2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
16°
12:00
S32
18°
13:00
S32
19°
14:00
S32
21°
15:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

ikon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN

Хүчирхийллийн үндэсний төвийн менежер Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Танай төв гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  иргэдэд  ямар  үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай төв хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгдөг. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Улмаар  хууль  ёсны  эрх,  ашиг  сонирхлыг  нь  хамгаалах  чиг  үүрэг  бүхий  байгууллагуудтай  нь  холбон зуучилдаг. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай  тохиолдолд хамгаалах байрандаа  байршуулдаг юм.

-Хамгаалах  байрандаа  ихэвчлэн ямар хүнийг хүлээн авч байна вэ?

-Хамгаалах байрандаа манайх зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг авах боломжтой.

-Хамгаалах байранд байгаа хүмүүст танайх ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх үү?

-Энэ  байранд  байрлах  хугацаанд аюулгүй  байдлыг  нь  хамгаалахаас гадна  анхан  шатны  үйлчилгээ  үзүүлдэг. Түүнчлэн хүчирхийллийн харилцаагаа  даван  туулахад  нь  туслах  зорилгоор  сэтгэл  зүйн  зөвлөгөө  өгөх, амьдрах ухааны сургалтад хамруулах, эрүүл  мэндийн  үйлчилгээ  үзүүлэх, хуулиар асуудлыг нь шийдүүлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлж байна.

-Хүчирхийлэлд  өртсөн  иргэнийг хамгаалах  байрандаа  хэд  хоног байршуулах боломжтой бэ?

-Долоо хоногоос  гурван  сарын  хугацаанд байрлуулна.

-Танайх нийслэлийн хэмжээнд хэчнээн хамгаалах байртай вэ?

-Манай төв уг нь хоёр хамгаалах байртай байсан. Гэтэл нэг хамгаалах байр маань  олон  жил  үйлчилгээ  явуулснаар хуучирч, муудсан.

Хүчирхийлэл  үйлдэгчид хамгаалах байрны байршлыг  нь мэдчихсэн учраас хэд хэдэн удаа халдлагад өртсөн.

Түүнчлэн хүчирхийлэл  үйлдэгчид  байршлыг  нь мэдчихсэн учраас хэд хэдэн удаа халдлагад өртсөн. Тиймээс тэнд үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй болсон хэрэг. Одоогийн  байдлаар  ганцхан  хамгаалах байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хамгаалах  байрандаа  хэчнээн  хүн хүлээж авах боломжтой вэ?

-Нэг  удаад  20  хохирогчийг  хүлээж авах боломжтой.

-Танай  төв  хүчирхийлэлд  өртөж, хандсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ  ямар  нэгэн  бичиг  баримт,  төлбөр, хураамж шаардах уу?

-Зөвлөгөө авах зорилготой ирсэн үйлчлүүлэгчээс бичиг баримт шаарддаггүй. Харин  хамгаалах  байранд  байрлах тохиолдолд  иргэний  цахим  үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай. Хүчирхийлэлд өртсөн иргэнээс манайх  ямар  нэгэн  төлбөр  хураамж авахгүй.

-Хүчирхийлэлд  өртсөн  иргэн  зөвхөн  амь  насаа  аврах  гээд  гэрээсээ гарсан байх тохиолдол их. Тиймээс тухайн иргэнд ямар ч бичиг баримт байхгүй  гэсэн  үг.  Энэ  тохиолдолд танайх  бичиг  баримтгүй  гээд  хүлээж авахгүй хэрэг үү?

-Иргэний  цахим  үнэмлэх,  хүүхдийн төрсний гэрчилгээг зайлшгүй шаарддаг.  Гэхдээ  хүчирхийллийн  улмаас бичиг  баримтгүй  болсон,  хүчирхийлэл үйлдэгч нь аваад зугтаасан, устгасан тохиолдол их байдаг учраас анхан шатны  нэгж  болох  хороо,  дүүргээс тухайн  хүний  мэдээллийг  авч  үйлчилгээ  үзүүлж  байна.  

Түүний  дараагаар  тухайн  иргэнийг  бичиг  баримтжуулдаг. Учир нь зарим хүмүүс хүчирхийлэлд  өртсөн  нэрээр  орон байрны  асуудлаа  шийдэхийн  тулд түр хугацаагаар оршин суухаар бичиг баримтгүй  ирэх  тохиолдол  ч  бий. Түүнээс  сэргийлэхийн  тулд  иргэний бичиг баримтыг нь нэхэмжлэх шаардлага тулгардаг юм.

-Хүчирхийлэлд өртсөн иргэн танай төвд хэрхэн яаж хандах боломжтой вэ. Ер нь ихэвчлэн яаж ирж байна?

