Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бум Ча Чой: Бид 200 гаруй Монгол гэр бүлийг үр хүүхэдтэй болгосон

Б.Туул
2015 оны 2 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Хүүхэдтэй болно гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал байхаа хэдийн больжээ. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл нэмэгдэж, хуруу шилний хүүхэд тээх хүсэлтэй Монголчууд хүний нутгийг зорих болсоор удаж байна.

Тиймээс бид энэ удаа  БНСУ-ын Гуанжу хотын CLWH (Creation & Love women’s hospital) эмнэлгийн ерөнхий эмч доктор, профессор Бум Ча Чойтой ярилцсан юм. Тэрээр нөхөн үржихүйн эндокринологи болон эмэгтэйчүүдийн үргүйдлээр мэргэшсэн эмч юм.

Монголд үргүйдлийн эмчилгээнд ахиц гарч байна 

-Монголд үр шилжүүлэн суулгах хүсэлтэй гэр бүл цөөнгүй байдаг. Мөн энэ чиглэлээр ажилладаг 2-3 эмнэлэг бий. Гэсэн ч үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болохыг хүссэн эмэгтэйчүүдийн олонх нь БНСУ-ыг зорьдог болсон. Нууц биш бол танай эмнэлэгт Монголоос жилд хэчнээн хүн энэ асуудлаар ханддаг вэ?

-Жилд 200 орчим гэр бүл үргүйдлийн асуудлаар манай эмнэлэгт ханддаг. Ихэвчлэн Монгол, Орос, Хятад, Узбек зэрэг орноос ирж үйлчлүүлдэг. Энэ нь манай эмнэлгийн амжилтын үзүүлэлт (40-50 хувь), аюулгүй байдал, тухайн орны орчуулагч, мэргэжилтнүүдийн харилцаа, зөвлөгөө өгч ажиллаж байгаатай холбоотой юм.

Мөн урьдчилан тухайн орны эмч нартай хамтран ажиллаж, өндгөн эсийн эхний өдөөлтийг эхлүүлснээр Солонгост ирэх зардал мөнгө, цаг хугацааг давхар хэмнэх давуу талтай. Энэ бүхэн үйлчлүүлэгчдийн сэтгэлд их нийцдэг.

-Гол төлөв хэдээс хэдэн насны хүмүүс ханддаг вэ. Тэдний  зарим нь Монголдоо энэ төрлийн оношилгоо, эмчилгээнд хамрагдсан байдаг уу?

-Монгол эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн үрийн сувгийн  гэмтэл эсвэл хэвлийн хөндийн наалдангийн улмаас үргүйдэлд хүрсэн байдаг. Үүний дараа эрэгтэйн үргүйдэл болон эмэгтэйн настай холбоотой үргүйдлийн шалтгаанууд давамгайлж байна. Эмэгтэйн нас 40 гарсан тохиолдолд жирэмслэх явц нэлээд удаашралтай байдаг. 

Манайд хандаж буй хүмүүсийн ихэнх нь Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байдаг. Би анх Монголд айлчилснаас хойш таван жилийн хугацаа өнгөрсөн байна.

Сүүлийн үед Монголд үргүйдлийн эмчилгээнд ахиц гарч байгаа нь харагдаж байна. Ер нь  Хятад, Тайланд, Сингапур зэрэг оронд эмчилгээ хийлгэн амжилтгүй болсон хүмүүс манай эмнэлгийг зорьж ирэх нь элбэг байдаг.

-Үр шилжүүлэн суулгах төвд хандаж байгаа хүмүүсийн зарим нь өмнө нь жирэмсэлж байсан, үр хөндүүлж байсан эсвэл огт үр тогтдоггүй гэсэн янз бүрийн шалтгаантай байдаг. Танайд хандаж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь ямар шалтгаантай байна?

-Урьд нь хүүхэд төрүүлээд дахин хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй юмуу эсвэл бүр үрийн сувгийн битүүрлээс үүдэлтэй үргүйдэл, эр эс гадагшилдаггүй, гаж эр эс, эр эсийн тоо цөөн гэх мэт шалтгаантай эрэгтэйчүүд, эндометриоз, өндгөн эс үл боловсрохтой холбоотой асуудалтай байх, аль эсвэл ямар нэгэн шалтгаангүй хэрнээ гурван жилээс дээш хугацаанд жирэмслээгүй гээд эмчилгээнд хамрагдаж үр хүүхэдтэй болохоор ирдэг. 

