнээс хамаарч манай барилгын салбарт жилдээ 10-15 мянган гадаад ажилчдын орон тоо шаардлагатай байдаг. Гэхдээ одоогийн байдлаар 10 мянга орчим гадаад ажилчид авч ажиллуулж байгаа. 

Мэдээж үүнийг багасгах ёстой ч, ойрын гурав, дөрвөн жилдээ бүтээн байгуулалт ихэсч байгаа тул багасгах боломж харагдахгүй байгаа. Барилгын салбар улирлын чанартай, зундаа бүх ажлаа амжуулахын тулд хөдөлмөрлөх боловсон хүчин маш их шаардлагатай байдаг. Үүнд л тэдгээр хүмүүсийн орон зайн гарч ирээд байгаа юм шүү дээ.

Одоо тавьж буй бодлогын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбанит” ашиглалтад орж, шинэ технологиудыг олноор нэвтрүүлээд эхэлбэл гадаад ажилчдын хэрэгцээ багасна. Дээрээс нь үндэснийхээ ажилчдыг мэргэшүүлэх, ажлын үнэлэмжийг нь дээшлүүлээд эхэлбэл уг асуудал шийдэгдэх боломжтой л гэж харж байна. 

-Энэ жилийн тухайд барилгын салбар хэцүүхэн л байдалтай байгаа юм байна. Одоо давын өмнө ямар асуудлыг шийдэх шаардлагатай вэ? 

-Ерөөсөө л аль ч салбар ялгаагүй гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, нааш нь хөрөнгөө оруулах сонирхлыг нь нэмэгдүүлэх нь хамгийн ойрын тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа дотоодын компаниудтай ижил тэгш ашиг, орлоготой байж, бүх талаар хоршин ажиллах нөхцөл бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.

Одоо хийгдэж эхлээд байгаа ч хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй болчхоод байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд гадаадын, Олон улсын хөрөнгө оруулагчдыг урин оролцуулж “Москва хороолол” гэдэг шиг Сингапурын хөрөнгө оруулалттай бол “Сингапур хороолол”, “Токио хороолол”, “Бээжин хороолол”, “Хонг Конг хороолол” гээд бүхэл бүтэн хорооллуудыг гадны хөрөнгө оруулагчдад итгэн хариуцуулах ажлыг даруйхан эхлэх шаардлагатай байгаа юм. 

-Сүүлийн үед орон сууцны борлуулалт эрс буурч байгаа нь найман хувийн зээл авах боломжтой хүмүүс нь үндсэндээ орон сууцанд ороод дуусч байгаатай холбоотой гэж байна. Одоо банкнаас зээл авах чадваргүй, боломж муутай хүмүүсээ орон сууцжуулахын тулд арай л өөр зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? 

-Саяхан Барилга хот байгуулалтын яаманд энэ талаарх шаардлага хүргүүлж байна лээ. Эцсийн эцэст барьчихсан барилгаа борлуулахын тулд төр, хувийн хэвшил хоёр тодорхой үнэ дээр санал нэгдэх шаардлагатай байгаа юм. 2009 онд яг ийм байдал үүсэхэд төрийн албан хаагчийн 4,000 орон сууцны төсөл дээр төр, хувийн хэвшил нэгдсэн ойлголцолд хүрээд л асуудлаа шийдэж байсан.

Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулагчдыг барилгын салбарт татахдаа үнэт цаасны хоёр дахь зах зээлийн зарчим, үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцаар барьцаалсан үнэт цаасыг гадаад зах зээл дээр гаргаж, түүнээс орж ирсэн мөнгөөрөө орон сууцаа борлуулах цаг болсон. 

Түүнээс өөр ямар ч арга зам харагдахгүй байгаа. Тэгээд ч БНСУ зэрэг улсуудын туршлагаас харахад хамгийн эхлээд барилгын салбараа дэмжсэн шиг дэмжиж байж эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан байдаг юм. Яг энэ ажлыг бүтэн 10 жил ярьж байгаа ч дөнгөж ноднингоос ажил хэрэг болж эхэлж байгаа. Одоогийн байдлаар дөнгөж хоёр дахь удаагаа арилжаа хийгдэж 680 орчим тэрбум төгрөг орж ирээд байгаа. Уг нь энэ ажлыг таван жилийн өмнө хэрэгжүүлчих хэрэгтэй байсан юм. Одоо гадаад зах зээл рүү бушуухан гарахгүй бол өөр ямар ч арга байхгүй. 

Зураг