• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн дунд түгээмэл байдаг, дата үйлчилгээтэй холбоотой буруу ойлголтод хариулт өглөө

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 3 сарын 12
Сурталчилгаа

Өнгөрөгч долоо хоногт ШӨХТГ-аас Мобикомтой холбоотой мэдээллийг гаргасан билээ. Дата үйлчилгээтэй холбоотой энэхүү асуудлаар бид Мобиком Корпорацийн  Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзоригоос тодруулга авлаа.


 

-ШӨХТГ-аас “Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ дунд үл ойлгогдох байдал үүсгэсэн” гэх мэдээлэл өгсөн. Та энэ дээр ямар тайлбар өгөх вэ?

-ШӨХТГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Дата роуминг үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хэрэглэгчдэдээ тодорхой өгөөгүй зөрчил дутагдал илэрсэн” гэж мэдэгдсэн. Харин бидэнд тус газраас “Гурван гомдол ирсэн” гэж мэдээлсэн юм. Бид тэр гурван гомдлыг шалгаж үзэхэд манай талаас тухай бүрт нь хариу өгч, хэрэглэгчийн төлбөрийн сануулга болох мессежийг илгээх зэргээр мэдээллээ бүрэн өгч байжээ.

Монгол Улсад роуминг үйлчилгээ ашиглаж байгаа иргэдийн дийлэнх нь Мобикомын хэрэглэгчид байдаг. Сар бүр манай хэрэглэгчдийн 5000 нь роуминг үйлчилгээ ашигладаг гэсэн тооцоо бий. Эндээс харахад цөөн тооны хэрэглэгчийн гомдолд үндэслээд ШӨХТГ-аас дээрх мэдэгдлийг гаргажээ.

-Роуминг үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч өөрөө эхлээд идэвхжүүлдэг. Тэр дагуу та бүхэн үйлчилгээ үзүүлдэг биз дээ?

- Роуминг смс, роуминг яриа, роуминг дата гэсэн үйлчилгээнүүдийг бид хэрэглэгчиддээ санал болгодог. 

Роуминг смс үйлчилгээг манай бүх хэрэглэгч авах боломжтой. Гадаад оронд зорчихынхоо өмнө “On” гэсэн мессежийг 599 дугаарт илгээхэд энэ үйлчилгээ идэвхжинэ. Тухайн хэрэглэгч Монголд ирээд “Off” гэж бичээд үйлчилгээгээ зогсоож болно. Роуминг дата үйлчилгээг зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид “On Data” болон “Off Data” гэсэн мессежийг 599 тусгай дугаарт илгээн нээж хаах боломжтой бол Роуминг яриа үйлчилгээг авахын тулд хэрэглэгч салбар дээр хүрч ирэн, тодорхой хэмжээний барьцаа мөнгө байршуулан, гэрээ байгуулснаар энэ үйлчилгээг авах боломжтой болдог. Ингээд тухайн оронд очоод утсаа асаахад л үйлчилгээ идэвхжсэн байдаг. Манай компанитай гэрээтэй, гадаадын оператор компанийн сүлжээнд холбогдон, гар утсаа ашиглаад явах боломжтой байдаг.       

-Тэгвэл энэ хоёр төрлийн үйлчилгээг авсныхаа дараа хэрэглэгч төлбөртөө яаж хяналт тавих вэ?

-Гадаад улсын операторын сүлжээг ашиглаж байгаа учраас роуминг үйлчилгээний тариф бусад үйлчилгээнээс өндөр байдаг. Манай хэрэглэгч гадаадын аль нэгэн оронд роуминг үйлчилгээг ашигласны дараа тухайн оператороос манай хэрэглэгчид үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг Мобиком Корпорациас нэхэмжилдэг. Бид тэр нэхэмжлэлийн дагуу төлбөрийг нь өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн операторын тогтоосон үнэ тарифаар бид үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг.

Хэрэглэгчийн хувьд төлбөрийг нэг бус аргаар хянах боломжтой. 

Гадаад оронд зорчихынхоо өмнө:

  • mobicom.mn вэб сайтад нэвтэрч үнэ тарифтай танилцах,
  • 2222 лавлах утаснаас,
  • 599 тусгай дугаарт зорчих гэж байгаа орныхоо эхний 4 үсэг юм уу бүтэн нэрийг бичин мессэж илгээхэд хэрэглэгчид тухайн орны тариф шууд очно. 

Гадаад оронд аялж байхдаа:

  • 7577 2222 дугаарт үнэ төлбөргүй залгаж
  • Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний төлбөр 50 мянган төгрөг хүрснээс эхлээд сануулах мессеж явуулдаг.

Хэрэглэгчдэдээ хялбар байлгах үүднээс бид дэлхийн улс орнуудыг 8 бүсэд хувааж, тухайн бүсэд хэдэн улс багтсан ч адилхан тариф үйлчлэх зарчмаар ажиллаж байна. Энэ нь хэрэглэгчдэд энэ үйлчилгээг илүү ойлгомжтой, тодорхой болгох нэг алхам юм.

Роуминг үйлчилгээний ерөнхий үнэ тариф өндөр боловч бид Монгол Улсад хамгийн хямд роуминг болон олон улсын ярианы үйлчилгээг өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нэвтрүүллээ.

-Тэгэхээр би хэрэглээгээ 50 мянган төгрөгөөс эхлээд хянах бүрэн боломжтой болох нь ээ?