Жирэмслэх гол үндэс нь эмэгтэйн настай холбоотой.

Тиймээс бид 30 нас нэлээд гарсан  эмэгтэйчүүдэд жирэмслэх оролдлогыг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй, мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдах, зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг зөвлөдөг.

-Солонгост эмчилгээнд хамрагдаж байгаа эмэгтэйчүүд хэдэн сар эмчлүүлж байж хүссэн үр дүндээ хүрдэг вэ. Монгол эмэгтэйчүүдийн олонх нь 2-3 сар боллоо гэх юм?

-Манай эмнэлэгт ирж байгаа эмэгтэйчүүд ганц удаагийн ажилбараар жирэмсэн болдог ч ихэнхдээ хуруу шилний хүүхэд мэс ажилбарт 2-3 удаа давтан орсны эцэст жирэмслэх тохиолдол элбэг байдаг. 

Жирэмслэх гол үндэс нь эмэгтэйн настай холбоотой. 40 гарсан эмэгтэйчүүд 4-5 удаа энэ эмчилгээнд орох тохиолдол их байдаг. Манай CLWH эмнэлгээс хоёр удаа мэс ажилбарт амжилтгүй орж, гурав дахь удаагаа орох үед нь онцгойлон анхаарч эмчилгээний зардлыг 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

Сард 10 орчим гэр бүл Монголоос ирж эмчилгээнд хамрагддаг

-Үргүйдэл гэхээр хүмүүс ганцхан эмэгтэйчүүдтэй холбож ойлгоод байдаг. Манайхаас очиж эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн зарим нь гэр бүлээрээ, эхнэр нөхөр хоёулаа эмчилгээнд хамрагддаг гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Үргүйдлийн 40 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэйгээс шалтгаалсан байдаг. Харин эхнэр, нөхөр хоёулаа асуудалтай байх нь 20 орчим хувь байдаг. Тиймээс  үргүйдлийн шинжилгээ өгөхдөө нөхрийн эр эсийн шинжилгээг заавал өгөх нь зүйтэй.

Үргүйдлийн 40 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэйгээс шалтгаалсан байдаг. 

-Одоогоор танайд хэчнээн хүн энэ асуудлаар хандаад байна вэ. Үүнээс хэд нь Монголчууд байна.Тоо баримт дурдах боломжтой юу?

-Сар болгон 150 орчим гэр бүл манай эмнэлэгт хуруу шилний хүүхэд олох мэс ажилбарт орж байна. Гадаадаас манай эмнэлгийг сард 20-30 хос гэр бүл зорин ирж байгаагаас 10 орчим нь Монголоос ирж байна.

Манай эмнэлэг одоогоор 200 гаруй Монгол гэр бүлд үр хүүхэдтэй болох боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, бүгд амжилттай жирэмсэлж төрсөн гэсэн үг.

-Эмчилгээний явцад олон эм, тариа хэрэглэдэг гэж сонссон. Эмчилгээний өртөг зардал ойролцоогоор ямар байдаг вэ?

-Хуруу шилний хүүхэд олох мэс ажилбар төлбөрийн хувьд, өндгөн эс өдөөх эм тариа болон мэс ажилбаруудтайгаа нийлээд ойролцоогоор 5,000~6,000 ам.доллар орчим болдог. Эмэгтэйн нас залуу байх тусам эмчилгээний зардал бага тусдаг.

-Солонгост  эмчлүүлж байгаа Монголчууд танай эмнэлгийг үйлчилгээ сайтай, эмчилгээний үр дүн өндөр гэж ярьж байсан. Танайх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна. Эмнэлгээ товчхон танилцуулахгүй юу?

-2000 онд CLWH эмнэлгийг үүсгэн байгуулснаас хойш 15 жил болж байна. Энэ хугацаанд 100-аад эрдэм шинжилгээний ажил бичиж, үргүйдлийн чиглэлээр эрдэм шинжилгээний тэргүүний шагналыг найман удаа хүртсэн. Манай эмнэлэг үргүйдэл, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн найман эмч, 60 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөлдөөсөн үр суулгах тохиолдолд үнийн дүнг 50 хувь хөнгөлдөг

-15 жил гэдэг бас урт хугацаа. Одоогоор хуруу шилний хэчнээн хүүхэдтэй болоод байна?

