Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн нэгэнд 97 настай эмээ гал түймэрт өртөж нас баржээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 23
iKon.MN

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд  нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 61 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиудын бүрэлдэхүүн цаг алдалгүй шуурхай ажиллаж унтраасан байна. 

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 28  хүний амь биеийг аварч, гал түймэрт түлэгдэж гэмтсэн 1 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүргэж, гал түймрийн аюулд өртөж  нас барсан 1  хүний цогцсыг  цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Гал түймрийн улмаас 1 хүн түлэгдэж, 1 хүн нас баржээ.

Тодруулбал 2015 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 01:33 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюушийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 97 настай эмэгтэй өртөж нас барсан байсныг цагдаад, 28 настай эмэгтэй түлэгдсэн байсныг эмчид тус тус хүлээлгэн өгсөн. 

Баяр, амралтын өдрүүдэд гарсан объектын гал түймрийн 61 дуудлагаас, 31 удаагийн дуудлага буюу нийт дуудлагын  50 хувийг ил задгай хогийн цэг, орон сууцны хогийн сувагт  хог шатсан дуудлага эзэлж байна. 

Иймд ил задгай хог хаяхгүй байх, орон сууцны жижүүр, СӨХ-ны холбогдох албан тушаалтнууд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган хяналт тавихыг анхааруулж байна.

Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжээс 5 км зайд шинээр баригдаж байгаа ШТС-н орчим 37 настай, эрэгтэй Б төөрсөн гэсэн мэдээллийг 23:20 үед  өгснөөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангийн 19 албан хаагч, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулж, төөрсөн гэх иргэн Б нь өглөөний 06:54 цагт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн эцэст дүүгийндээ ирсэн гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.