ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтанзул: Ховордсон эмийн ургамлыг биотехнологийн аргаар гаргаж авдаг

Х.Монголхатан
2015 оны 3 сарын 6
Зууны мэдээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Алтанзултай ярилцлаа.

-Монгол орны ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа сэдвээр шагнал хүртсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

 -Энэ бол Биологийн хүрээлэнд ажиллаж байх­даа хийсэн судалгааны ажил юм. Манай эх орон эмийн ургамлаар баялаг. Нийт 3,200 орчим зүйлийн ургамал Монголд байдгаас 800 орчим зүйл нь эмийн ургамал юм. Тэр дундаас бид ховор, нэн ховор болсон ургамлуудыг судалж байна.

Сүүлийн үед байгаль цаг уурын болон хүний янз бүрийн  хүчин зүйлээр ургамал ховордох болсон. Хамгийн сүүлд гарсан Улаан номонд 139 зүйлийн урга­мал ховордсон гэж бүртгэгдсэн байна лээ.

Тиймээс эдгээр ургамлууд дээр бид түлхүү анхаарч ажиллаж байна.

Нийт 3,200 орчим зүйлийн ургамал Монголд байдгаас 800 орчим зүйл нь эмийн ургамал юм. 

Монголчууд Хятад, Солонгос, Японоос эмийн гаралтай бүтээгдэхүүн, эм бэлдмэл оруулж ирэн хэрэглэдэг. Гэхдээ бидэнд Монголынхоо ургамлаас гаргаж авсан эмийн бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү тохиромжтой.

Даанч эмийн ургамал ховордож, мөн хэрэглэх мэдлэг муутайгаас болж ашиглаж чадахгүй байна. Тиймээс бид эдгээр ховордсон ургамлыг судалж, ихээр гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой юм.  

-Бидний ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг ямар ургамал нэн ховор болж устаж мөхөх аюул тулгараад байна вэ?

-Ховордож буй ургамал олон байна. Тэр дундаас эгэл годил буюу нутгийн хүмүүс шудаг гэж нэрлэдэг ургамлын газрын доод хэсэг буюу үндэслэг ишийг эмчилгээнд их хэрэглэдэг. Монгол тангийн орцод хамгийн их ордог ургамал. Усанд ургадаг энэхүү ургамлыг хууль бусаар үндсийг нь ихээр ухаж малтаж авснаас сүүлийн үед эрс ховордсон.

Чихэр өвсний үндсийг мөн хүмүүс ихээр түүж, худалдан борлуулж байна. Цаашилбал дэрвэгэр жиргэрүү, нарийн навчит цахилдаг гэх мэт эмийн найрлагад ордог олон ургамлууд ховордож, манай эмийн үйлдвэрүүд түүхий эдийг нь гаднаас худалдаж авах болсон. Тиймээс бид эндээ судлаад, лабораторийн нөхцөлд ургуулах, цааш­лаад байгальд тарималжуулах ажил хийдэг.

Нэг тодорхой жишээ хэлэхэд эмийн бамбай гэдэг ургамал бий. Үндэс нь хурц, өвөрмөц үнэртэй. Түүгээр Бамбайн ханд гэдэг тайвшруулах үйлчилгээтэй зүрхний дусаалга үйлдвэрлэдэг.

Саяхан нэгэн компани энэ ургамлаар тайвшруулах цай хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж хамтран ажиллах санал тавьсан.

Ховордож буй ургамал олон байна. 

Уг ургамал нь байгалиас түүх гэхээр энд тэнд алаг цоог ургадаг, ховор, улаан номонд орсон учир хамаагүй ухаж болдоггүй.

Тиймээс манайх лабораторитоо ургуулснаа тэдний талбайд тарьж өгсөн. Сайхан ургах төлөвтэй байна лээ. Өвөлжилтийн дараа сэргэн ургаж чадах эсэхийг нь харж байгаад болж байвал илүү олноор нь гаргахаар ажиллаж байна.

-Лабораторийн нөхцөлд ургуулсан ургамлыг байгальд тарихад хэр сайн ургаж байна вэ?

-Ургамал болгон янз бүр. Шинэсэрхүү бударгана гэдэг эмийн ургамлыг тарьж үзэхэд лабораторийн нөхцөлд хоёрхон цагийн дотор маш хурдан соёолоод гараад ирдэг. Цаашлаад навч нь сайн ургадаг ч үндэслэх үйл явц нь зогсчихдог. Үндэс байхгүй бол байгаль дээр гараад ургахгүй шүү дээ.

Монгол Алтан хундага гэдэг зөвхөн манай эх оронд ургадаг ургамал бий. Гэтэл мөхлийн үедээ орчихсон учраас яаж ч хичээж, сэргээн ургуулах гээд болохгүй байх жишээтэй. Гэтэл зарим ургамал маш сайн ургаж олноор нь үржүүлж гаргах боломжтой байдаг.