-Тэгнэ. Таны үйлчилгээний төлбөр 50 мянган төгрөг болсон байна шүү гэсэн мессеж явуулдаг. Дараа нь 300 мянга хүрэхэд бас очно. Мөн 500 мянга тутамд нь бид үйлчилгээнийх нь төлбөр хэд болсныг сануулах мессеж явуулж байдаг. Та цааш нь үргэлжлүүлэхийг хүсвэл ингээрэй, хаахыг хүсвэл ингээрэй гэсэн зааварчилгааны хамт хэрэглэгчид очно. 

Манай хэрэглэгчдэдээ олгож байгаа нэг давуу тал бол гадаадад зорчиж байхдаа үнэ төлбөргүй лавлах үйлчилгээ авах юм. Тийм ч олон оронд энэ үйлчилгээг хэрэгжүүлээгүй.

Харин нэг зүйлийг хэрэглэгчид маань ойлгох хэрэгтэй. Олон улсын роуминг үйлчилгээний төлбөр тухайн цаг мөчид хэд байгааг шууд харах боломжгүй. Учир нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн практикт энэ мэдээлэл 1-3 хоногийн хоцрогдолтой байдаг. Энэ хугацаанд тухайн оператор компаниас тооцоолох, бодох, манайх руу нэхэмжлэх илгээх хугацааг оруулдаг гэсэн үг. Роумингийн үйлчилгээ өөрөө ийм өвөрмөц үйлчилгээ гэдгийг хэрэглэгчид маань сайтар ойлгоосой.

Зарим хүн “Би өнгөрсөн сард гадаад явсан байхад энэ сарын төлбөр дээр дахин роумингийн төлбөр гарлаа” гэдэг гомдол гаргадаг. Тухайн улсын оператор компаниас нэлээн олон хоногийн хоцрогдолтой төлбөр нэхэмжлээд ороод ирвэл бид хэрэглэгчийнхээ дараа сарын төлбөр дээр нь нэмж нэхэмжлэхээс өөр аргагүй болдог.  Хэрэглэгчид төлбөртэй холбоотой асуух зүйл байвал эргээд  манай үйлчилгээний гомдол, мэдээлэл хүлээж авах төв рүү хандаарай. Мөн өөрийн биеэр ирж уулзаж болно. Эсвэл 2222 лавлах төв рүү утасдаад асууж болно.

 -Роуминг смс үйлчилгээний талаар тайлбар өгөхгүй юу?

-Ямар нэг гэрээ хийлгүй, барьцаа төлбөр төлөхгүйгээр бүх хэрэглэгч энэ үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ энэ үйлчилгээ нь таны хэрэглээ 300 мянга хүрэхэд автоматараар хаагддаг. Харин хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр роуминг яриа болон роуминг дата үйлчилгээнүүдийг байнга нээлттэй байлгах үүргийг бид хүлээсэн байдаг.

Тэгэхээр хэрэглэгч өөрөө төлбөрөө хянаад, хэрэглээгээ зохицуулах үүрэгтэй гэж ойлгож болно.

-Дата роуминг үйлчилгээний хувьд хүмүүс “Би Фэйсбүүк л хэрэглэсэн” гэдэг. Гэтэл тэр хүн Фэйсбүүк үзэх явцдаа видео үздэг, эппликэйшн татдаг, дуу татдаг. Тэрийгээ ойлгохгүй “Би ганцхан Фэйсбүүк ашигласан байтал дата өндөр гарчихлаа” гэдэг гомдол байнга гардаг юм шиг ажиглагдсан.            

-Дата роуминг үйлчилгээний хувьд хэсэгхэн хугацаанд маш өндөр төлбөр гарч болох эрсдэлтэй үйлчилгээ. Тиймээс энэ үйлчилгээг шаардлагагүй тохиолдолд унтрааж байгаарай. Фэйсбүүк рүү орлоо гэхэд зураг үзэх, томруулж харах эсвэл видео үзэх, асаах тохиолдолд хэрэглээний төлбөр өндөр гарна. Тэгэхээр боломжтой бол WiFi ашиглаж, яг хэрэгцээтэй, шаардлагатай үедээ роумингаа ашиглаарай гэж хэлмээр байна.  Өөрийнхөө тохиргоог яаж хийх үү гэдгээ манай 2222 лавлах төвийн операторуудаас асууж болно.

Аль эппликэйшн дээрээ 3G хэрэглэх үү, аль эппликэйшнд 3G хэрэглэхгүй вэ гэдэг тохиргоогоо анхнаасаа зөв хийхийг зөвлөж байна. Ингэснээр фэйсбүүкээс видео үзлээ ч тэр видео нь 3G ашиглахгүй тохиргоотой бол энэ видеог үзэх боломжгүй байна гээд гараад ирдэг. Энэ нь хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалах юм.   

-Мобиком Корпорацийн Олон нийттэй харилцах албанаас нийт хэрэглэгчиддээ хандан шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах зүйл байгаа юу?

-Мобиком Корпорациас гэр бүл, найз нөхдийн үйлчилгээ гаргалаа. Та бүхэн ойр дотныхоо 5 хүний дугаарыг тухайн багцад оруулснаараа хөнгөлөлттэй үнээр ярих боломжтой. Старс гээд хүүхдийн үйлчилгээ гарснаар хүүхдүүд маань аав ээжтэйгээ 12 нас хүртлээ үнэгүй ярих боломжтой болсон. Та бүхэн манай компанийн вэб сайт руу ороод эсвэл манай фэйсбүүк хаяг руу ороод энэ мэдээлллийг илүү дэлгэрэнгүй авах боломжтой.

-Танд баярлалаа.      

Мобиком компанийн вэб сайт руу ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү. Харин фэйсбүүк хаягт нь ЭНД ДАРЖ нэвтрэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.