Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ээжүүд Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс мэдээлэл хийж энэ Ням гарагт буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 12:00-15:00 цагийн хооронд Чингисийн талбайд тайван жагсаал хийх болсноо мэдэгдлээ.

Тус хөдөлгөөнөөс санаачлан хоёрдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд амиа алдсан охины дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслолыг зохион байгуулсан. Энэхүү тайван жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд орон нутагт, гадаад оронд байгаа Монголчууд ч бас нэгдэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байсан билээ.

Мөн өчигдөр дараах албан тушаалтнуудад хүсэлт хүргүүлжээ.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид 

    Хүсэлтийн агуулга: Гэр бүл хүчирхийллийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хуулийг иргэний төлөөлөл, ээжүүдийн төлөөлөл, бусад төрийн болон төрийн бус байгууллагын албаны мэргэжилтнүүд, энэ чиглэлийн мэргэжлийн экспертүүдийг байлцуулан төрийн ордонд яаралтай хэлэлцүүлэх.
     
  2. Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд

    Хүсэлтийн агуулга: Монгол түмний зүрхийг шимшрүүлэн амь насаа алдсан  охиныг хохироосон хэргийг шударгаар шалган, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
    Шүүхийн шийдвэр хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийг хохироосон хэрэгт удаа дараа шударга бус гарч байсан тул ЭЭЖҮҮД бид энэ хэргийн шийдвэрт болгоомжтой хандаж байгааг уламжилж байна.
     
  3. Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн бүлэгт

    Хүсэлтийн агуулга:
    Энэ хэрэгт УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл болон суугаа эх хүний хувьд ямар байр суурьтай байгаагаа бүх ээжүүддээ илэрхийлэх 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Чингисийн талбайд болох тайван жагсаалтай холбогдуулан дараах уриалгыг гаргажээ.

 

Ээжүүд бид МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ уриалж байна

  • Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг болох. Ээжүүд бид өөрсдөө үлгэрлэн хамт олноороо найз нөхдөөрөө энэ өдрөө бусад эрх нь зөрчигдөж байгаа болон хамгаалал хэрэгтэй байгаа, санхүүгийн болон сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүд, охид, ээжүүддээ тусладаг байх.
     
  • Хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг нэн тэргүүнд тавьж Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг ээжүүд, иргэний төлөөлөл, сэтгэл судлаачид, мэргэжлийн экспертүүд, ТББ-ын төлөөлөл, төрийн байгууллагынхантай хамтран олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр оруулан УИХ-ын хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлахыг УЛСЫН ИХ ХУРАЛ-аас шаардаж байна.
     
  • 4 настай бяцхан охины үхлийн шалтгааныг үнэн зөвөөр шийдэн гэмт хэрэгтнүүдэд зохих ялыг оноохыг шаардаж байна.
     
  • УИХ-д Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болон сонгогдсон гишүүдийн байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна.
     
  • Гэр бүлийн харилцаа үүсгэсэн хэн боловч аливаа хүчирхийлэлээс сэрэмжлэх, “эцэг, эх байх боловсрол” эзэмшиж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцаж, хүүхдэд “алганы амт” үзүүлдэг уламжлалт, үеэ өнгөрөөсөн соёлыг халж, хүүхэдтэйгээ тоглодог, ярилцдаг, зөвлөдөг шинэ эриний хүүхэд хүмүүжүүлэх соёлыг өөрийн гэр бүлдээ нэвтрүүлэхийг ЭЦЭГ, ЭХЧҮҮД-ээс шаардаж байна.
     
  • Таны ажиллаж, амьдарч буй газрын хаа нэгтээ хүүхэд удаан хугацаанд уйлж, насанд хүрэгчид бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцаж, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг мэдсээр байж сонсоогүй мэт, хараагүй мэт өнгөрөөдөг аминчхан соёлоо халж, хүүхэд уйлж байгаад, хүүхэд хүчирхийлүүлж байгаад, хүүхдийн эрх зөрчигдөж байгаад сонор сэрэмжтэй байж өөрийнхөө хүүхдийн адил бусад хүүхдүүдийг ч хайрладаг байхыг ХӨРШҮҮД, ИРГЭД, ОЛОН НИЙТ-ээс шаардаж байна.
     
  • Алба хашиж буй мэргэжилтэн бүр бусдыг хайрлах, энэрэх үүрэг хүлээсэн. Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ чанд гүйцэтгэхээс гадна бусдыг, тэр тусмаа хүүхдийг хайрлаж, хүндэтгэж, хүүхдийг хүчирхийлсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл бүрт хариуцлагатай хандахыг хүүхэдтэй ажилладаг бүх МЭРГЭЖИЛТНҮҮД-ээс шаардаж байна.
     
  • Монгол Улс нь хүүхэд нэг бүрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хүүхдийн эрхийг хамгаалах дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх үндэсний механизмаа сайжруулан хэрэгжүүлж, Монгол улсыг “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО”-той орон болгоход анхаарал хандуулж, дээрх бодлогыг санаачилж, боловсруулахыг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР-т шаардаж байна
     
  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, МУ-ыг хүүхдээ хүчирхийлдэггүй улс болгох зорилго дэвшүүлж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, яаралтай хариу үйлдэл үзүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны, тогтвортой нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг, хүчирийлэл үйлдэгчидэд үр дүнтэй хариуцлага хүлээлгэдэг төрийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж, хариуцсан яамдуудад тодорхой, бодит үүрэг хүлээлгэхийг МУ-ын ЗАСГИЙН ГАЗАР-аас шаардаж байна.

Та бүхэн тайван жагсаалд нэгдэхийг хүсвэл 88114818, 95953390 утсаар холбогдоорой.