2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
-1°
03:00
S31
-1°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Ариунаа: Томоохон реформыг зоригтой хийх цаг нь болсон

Г.Ганчимэг
2015 оны 2 сарын 11
Зууны мэдээ

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаатай Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн хямралын шалтгаан, түүнээс гарах гарцын талаар ярилцлаа. Тэрээр 1997 оноос Удирдлагын академийн Эдийн засгийн тэнхимд ажиллаж байгаа бөгөөд 2010 онд “Төвлөрөл сааруулах, төсвийн харилцааны асуудал” сэдвээр Герман улсад докторын зэрэг хамгаалсан юм.

-Өнөөдөр эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг зарим нь төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадварын хүндрэл гэж тайлбарладаг. Харин зарим нь эдийн засгийн хямрал гэж үздэг юм билээ. Үнэхээр хүндрэл төдий юм бол иргэд яагаад хямарчихав аа?

-Эдийн засаг хямралтай байна. Яагаад гэвэл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тодорхой төвшинд байх ёстой. Хэрэв тэр хэмжээнээсээ хэтэрвэл хямрал гэж үздэг. Манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5 хувьд хүрч, дэлхийд хамгийн өндөр өсөлттэй байсан.

Ийнхүү өсөлт хоёр оронтой тоонд хүрч, цаашид ингээд явбал 3-4 жилийн дараа дундаж орлоготой орны төвшинд хүрнэ гэж ярьж байлаа. Гэтэл сүүлийн дөрвөн жил дараалан эдийн засгийн өсөлт саарч, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр долоон хувь болчихлоо шүү дээ.

Эдийн засгийн өсөлт дөрвөн жилийн өмнөхөөс 2.5 дахин бага болж, саарч байна гэсэн үг. Хоёрдугаарт, инфляцийн асуудал ерөөсөө шийдэгдэхгүй байна.

Монгол банкнаас инфляцийг долоон хувьд барина гэж бодлогын зорилтоо тодорхойлсон хэдий ч бодит байдал дээр үнийн өсөлт үүнээс хавьгүй их байдаг. Энэ нь иргэдийн нуруун дээр үнэхээр их дарамт болж амьдралд ч мэдрэгдэж байна.

Дараагийн асуудал бол ажилгүйдэл юм. 2010 онд манай улсад ажилгүйдлийн төвшин 10 орчим хувьтай байсан.

Өнөөдөр бас л 10 хувь байна. Эдийн засагчид ажилгүйдэл таван хувь, түүнээс бага байвал хэвийн гэж үздэг. Гэтэл манай улсад ажилгүйдэл хоёр дахин их байгаа нь яалт ч үгүй асуудал байгааг илтгэнэ.

Дөрвөн жил дараалан энэ үзүүлэлт буурахгүй байгаа нь эдийн засаг хямралд орсон байгаагийн тод жишээ. Түүнчлэн гадаад худалдаа маань байнга алдагдалтай гардаг. Ингээд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муу байгаа нь хямралтай байгааг илтгэж байна. Харин хүндрэл гэдэг бол нь түр зуур бий болж байгаа асуудлыг хэлнэ.

-Манай улс эдийн засгийн хямралд өртөх болсон шалтгааныг та юу гэж үзэж байна вэ. Үүнийгээ засахгүй бол цаашид гарах үр дагавар нь юу бол?  

-Хямрал удаашраад байвал депресс буюу гүнзгий хямрал болно. Ер нь сүүлийн үеийн дэлхийн улс орнуудад бий болсон хямралын нийтлэг шинж нь улсын өрийн асуудал байна л даа.

Манай улсад үүссэн хямралын шалтгааныг хоёр зүйл байна гэж би хардаг. Нэгдүгээрт, төсвийн зардлын тэлэлтээс үүдсэн инфляц юм. Засгийн газрын зардал 2010 онд 3.0 их наяд төгрөг байсан бол тэлсээр байгаад 2015 онд 7.4 их наяд болж дөрвөн жилийн хугацаанд 2.5 дахин өссөн.

Хямрал удаашраад байвал депресс буюу гүнзгий хямрал болно. 