Би Шинжлэх ухаа­ны академид 2002 оноос хойш ажиллаж байна. 2005 оноос эмийн ургамлыг дагнан судалсан. Чихэр өвс, эмийн бамбай, цээнэ, эгэл годил, нарийн навчит цахилдаг зэрэг олон эмийн ургамлыг биотехнологийн аргаар ургуулах судалгааны ажилд оролцсон. Мөн модлог, гоёл чимэглэлийн ургамлын судалгаа ч хийдэг.

-Биологийн аргаар их хэмжээгээр гаргаж авахад тухайн эмийн ургамлын бүтэц, найрлага нь өөрчлөгдөх үү?

-Бид биотехнологийн аргаар жилдээ олноор нь үржүүлэх шаардлагатай  ургамалдаа анхаарч ажилладаг. Лабораторийн төвшинд тохиромжтой нөхцлийг нь бүрдүүлж өгөхөөр ургамлын ургах үйл явц түргэсдэг.

Мөн бид өсөлт хөгжилтийг нь дэмжих янз бүрийн бодис хэрэглэдэг. Ингэхэд эмчилгээний чанаруудыг илэрхийлэх гол бодисууд нь буурах, ихсэх тохиолдол бий. Гэхдээ бид давхар хянаад шалгаад багассан байвал ихэсгэж, ихэссэнийг нь олшруулах зэргээр ажилладаг.  

-Эмийн ургамлаар гол төлөв уламжлалт эмчилгээний тан бэлддэг. Сүүлийн үеийн эмний найрлагад манайд ургадаг ургамлаас ордог уу?

-Зарим компаниуд эмийн ургамал ашиглаад бүтээгдэхүүн хийж байгаа. Тухайлбал, “Монос” компани өөрсдөө эмийн ургамлаа тарьдаг талбайтай, тэндээс түүхий эдээ аваад бүтээгдэхүүн хийдэг.

Ер нь сүүлийн үед эмийн үйлдвэрүүд эмийн ургамалдаа орчин үеийн маш сайн боловсруулалт хийгээд таблеткан, шингэн, тосон түрхлэг хэлбэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

-Импортын эмүүдийг халаад өөрсдөө үйлдвэрлэх боломж бий юу?

-100 хувь импортын эмийг хална гэж байхгүй. Тухайн эм нь тэр өвчинд ямар нөлөө үзүүлж байгааг судалж, клиникийн олон давтамжтай туршилтын дүнд эм гардаг. Тиймээс манайд судалгааны нөөц бололцоо хүчин чадал хүрэхгүй.

Зарим нэг боломжтойг нь судлаад үйлдвэрлээд гаргаж байна.

Монгол Алтан хундага гэдэг зөвхөн манай эх оронд ургадаг ургамал бий.

-Гишүүнэ гэдэг ургамлыг хорт хавдар анагаадаг, олон төрлийн ач тустай гээд хүмүүс хэсэг хошуурсан. Энэ ургамлыг судалсан уу?

-Бид энэ талаар судалсан юм байхгүй байна. Гэхдээ хавдрыг 4-5 хоногт эдгээнэ гэж байхгүй шүү дээ. Хүнд шатанд орсон өвчтөнийг тийм богино хугацаанд эрүүл болгох ид шидтэй ургамал байхгүй л болов уу. Яахав хэсэг хугацаанд өвчнийг удаашруулах, хавдрын тархалтыг багасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байж болох юм.

Ер нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлийг бусдын ам дамжуулан итгэж хэрэглэх нь буруу. Хүний биед ашиг тустай эмийн ургамал зөндөө бий. Тэглээ гээд ямар ч сайн ургамал байсан хүмүүс дураараа авч хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл ямар өвчинд, ямар үед нь хэр хэмжээтэй хэрэглэх вэ гэдэг их чухал.

-БНСУ-д докторын зэрэг хамгаалсан гэсэн. Ямар сэдвээр судалгааны ажил хийв?

-Би 2009-2013 онд БНСУ-ын Кёнг Хи их сургуульд докторын сургалтад суухдаа Солонгосын хүн орхоодой эмийн ургамалд биотехнологи, гений инженерчлэлийн судалгаа хийсэн.

Эмчилгээний чанартай бодисууд ургамалд өөрт нь өдөр тутмын өсөлт хөгжилтөд шууд нөлөө үзүүлдэггүй боловч ямар нэг байдлаар давуу талтай болгодог юм билээ. Миний судалсан хоёр ген ургамлыг гадны янз бүрийн амьтай, амьгүй хүчин зүйлсээс хамгаалдаг нь батлагдсан.

Генийг хүн орхоодойгоос ялгаж аваад өөр ургамал юм уу, бактерт шилжүүлчхээд стресс нөлөө үзүүлэхэд хариу үйлдэл үзүүлэхдээ ген шилжээгүй үеэ бодвол өөрийгөө хамгаалах процесс нь өндөр байсан. Тэгэхээр ургамал гадны хүчин зүйлээс өөрийгөө хамгаалдаг нь батлагдсан. Энэ бол эхлэлийн шат. Цаашаа тэдгээр генүүдээ хүн орхоодойгоос аваад буцаагаад хүн орхоодойд шилжүүлэхэд өөртөө нийлэгжүүлдэг бодисоо хэд дахин илүү нийлэгжүүлдэг байх жишээтэй.

