Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Амины орон сууцны хороолол бүхий шинэ суурьшлын бүсүүдийг дорвитой нэмэгдүүлнэ"

Д.Түвшин
2015 оны 3 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

1994 онд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Нийслэл хотод ажлаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Өнөөдөр Дархан-Уул аймаг нь Засаг захиргааны нэгжийн хувьд дөрвөн сум, 24 багтай бүх төрлийн дэд бүтэц сайтар хөгжсөн Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой төвлөрсөн аймаг билээ. “Бурхантын хөндий”-д тэртээ 1961 оны аравдугаар сарын 17-нд анхны суурийн чулууг нь тавьж байсан Дархан-Уул аймаг өнөөдөр 3.275 км квадрат нутаг дэвсгэр дээр 100 мянга орчим хүн ам оршин суудаг томоохон аймаг болоод байгаа юм. 

-Өнгөрсөн онд Дархан-Уул аймагт улсын төсвөөс хэчнээн төгрөг хуваарлигдсан бол. Энэ 2015 онд төсөв багагүй танагдсан байх даа? 

-Дархан-Уул аймгийг загвар хот болгон хөгжүүлэхийн тулд шинэ суурьшлын бүсүүдэд инженерийн дэд бүтэц, цэвэр, бохир усны шугам хоолой татахын тулд нэлээн их хөрөнгө оруулалт зарцуулагдсан.

Жишээлбэл Дархан сумын “Бурхант хясаат” буюу дэд станцаасаа хойш нь “Тавин лан” компаниар 10.5 тэрбум төгрөгөөр бидний ярьдгаар Дархан зочид буудлын арын хэсэг болох 15 дугаар байрны нутаг дэвсгэрийн барилгажаагүй, сул чөлөөтэй газын инженерийн дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, дулааны хангамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэлээ. Ингэснээрээ энэ газар дээр 251 айлын амины орон сууцны хорооллыг төлөвлөлтийн дагуу барьж эхлээд байгаа юм. 

Тун удахгүй энэ сарын 29-нд энэхүү дэд бүтцийг түшиглэсэн төсөл сонгон шалгаруулалт, газар олголтыг зэрэгцүүлэн явуулах гэж байна. Ингэснээрээ Дархан хотын иргэд ая тухтай, эрүүл орчинд нийтийн эзэмшлийн болон амины эзэмшлийн орон сууцны хорооллуудад ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх, улмаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон амины орон сууцны төсөл хөтөлбөр Дархан-Уул аймагт жишиг болохуйцаар хэрэгжих боломжтой болоод байгаа юм. 

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн асуудал томоохон төв суурин газруудын хувьд бас нэгэн хүндрэл, бэрхшээл болоод байгаа. Энэ асуудлыг Дархан-Уул аймагт хэрхэн зохицуулж байгаа вэ? 

-Энэ бол үе үеийн Засаг дарга нарын хамгийн гол анхаарлаа хандуулсаар ирсэн, яах аргагүй хүндрэлтэй асуудлын нэг юм л даа. Манай Дархан-Уул аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газраас өгч байгаа мэдээллээр бол Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх насны боловсролын хамрагдалд 85 хувьтай байгаа дүнтэй байна.

Бидний хувьд 2014 онд төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч хөрөнгө оруулалт саатсан шалтгаанаар он дамжаад явж байгаа. Энэ нь хөдөөгийн Шарын гол суманд нэг, Дархан сумын алслагдсан гэр хорооллын нэг, долоо, 15 дугаар багийн нутгуудад байгуулагагдаж байгаа гурван цэцэрлэгийг хэлж байгаа юм.

Хамгийн сүүлд тавхан хоногийн өмнө долдугаар хороонд баригдаж байгаа цэцэрлэг нээлтээ хийж, зургаа, долдугаар хорооны 130 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. Энэ 2015 онд 15 дугаар хороонд дахин нэг цэцэрлэг барихаар техникийн нөхцлийг нь аймгаас гаргуулаад яам руу баримт материалыг нь явуулсан.

Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа үед төсвийн хөрөнгө хүлээж суулгүй хувийн хэвшлийнхний хүч бололцоог ашиглан өнгөрсөн хоёр жил 11 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан туршлагадаа тулгуурлан хойшид ч тэр ажлыг үргэлжлүүлэх болно. Сургуулийн хувьд өнөөдөртөө Дархан-Уул аймаг хэрэгцээ шаардлагаа хангаж байгаа. 

-Дархан-Уул аймгийг залуучуудын хот гэж ярьдаг. Залуучуудынхаа сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын тоог нэмэгдүүлэхийн тулд ямар ажлууд хийж байна? 