-15,000 орчим хосод хуруу шилний хүүхэд олох мэс ажилбар хийсний үр дүнд 5,000 орчим шинэ хүн мэндэлсэн байна.

-Нэг удаа хандаад үр хүүхэдтэй болсон хүмүүс дараагийн удаа хоёр дахь хүүхэд дээрээ дахиад ханддаг уу. Энэ үед үнийн дүнд хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Тэгэлгүй яахав. Хоёр дахь удаагийн ажилбарт ороход шинжилгээний төлбөр болон эр эс хөлдөөх төлбөр хасагддаг учраас нийт ажилбарын төлбөр багасаж байгаа юм. Ялангуяа хөлдөөсөн үр хөврөл суулгах тохиолдолд хуруу шилний хүүхэд мэс ажилбарын нийт зардлын 50 орчим хувь нь  байхад  л хангалттай.

-Үр шилжүүлэн суулгуулж байгаа хосуудын олонх нь хоёр ихэр хүүхэдтэй болох  сонирхолтой байдаг гэж сонссон. Энэ нь тийм боломжтой зүйл үү ?

-CLWH эмнэлгээс ихэвчлэн хоёр үр хөврөлийг суулгадаг. Ихэр болох магадлал нь ердөө зургаан хувьтай байдаг бөгөөд 2-3 үр хөврөл суулгах тохиолдолд ихэрлэх магадлал нь 10 орчим хувьтай байдаг.

Ихэнх гэр бүл хуруу шилний хүүхэд ажилбар эхлэхээс өмнө биеэ бэлдэх хүсэлтэй байдаг. 

-Ер нь энэ аргаар хоёр ихэр хүүхэд төрүүлэх нь эдийн засаг, хувь хүний боломжоос шалтгаалах уу эсвэл тухайн хүний бие, эрүүл мэндийн онцлогоос хамаардаг уу?

-Ихэрлэн жирэмслэх тохиолдолд зулбах магадлал өндөр байдаг учраас анагаахын талаасаа бол ер нь зайлсхийх хандлагатай байдаг. Эмчилгээний зардлын хувьд бол ялгаа байхгүй.

-Эмчилгээний явцад олон эм уудаг юм байна лээ. Үр тогтох, ураг бүрэлдэх явцад сөргөөр нөлөөлдөггүй юм уу?

-Ихэнх гэр бүл хуруу шилний хүүхэд ажилбар эхлэхээс өмнө биеэ бэлдэх хүсэлтэй байдаг. Гэвч ажилбарын явцад таньж мэдэхгүй эм тариа хэрэглэх нь ажилбарт муу нөлөө үзүүлж болох тул зайлсхийх нь зүйтэй юм. Ер нь олон төрлийн антибиотик хэрэглэх нь зарим тохиолдолд ажилбарын дараа өндгөвчинд уйланхай үүсэх юмуу, умайн цус алдалт үүсвэл үр хөврөл тогтоход сөрөг нөлөөтэй байдаг.

Эмчилгээний эрсдэлтэй болон давуу талууд

-Эмч, эмчлүүлэгч хоёр нууцлалын гэрээ хийдэг гэж сонссон. Энд юу гэж дурдсан байдаг вэ. Нууц биш бол та товчхон мэдээлэл өгөөч?

-Өвчтөний эмчилгээний мэдээлэл нь хувь хүний асуудал учраас тухайн хүн зөвшөөрөөгүй тохиолдолд эмч хүний хувьд мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй. Гэрээнд энэ тухай л дурддаг.

-Үр шилжүүлэн суулгах аргыг ашиглаж төрсний дараа өөрөөрөө жирэмслэх боломж байдаг уу?

Эхний удаад хуруу шилний хүүхэд олох мэс ажилбарт орж, жирэмсэлсний дараа хоёр дахь удаа өөрөөрөө жирэмслэхийн тулд эмэгтэйн үрийн суваг, гуурсан хоолой болон эрэгтэйн эр эс хэвийн байх шаардлагатай.

Тиймээс  манай CLWH эмнэлэг үйлчлүүлж  буй гэр бүлүүддээ эхлээд өөрөөрөө жирэмслэх боломжтой эсэхийг нь оношилсны дараа ажилбарт ордог. Хэдийгээр ажилбар амжилтгүй болсон ч гэсэн хэсэг амрах хугацаандаа өөрөөрөө жирэмсэлсэн гэр бүл бас цөөнгүй  байдаг. Бид энэ л үед их урам ордог доо.