Энэ зардлын гуравны хоёрыг нь татварын орлогоор үлдсэн хэсгийг инфляцийн татвар буюу мөнгө хэвлэн санхүүжүүлж байна.

Инфляцийг богино хугацаанд бууруулахын тулд төсвийн алдагдлыг болон мөнгөний нийлүүлэлтийг маш их бууруулах хэрэгтэй. Жишээ нь төсвийн зардлыг ядаж 25 хувиар бууруулж, цаасан мөнгө хэвлэж санхүүжүүлэх асуудлыг зогсоосноор цаашид төсвийг алдагдалгүй болно.

Ийм маягаар зургаан сарын дотор инфляцийг шийдэж болох юм. Хоёрдугаарт, манай эдийн засгийн систем маш замбараагүй байна, үүнийг цэгцэлж нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн зөв системийг бүрдүүлэх хэрэгтэй.

Учир нь эдийн засгийн бодлогын арга хэрэгсэл бол тухайн орны эдийн засгийн систем байдаг. 1990 оноос хойш маш олон өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлсэн.

Гэхдээ эдгээр нь нэгдмэл зорилгогүй, тухайн үеийн нэг л асуудлыг шийдэхэд чиглэдэг, өөрөөр хэлбэл “гал унтраах” маягийн  бодлого байсны  үр дагавар нь одоогийн систем юм.

-Эдийн засгийн тогтолцоо маань хэтэрхий замбараагүйгээс эрүүл бус болсон гэж үү?

-Тийм ээ. Бид Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэ­ний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Энэ нийгмээ байгуулахын тулд бид эдийн засгийн тогтолцоогоо зөв бүрдүүлэх ёстой.

Миний бодлоор нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн системийг зөв хөгжүүлбэл бид богино хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, иргэдээ чинээлэг сайхан амьдралд хүргэнэ. Өнөөдөр бид ямар нийгэм байгуулах гээд байна вэ гэдэгтээ бүгд л эргэлздэг болчихлоо шүү дээ.

-Зэрлэг капитализм гэж шууд хэлдэг хүмүүс байгаа шүү дээ?

Дэлхийд эдийн засгийн хоёр тогтолцоо байсан. Эхнийх нь капитализм буюу цэвэр либериал систем. Нөгөө нь социализм буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем. Харин гурав дахь систем нь нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг юм.

Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлснээр амжилтад хүрч өндөр хөгжсөн олон орон байна.

Тухайлбал, Япон, Герман, Чили улсыг нэрлэж болно. Герман, Япон нь дэлхийн II дайны дараа эдийн засгаа сүйрлээс гаргахын тулд гурав дахь замыг сонгож, эдийн засгийн гайхамшгийг бүтээж, богино хугацаанд өндөр хөгжилд хүрсэн. Түүнчлэн Чили улс нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, уул уурхайн салбараас хамааралтай байдлаа арилгаж, чинээлэг нийгмийг  хөгжүүлсэн юм.

-Манай улстөрчид төсвийн алдагдал буу­руулах гэдгийг нийгмийн халамжийг үгүй хийнэ гэж ойлгодог юм шиг байна билээ?

-Нийгмийн халамжийн үйлчилгээг бууруулснаар хямралаас гарна гэдэг буруу логик шүү. Яагаад гэвэл хямралын шалтгаан нь энэ биш. Харин ч халамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг нь өсдөг.

Ингэж ярихаар хүмүүс “Нийгмийн халамж өсөхөөр эдийн засаг өснө” гэнэ үү хэмээн  жаахан гайхдаг л даа. Ядуу байгаа эмзэг давхаргын иргэдээ халамжлах хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн бүх иргэнээ хамгаалах даатгалын систем хөгжүүлэх ёстой. Ядуу хүмүүс, нийгмийн эмзэг хэсэг, орлого багатай хүмүүст эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг нийгмийн үйлчилгээг төр хариуцан үзүүлэх үүрэгтэй юм.