-Тийм ээ. Үнэхээр ч манайхыг “Найрамдлын Дархан, залуусын хот” гэдгээр бид бахархаж амьдардаг. Энэ утгаараа хүн амын ихэнхийг залуучууд эзэлдэг. 2014 онд хотын хөгжилд залуучуудын үүрэг оролцоо ямар байх талаар залуучуудын бүх л байгууллагуудаа хамарсан нэгдсэн чуулган хийж, уриалгаа гаргаад ажиллаж байна.

Дархан хотын залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх залуучуудын хөгжлийн томоохон байртай болсон нь энэ ажилд томоохон ахиц гарч байгаагийн илрэл юм. Дарханд үйл ажиллагаа явуулдаг залуучуудын эрх ашгийг хамгаалах бүх л ТББ-ууд нэг дор цугларч, үйл ажиллагаагаа нэгдмэл, цогц байдлаар явуулдаг болоод байна. Өнөөдөр төрийн бүх л ажлыг төрийн анхан шатны байгууллагуудаар заавал дамжуулж, тэдний хүч оролцоотойгоор хийж, хэрэгжүүлээд байх нь учир дутагдалтай гэдгийг манай залуучууд ойлгож, өөрсдөө ихэнх ажлуудаа мэдэж, хариуцаад явдаг болсон. 

Сайн, сайхан амжилтууд маш их гарч байна. Өнөөдөр Дарханы залуучууд Монголоос анх удаа бүжгийн спортоор дэлхийн аварга боллоо. Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэггүй хамт олон болох чиглэлд их, дээд сургуулиуд дээр олон чухал ажил зохион байгуулж байна.

Хамгийн гол нь Дарханы залуучууд шинэ соргог бүхэнд маш их тэмүүлэлтэй, цоглог хандаж ямагт урагшаа харж амьдардаг нь бусад бүх аймгуудаас эрс өөр, ялгаатай байдаг. Монголын сайхан бүсгүйчүүд үргэлж Дарханаас тодордог шиг спорт, урлаг гээд олон салбарт Дарханы залуучууд ямагт манлайд нь явдаг. Байдал ийм тодорхой учир Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс залуучуудынхаа шинэ санаа, үүсгэл санаачилга бүрийг ямагт дэмжиж ажиллах болно. 

-Энэ онд орон сууцны ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих вэ. Аймаг бүрт барьж байгаа 1,000 орон сууц баригдаж байгаа юу? 

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт 1,000 орон сууц барих хөтөлбөр явж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрт Дархан-Уул аймагт 2013-2016 онд таван мянган орон сууц барих боломжтой гэж судалгаа хийж, мөрийн хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаа.

Зөвхөн 2014 оны эцсийн байдлаар Дархан-Уул аймагт 3,184 айл өрх шинэ сууцанд орсон үзүүлэлт байгаа. Ирээдүйд Дархан хотод 300 мянган оршин суугчийн бүх асуудлыг шийдэхээр зорьж байгаа нөхцөлд давын өмнө орон сууцны асуудлыг зайлшгүй шийдэх ёстой юм.

Яг энэ чиглэлд Дархан-Уул аймгийн өөрийн барилгын салбарууд өнгөрсөн хоёр жилийн дотор хөл дээрээ тогтож, санхүү эдийн засаг, хүн хүчний хувьд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай болсон нь том амжилт гэж харж байгаа. Жишээлбэл “Дархан Минж” компани гэхэд л “Парк таун” гээд Залуучуудын театрын хажууд байгаа хорооллыг бүтнээр бие даагаад барьчихлаа.

“Шунхлай хайрхан” компани хамгийн орчин үеийн Солонгос, Туркийн технологийг оруулаад ирлээ. Мөн Улаанбаатар хотоос ч гэсэн зарим нэг компани орж ирээд орон сууцны хорооллын ажилд оролцож байна.

Иргэдийн зүгээс амины орон сууцны хорооллуудыг инженерийн дэд бүтцэд холбож өгөөч ээ гэсэн хүсэлт маш их ирж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт 1,000 орон сууц барих хөтөлбөр явж байгаа. 

Тийм учраас бид сая аймгийн иргэдийн хурлаар найман хорооллыг баталгаажууллаа.

Одоо төслийн хэмжээнд яригдаж байгаа 31 дүгээр хороолол буюу 390 орчим айлын инженерийн дэд бүтэц, шугам хоолойн зургийн ажлыг энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр болсон. Ингэвэл 2015-2016 онд 31 дүгээр хороололд 390 айлын амины орон сууцны хороолол нэмэгдэх боломжтой болно. 