-Магадгүй, та бид хоёрын ярилцлагыг уншиж суугаа хэн нэгэнд энэ мэдээлэл чухал байж болох. Тиймээс та эмчилгээний давуу тал болон эрсдэлтэй талыг дурдаач. Ер нь энэ эмчилгээнд хамрагдахын тулд эмэгтэйчүүд юуг илүү анхаарах ёстой вэ. Эхнэр нөхөр хоёрт ямар шаардлага тавьдаг вэ?

-Хуруу шилний хүүхэд олох мэс ажилбарын дараа бие болон сэтгэл санаагаар амгалан тайван байх нь чухал. Болж өгвөл интернетийн болон бусдын ам дамжсан яриа, зөвлөгөө эмчилгээнээс зайлсхийх нь зүгээр. Юу юунаас илүүтэй эмчдээ болон өөрөө өөртөө итгэлтэй байх нь сайн үр дүнд хүрэхэд тустай гэдгийг зөвлөдөг.

Эмчилгээний хувьд, хуруу шилний хүүхэд олох мэс ажилбараар хурдан хугацаанд жирэмсэн болж болох ч, цаг хугацаа болон санхүүгийн зардал багагүй гардаг. Ажилбарын явцад гардаг сөрөг тал гэвэл, өндгөвчний полицист синдромтой эмэгтэйчүүдийн  өндгөн эс хэт олноор идэвхэжсэнээс болж, ажилбарын дараа хэвлийд ус дүүрэх явдал гардаг. Тиймээс эмчилгээ үйлчилгээ сайтай, итгэж болох мэргэжлийн эмнэлгийг зорих хэрэгтэй. Тэгж чадвал энэ нь санаа зовох зүйл биш юм.

Солонгост ч гэсэн үргүйдэл нэмэгдсээр байна 

-Ер нь үргүйдэл Солонгост хэр байна, Монголтой  харьцуулахад?

-Солонгос улсад ч гэсэн үргүйдэлтэй гэр бүлийн тоо нэмэгдсээр байна. Залуу эмэгтэйчүүдийн 15 орчим хувь нь үргүйдлийн асуудлаас болж шаналж байна.

Оройтож гэрлэх, залуу эмэгтэйчүүдийн эндометриоз болон өндгөвчний олон уйланхайт хам шинжийн (полицист синдром) өсөлт бас ажиглагдаж байгаа нь үргүйдэл үүсэхэд хамгийн гол шалтгаан болж байна. Монгол болон Солонгосчуудын үргүйдлийн шалтгаан нь өөр боловч үргүйдлийн эзлэх хувь, хэмжээний хувьд ойролцоо байна.

-Монгол эмэгтэйчүүдэд ийм асуудал түгээмэл тохиолдож байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?

Гэрлэлт оройтсон, зарим шалтгаанаар хүүхэд төрүүлэхийг хойш тавих болсон, мөн эмэгтэйчүүдийн гуурсан хоолойн гэмтэл болон наалданги зэргээс шалтгаалан үргүйдлийн хэмжээ ихсэж байна.

Ингэж үргүйдлийг үүсгэж байгаа шалтгаан нь аарцгийн үрэвсэл болон түүнд таарч тохирсон антибиотек эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байгаатай холбоотой байж болох юм. Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар бас жаахан учир дутагдалтай байдаг юм болов уу гэсэн бодол төрдөг. 

-Таван жилийн өмнө та Монголд ирж байсан гэсэн. Одоо хэзээ ирэхээр төлөвлөж байна вэ.  Таныг Монголд ирэх үеэр олон гэр бүл зөвлөгөө авахаар хүлээж суугаа байх?

-Таван жилийн өмнө анх Монголд очиж байсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа очсон. Одоо ирэх гуравдугаар сарын 3-5-ны хооронд “Сөүл Сонгдо” эмнэлэг дээр Монгол эмч нартай хамтран үргүйдлийн талаар үзлэг хийж, зөвлөгөө өгөх төлөвлөгөөтэй байна.

Мөн ирэх зургадугаар сард Монголд ирж манай CLWH эмнэлгээр үйлчлүүлэн амжилттай жирэмсэлсэн гэр бүлүүдээ урин залж, тэднийхээ үргүйдэл гэсэн хэцүү хүнд асуудлыг хэрхэн даван туулсан талаар ярилцах ба үргүйдлийн талаар лекц уншиж зөвлөгөө өгнө.

Зураг