Хүн орхоодой Солонгост төдийгүй дэлхийд алдартай. Америк, Солонгос, Япон, Хятад хүн орхоодой  гэсэн дөрвөн зүйлийг эмчилгээнд хэрэглэдэг. Энэ дундаас солонгос хүн орхоодой нь бусдаасаа эмчилгээний чадвар өндөртэй байдаг. Хэдэн настайд нь хураасан, ямар боловсруулалт хийснээс шалтгаалж эмчилгээний чанар нь өөрчлөгддөг.

Солонгост энэ ургамлаар бүтээгдэхүүн гаргах маркетинг талаас нь сайн судалсан. Харин гол бодис нь ямар, ямар гений нөлөөгөөр тэр бодис нийлэгжиж байгааг судалсан судалгаа хараахан хийгдэж гүйцээгүй учраас Солонгосчууд энэ чиглэлд хөрөнгө хаяж дэмжиж судалгаа хийх болсон. Тэнд намайг хүлээж авсан профессорын лаборатори нь хүн орхоодойн судал­гаа хийдэг төв байсан. Тиймээс бүх оюутны судалгааны сэдэв нь хүн орхоодой байсан л даа.

-Солонгост энэ чиглэлийн судалгаа хэр өндөр хөгжсөн байдаг вэ?

-Солонгосчууд судалгаанууддаа хөрөнгө их хаядаг. Хувийн хэвшлийн байгууллага, компаниуд ч дэмжиж хөрөнгө оруулалт хийн хамтарсан судалгаа хийх сонирхол ихтэй байдаг. Профессорууд нь Америк, Японд мэргэжил дээшлүүлж ирээд баг бүрдүүлээд ажилладаг учраас өндөр төвшинд явагддаг. Ялангуяа хүмүүсийн эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой судалгаанд илүү анхаарал хандуулж мөнгө хаяж судалдаг юм билээ.

Тэнд байх хугацаандаа алхам тутамдаа л суралцаж байсан. Би богино хугацаанд судалгааныхаа үр дүнг гаргахын тулд өдөр шөнөгүй сууж ажиллаж байсан. Тэнд бас туршилт судалгаа хийх хангамж нөөц боломж сайтай учир хурдан үр дүнгээ гаргах боломжтой нь сайхан. Манайд бол байхаасаа байхгүй нь их, олон шат дамжлага дамжиж ажил бүтдэг учир хүндрэлтэй.

-Ажиллаж байсан лаборатори, удирдсан багшийнхаа тухай яриач?

-Манай сургууль олон улсын төвшнийх, лаборатори 10-аад орны оюутан ажилладаг учраас хичээл туршилт судалгаа бүгд англи хэл дээр явагддаг. Манай багш тэр сургуулиа төгсөөд багшилсан профессор хүн.

Мөн гадаад улс орнуудад олон судалгааны ажилд хамрагдсан юм билээ. Хүн орхоодойгоор гаршсан, судалгааг нь хийдэг, лабораторийнхоо дэргэдээ жижиг компанитай, тэндээ хүн орхоодойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Судалгааны үр дүнд гар­гаж авсан бү­тээгдэхүүн гэхээр хүмүүс их дуртай байдаг юм билээ.

-Х.Алтанзул яагаад энэ мэргэжлийг сонгож, судлаач болов. Танай гэр бүлд энэ салбарт ажилладаг хүн бий юу?

-Ээж маань химич, авга эгч биологич учраас би багаасаа хими, биологийн хичээлд сонирхолтой байсан. Зургадугаар сургуулийн хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөөд, МУИС-ийн биологийн факультетад суралцан 2002 онд төгссөн.

Анх гуравдугаар курст байхдаа Биологийн хүрээлэнд очиж дадлага хийгээд сэтгэл татагдаж, төгсөнгүүтээ ажиллаж эхэлсэн дээ. 

-ШУА-ийн Биологийн хүрээлэн өнөөдөр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажиллаж чадаж байна уу?

-Манай хүрээлэнгийн есөн лабораторид 63 эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг. Ургамлын судалгаа хийдэг үндсэн зургаан хүн бий. Тиймээс энэ олон ховордсон ургамлыг судлахад боловсон хүчин хүрэлцдэггүй.

Орон тоогоо нэмэх гэсэн хүсэлт байнга тавьдаг ч боломжгүй гэдэг. Их дээд сургуулиудад биотехнологийн чиглэлээр олон ажилтан бэлддэг ч ажлын байр ховор. Гадаадад сургуульд төгссөн хүмүүс ч ажиллах орон тоогүй байна.

Зураг