-Янз бүрийн байдлаар л хандаж байна. Ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн иргэн өөрөө ирдэг. Мөн цагдаа, нийгмийн ажилтан, эсвэл нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан  ирэх  ч  тохиолдол  гарна.  Харин хүүхдийн хувьд сургуулийн багш юм уу эсвэл нийгмийн ажилтан нь хүргэж ирдэг.

-Хүчирхийлэл үйлдэгчидтэй тухайн иргэн  маань  зохицоод  амьдрахаар боллоо. Түүнийг хорооных нь засаг дарга, нийгмийн  ажилтан,  цагдаа нар нь бүгд мэддэг. Танай ч хяналтад байдаг.  Ийм  тохиолдолд  тухайн хүний  амь  нас  аюулгүй  байдлыг нь  хангахын  тулд  засаг  дарга, цагдаа,  нийгмийн  ажилтан  болон танай  төвийн  үйл  ажиллагааны уялдаа хэр байдаг бэ, хүчирхийлэл үйлдэгчийг  хянах  нөхцөл  боломж байдаг уу?

-Гэр  бүлийн  хүчирхийлэлтэй  тэмцэх тухай  хуулиар  хорооны  Засаг  дарга, цагдаа,  нийгмийн  ажилтан  нь  хоорондоо хамтарсан үйлчилгээг тухайн хүчирхийлэлд өртсөн иргэнд үзүүлэх ёстой.  Төрийн  үйлчилгээг  түргэн шуурхай,  цогц  хэлбэрээр  нь  үзүүлэх үүрэг  нь  энэ  албан  тушаалтнуудад бий. Одоогоор үйлчилгээг аль ч газар бүрэн, дүүрэн үзүүлж чаддаггүй.

-Хамгаалах байранд байх хугацаа нь дуусчихсан иргэнийг яах вэ. Гэртээ очьё  гэхээр  хүчирхийлэл  үйлдэгч нь байгаа тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчийг нийгэмшүүлэх, ухамсарыг  нь  дээшлүүлэхэд  танайхаас ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

-Зөрчилтэй хоёр талтай ажиллах боломжгүй.  Энэ  нь  манай  төвийн  үйлчилгээний  стандарт,  үзэл  баримтлал журамтай  нийцэхгүй.  Харин  хүчирхийлэл  үйлдэгчидтэй  ажиллах  бусад байгууллагыг  зааж  чиглүүлэх,  холбоход  анхаарч  байна.

Байрлах хугацаа  дууслаа  гар  гэж  хэлдэггүй.

Хохирогчийг хамгаалах  байрнаас  гаргахдаа  аюулын  эрсдэл  нь  буурсан  уу  үгүй  юу гэдгийг  бид  нар  сайтар  судалдаг. Хамгаалах  байрнаас  гарахад  асуудал нь шийдэгдсэн үү үгүй юу гэдгийг нь хүртэл  харгалздаг.  Түүнээс  байрлах хугацаа  дууслаа  гар  гэж  хэлдэггүй. Гаргах  үедээ  аюулгүй  байдлаа  яаж хэрхэн  хамгаалах  талаар  зөвлөж аюулын  үед  хэрэгжүүлэх  төлөвлөгөө хийж өгч тусалж ирсэн.

-Хүүхдүүдийн хувьд?

-Хүүхэд  бол  асран  хамгаалагч  болон бусад  хүмүүсээс  хараат.  Эхлээд  гэр бүлийнх  нь  талаар  үнэлгээ  хийнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүл дахиж хүүхдээ авах боломж байна уу үгүй юу гэдгийг нь судална.

Түүнчлэн ах дүү, төрөл садангаас нь хүртэл тухайн хүүхдийг авах боломж байна уу үгүй юу гэдгийг судална. Гэр бүлээс  нь тухайн  хүүхдийг  эргүүлэн авах тохиолдолд  гэр бүлд  нь  эргэн нэгтгэх үйлчилгээг  бидний  зүгээс өгдөг.

Хүүхдээ хүчирхийлэлд дахин өртүүлэхгүй байх талаас нь сургалтад хамруулж,  зөвлөгөө  өгч,  хорооны  Засаг дарга,  нийгмийн  ажилтан,  цагдаа  нарынх  нь  хяналтад  өгдөг.  Үнэхээр  боломжгүй  тохиолдолд  асрамж  болон халамжийн байгууллагыг сонгоно.

-Танайх  санхүүжилтээ  хэрхэн  бүрдүүлдэг вэ.  Төрөөс  хамааралтай юу?

-Үгүй ээ. Ер нь цаашид бол хамгаалах байрууд  төрийн 100 хувийн  бүрэн санхүүжилттэй  байх  шаардлагатай байна.  Тиймээс  хүчирхийлэлд  чиглэсэн хамгаалах ажиллагааг төр хариуцаж, санхүүжилтийг нь бүрэн шийдэж байх ёстой. Манайх бол санхүүжилтээ олон улсын байгууллагаас бүрдүүлдэг, Төрийн бус байгууллага юм.

Эх сурвалж: Erkhzui.mn

x