Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Доголон нулимстай ч тоглоом булаацалдах БЯЦХАН ҮРС...

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 3 сарын 2
www.ikon.mn

 

 

 

Та эмнэлгийн алиалагч гэж сонсож байсан уу? Эмнэлгийн алиалагч гэдэг сайн дурын үйлсээр нэгдсэн залуус, удаан хугацаагаар эмчлүүлж өвчиндөө шаналж байгаа хүүхдүүдэд инээд бэлэглэдэг гэгээлэг сайхан ажил ажээ. Алиалагч гэхээр цирк санаанд бууж байсан ч чухам ямар байх бол гэдгийг харах хүсэл дүүрэн Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-д очлоо. 

Тэд энэ удаа ЭХЭМҮТ-ийн Хавдрын тасгийн хүүхдүүдэд инээд бэлэглэхээр ирсэн нь энэ. Үйл ажиллагаа эхлээгүй байхад очсон минь завшаантай хэрэг байлаа. Залуус үүдний өрөөнд өнгө өнгийн бөмбөлөг үлээж, үлгэрийн баатруудтай адил хувцаслаж, инээмсэглэн намайг угтсан юм. 

Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Нийгмийн ажилтан, эмнэлгийн алиалагч Н.Эрдэнэчимэгээс үйл ажиллагааны талаар тодрууллаа.

 

 

 

- Өвчиндөө шаналсан хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэнэ гэдэг яах аргагүй сайхан ажлын нэг. Энэхүү сайн үйлсээ хэдийнээс эхэлсэн бэ? 

-  2012 онд Дани улсын эмнэлгийн алиалагчид ЭХЭМҮТ дээр ирж ажилласан юм. Энэ үед бид  хамтран ажиллах санал тавьсан. Бид алиалагчдын  сургалт зохион байгуулж сайн дурын залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан.  Ингээд 2013 оны есдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн.

Одоогийн байдлаар эмнэлгийн алиалагчаар 12 хүн болон сайн дурынхан ажиллаж байна. Циркийн алиалагч гэхээсээ илүү бид өвчиндөө шаналж балчирхан биеэс гарамгүй зоригоор өвчнийг ялан дийлэхээр тэмцэж байгаа хүүхдүүдэд инээд бэлэглэх хүсэлтэй байдаг. 

- Тэгвэл та бүхэн их завгүй ажилладаг юм байна. Та бүхнийг аль ч эмнэлэгт дуудаж болох уу?

-Болно, бид хөгжлийн бэрхшээлтэй, асрамжийн газар, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эдгэрэх итгэл найдвар өгөх зорилготой нэгдсэн хамт олон юм. Циркийн алиалагчдаас бага зэрэг онцлогтой.

Учир нь бид эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг учраас тодорхой баримтлах дүрэм журамтай. Сайн дурын байгууллага болохоор төлбөр хураамж авахгүй, санхүүжилтийг SOS SMILE хөтөлбөрөөс хийдэг.  Мөн бидний хувцас, хэрэглэл, тоглоом зэргийг тус байгууллагаас олгодог. 

- Эмнэлгийн алиалагч нарыг хэрхэн бүрдүүлж нэг хамт олон болсон бэ? 

- Бид эхлээд цахим хэрэгслээр зар тавьсан. Манай 12 хүний бүрэлдэхүүнд эмч, оюутан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хувиараа бизнес эрхлэгч, тэтгэвэрт гарсан настан гээд янз бүрийн мэргэжил мэдлэгтэй хүмүүс багтдаг. Бид сардаа нэг удаа цугларч цаашдаа ямар газраар явах талаар төлөвлөгөө гаргана. Алиалагчид давхар ажил эрхэлдэг  ч тухайн өдрөө  ажил, хичээлээсээ чөлөө аваад зохицуулдаг

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ хэчнээн хүүхдэд инээмсэглэл бэлэглэв?

-Өнгөрсөн арван сарын турш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд ЭХЭМҮТ, Гэмтэл Согогийн Үндэсний Төв, Нялхсын Төв Судлал зэрэг олон газраар инээмсэглэл бэлэглэж хүүхэд багачуудтайгаа уулзалт зохион байгуулсан. 

Хэрвээ бидэнд хүсэлт ирүүлэх юм бол бид үнэ төлбөргүй сайн дурын үндсэн дээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан жаалууд дээрээ хүрээд очиход бэлэн байгаа шүү гэдгийг хэлмээр байна гэсэн юм.

 

 

Энэ хүмүүс бүгд хүүхдийн инээд баяслыг харахын тулд идэвх зүтгэл гарган цугласан гэдгээ хэлж байлаа. Энэ үеэр бас нэгэн алиалагч орж ирэв. Түүнийг Т.Гэрэлбаяр гэдэг. Өндөр настны тэтгэвэрт гарсан хэдий ч сайн үйлсэд нэгдсэн байна. Тэрбээр SOS гэсэн логотой улаан цүнхнээсээ өнгө өнгийн тууз, алиалагчийн өмсгөлөө гаргаж, төрөл бүрийн тоглоом, шүгэл, бөмбөг гарган тавив. 

Т.Гэрэлбаяр гуай хэлэхдээ “Би хүүхдэд их хайртай. Эмнэлгүүдээр алиалагч болон очих үед өвчиндөө шаналж уйлах дуу биднийг угтдаг. Харин хамт тоглож алиалж инээд бэлэглээд гарахдаа сэтгэл хангалуун болдог” гэсэн юм.

Бид арван хоёр хүнтэй байсан боловч одоо тогтмол ирэх хүмүүсийн тоо буурч байгаа. Сайн дурын үйлсэд нэгдэж удаан хугацаанд өвчиндөө шаналж байгаа хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглээрэй гэж хэлмээр байна гэлээ. 

Бид бэлтгэлээ хангаж дуусаад Хавдрын тасаг руу алхлаа. Үүдээр ороход хүүхдүүд жаахан бишүүрхэж байсан ч төд удалгүй алиалагчдын өгсөн тоглоомыг булаацалдаж бөмбөлгөөр наадаж харагдсан. Саяхан тариа хийлгэхгүй гээд уйлж байсан бяцхан хүү доголон нулимстай тоглоом булаацалдаж бусдыг инээлгэж байсан юм.

Эцэг эхчүүд мөн үрсийнхээ инээхийг харж баясан тасаг бүрээр хүүхдээ тэврэн алиалагч нартай ойр байлгахыг хичээж байлаа. Тэд эмнэлгийн алиалагч нарыг хэдийн мэддэг болжээ. Алиалагч нар ирлээ гэж уриалагхан хүлээн авсан юм. Тус Хавдрын тасагт таван сар ба түүнээс дээш хугацаагаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд байдаг.

Ийнхүү нэг өдрийг эмнэлгийн алиалагч нартай хамтдаа ЭХЭМҮТ-ийн Хавдрын тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд инээд бэлэглэх үйлсэд нэгдлээ.

Тэд цаашид үйл ажиллагааны хүрээгээ тэлж, эмнэлгийн алиалагчдыг бэлтгэх, баярын өдрүүдэд өвчтэй болон онцгой шаардлагатай хүүхдүүдэд баяр баясгаланг түгээхийг тулд ажиллаж байна. Хүүхдийн ертөнц гэдэг өөрөө гэрэлтэй гэгээтэй, та нэг удаа морилоод, тэдний сайн үйлст нэгдээд үзээрэй.