Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаныханд орон сууцны буцалтгүй тусламж олгоно

Б.Төгөлдөр
2015 оны 3 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Төрийн албаныхан хоёргүй сэтгэлээр үндсэн ажлаа хийх нөхцөл тун удахгүй бүрдэх бололтой. Учир нь Нийслэлийн Засаг дарга 
Э.Бат-Үүлийн санаачилсан төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж байгаа юм. 

Өчигдөр болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай” асуудлыг хэлэлцэж баталсан. Ингэснээр нийслэл иргэддээ зориулан “Орон сууцны сан” байгуулахаар болж байгаа юм. 

Төсөлд тусгагдсанаар Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх аж. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох боломжтой гэнэ.

Мэдээж тодорхой хэмжээний шалгууртай. Тэр нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас тухайн төрийн албан хаагч сонголтоо хийсэн байх шаардлагатай.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас тухайн төрийн албан хаагч сонголтоо хийсэн байх шаардлагатай.

Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж энэ хавраас эхлэн ашиглалтад орох, орон сууцны үнийн тухайд метр квадрат нь 1.5-1.75 сая төгрөг байх бөгөөд төрийн албанд гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан, анх удаа орон сууц худалдан авч байгаа хүмүүст энэ боломж олдох бололтой. 

"Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр эхэлж буй энэ журмын талаар олон нийт ихэд сонирхож байгаа бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд буюу: 

  • Баянхошуу,
     
  • Амгалан,
     
  • Дамбадаржаа,
     
  • Ханын материал,
     
  • Ботаник зэрэг Нийслэлийн захын хорооллын 24 байршилд баригдаж буй, баригдах орон сууцаас сонгоно гэсэн үг.

"Улаанбаатар орон сууц сан" энэ онд нийт 15 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тусламж болгон өгөх лимиттэй. Энэ мөнгөөр 26,000 төрийн албан хаагч, нийт 6,600-8,000 гаруй иргэний орон байрны асуудлыг шийднэ гэдгийг хотын орлогч С.Очирбат хэлсэн. Ихэнхдээ сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарыг хамруулж, тусламж үзүүлэх аж. Ийнхүү эхний ээлжинд төрийн албанд олон жил зүтгэлээ, цалин багатай хэмээн гомдоллодог боловсрол болон эрүүл мэндийн салбарынханд орон сууцтай болох боломжийг нээж өглөө. 

Гэвч аливаа асуудал байнга хоёр талтай байдгийн жишгээр зарим хүн энэхүү журам нь төрийн албан хаагчдыг гэхээсээ илүү гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж буй барилгын компаниудыг дэмжлээ хэмээн хардаж байгаа аж. 

Учир нь гэр хорооллыг барилгажуулж, айл бүрийг хаусанд амьдруулна гэсэн сонгуулийн амлалт нь зүсээ өөрчилж, нийтийн орон сууц болсон. Оргүй дорвол охинтой нь дээр гэхчлэнгээр иргэд нийтийн орон сууц барих ажлыг нь хүлээн зөвшөөрч, хашааны газраа байраар солино гэсэн гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл атга шороо ч хөндөөгүй газар зөндөө бий. 

Нөгөө талд нь орон сууцаа барьж дуусгаад, бэлэн болгосон ч худалдан авагчгүй болсон барилгын компаниуд ч байгаа. Өөрөөр хэлбэл газрыг нь авсан хэдэн айлаа оруулаад, илүү гарсан өрөөнүүдээ зарж чадахгүй байгаа төсөл хэрэгжүүлэгчдийг энэ журмаар дэмжсэн хэмээж багагүй хэл ам дагуулах бололтой. 

Зураг