-Дархан хот бол хэзээнээсээ арьс ширний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрийн бааз суурь арвинтай газар. Эдгээр дээр нэмээд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? 

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгагдсан. Өнөөдрийн байдлаар Дарханы ялангуяа оёдлын үйлдвэрүүд Монголдоо жишиг болохуйцаар үйлдвэрлэл явуулж байгаа. Жишээлбэл “Титэм уул” гэдэг оёдлын компани сурагчийн форм оёх ажлын хүрээнд кластик хэлбэрээр энд тэнд ажиллаж байсан жижиг үйлдвэрүүдээ нэгтгэж томоохон оёдлын үйлдвэрийн нэгдэл болоод байгаа.

ОХУ-тай визгүй зорчдог болсноор жижиг дунд үйлвэрлэл ялангуяа бүлэг хоршоо байгуулан бэлэг дурсгал, гар аргаар урласан гутал, хувцас, ахуйн зориулалтын үйлдвэрлэл ихээхэн өргөжин хөгжиж байна. Эдгээрийг гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай цаг алдалгүй холбож үйлдвэрлэлийг нь өргөжүүлэх, ажлын байр олшруулах нь бидний өмнө тулгарч байгаа бас нэг гол асуудал болоод байгаа.

Сүүлийн жилүүдэд Хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс аймгуудад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хуваарилж байгаа. Харин Дархан-Уул аймгийн хувьд дээрх мөнгө үнэхээр хаанаа ч хүрдэггүй юм. Хэрүүл маргаантай, хардаж сэрдсэн, шалгуулж нягтлуулсан гээд нэлээн зовлонтой шүү. Манай аймгийн хувьд 2013 онд 500 сая, 2014 онд нэг тэрбум гээд нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан санхүүжигдсэн.

Ирж байгаа төсөл хөтөлбөрүүд бол маш олон байгаа. Орон нутгийн хэмжээнд хамгийн дээд тал нь 100 сая төгрөгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрхтэй байдаг. Гэтэл ирж байгаа төслүүд нь 50-60-аараа шийдлээ хүлээгээд л байж байх жишээтэй. Уг нь болдогсон бол төр засгийн зүгээс болон тухайн орон нутгийн удирдлагын зүгээс ч гэсэн хамгийн эхлээд жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдээ дэмжсэн шиг дэмжээд өгмөөр байгаа юм.

Тэгвэл маш олон ажлын байр гарч хамгийн гол нь яг амьд, амьдрал дээр үр өгөөжөө шууд өгөөд явах үйлдвэрлэл хөгжөөд байх боломжтой нь сүүлийн хоёр жилийн туршлагаас тодорхой харагдаад байгаа юм. Даанч улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор тэр бүр санхүүжүүлээд, үр дүнг нь үзэх хэмжээнд тусалж дэмжиж чадахгүй байгаа нь л жаахан харамсалтай юм даа. 

-Та шинэ суурьшлын бүсийн тухай ярьж байна. Ингэхэд иргэдэд олгож байгаа 0.7 га газрын асуудал Дархан-Уул аймагт ямархуу янзтай байгаа вэ? 

-Бид 2014онд иргэдэд олгох 0.7 га газрыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Хөтөл хороолол буюу Орхон, Дархан сум хоёрын зааг дээр багагүй төлөвлөлт зохион байгуулан газар олголт хийгдсэн. Одоогоор 825 айл тэрхүү шинэ бүсэд газраа аваад байна. Цаашид олгох газруудын кдастар, төлөвлөлтийг хийгээд бэлэн болчихсон байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу газар олголт Дархан-Уул аймгийн хувьд хэвийн үргэлжилж байгаа. Уг газар нь инженерийн дэд бүтэц, шугам хоолойд холбогдоогүй байсан тул тэнд газар авах иргэдийн сонирхол бага байсан юм.

Иймд 2014 онд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчний хангамж нь бүрэн шийдэгдсэн болохоор тэнд эрчимтэй шинэ суурьшлын бүс үүсээд байгаа. Ер нь Дарханчууд үржил шимтэй газраа түшиглэж хувийн хэрэгцээгээ хангаад байх ногоо тарих боломжтой, инженерийн дэд бүтцэд холбогдсон амины орон сууцны хорооллуудад аж төрөх ихээхэн сонирхолтой байгаа. Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ энэхүү хүсэл, сонирхолд нийцүүлэн шинэ суурьшлын бүсүүдийг 2015-2016 онуудад дорвитой нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Зураг