Манайд одоо байгаа нийгмийн халамж, хамгааллын системий өөрчилж зах зээлд тулгуурласан, зах зээлийн эдийн засгийн халамж, хамгааллыг бүрдүүлэх хэрэгтэй. Нэг талдаа нийгмийн зардал өсөх хэдий ч нөгөө талдаа үр дүнд чиглэсэн төсвийн удирдлагаар төсвийн зардлаа бууруулах бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг.

Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцооны тулгын гурван чулуу нь өрсөлдөөний зарчмаар ажилладаг зах зээл, зах зээлийн бүтээмжийг нийгмийн тэнцвэржилтэд шилжүүлэх, зах зээлийн бүтээмж болон нийгмийн тэнцвэржилт хоорондын харилцааг эрх мэдэл, үүрэг хариуцлагын шатлан захирах (субсидар) зарчмаар тодорхойлох юм.

Эдийн засгийн бодлого нь уг нийгмийн дэг журмыг тогтоох өөрөөр хэлбэл тоглоомын дүрмийг тогтоох, үйл явцыг зохицуулах болон эдийн засгийн бүтцийг тодорхойлоход чиглэх учиртай.

Ер нь бол эдийн засгийн ерөнхий нөхцлийг бүрдүүлэхэд өрсөлдөөн, хөдөлмөрийн зах зээл, хүрээлэн буй орчны бодлого зэрэгт ихээхэн анхаарах хэрэгтэй.

-Иргэд инфляцийн статистикт итгэдэггүй л дээ. Энэ худал тоо байна гэж харддаг. Өнөөдөр яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-Инфляци гэдэг бол үнийн ерөнхий төвш­ний өсөлтийг хэлнэ. Жишээлбэл, гар утас, электрон барааны үнэ буурч байхад шатахуун, хүнсний барааны үнэ өсч байдаг. Тийм болохоор хүмүүс албан ёсны статистикт итгэхгүй байдал үүсдэг байх. Инфляцийг хэрэглэгчийн үнийн индексээр тодорхойлдог.

Харин хэрэглэгчийн сагсны бүтцийг харвал энэ үнийн өсөлт, бууралтын ялгаа нь харагдана. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөөр иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа.

Тиймээс хүмүүс 13 хувийн инфляцийг бага тоо гаргалаа, буруу гэж хардаж ярьдаг. Үнэндээ ч 13 хувь бол бага тоо биш.

Инфляци гэдэг бол үнийн ерөнхий төвш­ний өсөлтийг хэлнэ. 

Хөгжсөн оронд инфляц 2-3 хувьтай байдаг. Инфляц өндөр байгаагаас капиталын өгөөж маш бага, бараг сөрөг байгаа тиймээс манай улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна.

Инфляц буурч мөнгөний үнэ цэнэ тогтвортой болоод ирэхээр аяндаа капиталын өгөөж нэмэгдэнэ. Ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл бол төсвийн алдагдал өндөр байсан, мөнгөний нийлүүлэлт хэт өссөн явдал юм.

-Дөрвөн жилийн өмнө ажилгүйдэл 10 орчим хувьтай байсан. Өнөөдөр ч 10 хувьтай гэдэг албан ёсны статистик ч бас л эргэлзээ төрүүлж байна. Яагаад гэвэл, өнөөдөр энгийн иргэд орон тооны цомхотголд их өртлөө. Уул уурхайн компаниуд ч үйл ажиллагаагаас зогсоосон. Тэнд ажиллаж байсан хүмүүс нэг хэсэг барилгын салбарт шилжиж ажилласан л даа. Харин одоо царцаасан барилгын тоо өсөхөөр тэд бас л ажилгүй болно шүү дээ?

- Ажилгүйдлийн төвшин гэдэг нь албан ёсоор ажилгүй байна гэж бүртгүүлсэн иргэдийнхээ тоон мэдээлэлд үндэслэн гаргадаг.

Гэхдээ ажилгүйдлийн төвшин 10 хувь байгаа нь бага тоо биш шүү дээ. Хэвийн байх хэмжээнээсээ хоёр дахин их байна гэсэн үг. Энэ яриад байгаа асуудлыг төсөв, санхүүгийн бодлогоор шийдэж болно.

-УИХ-аар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа. Үүндээ 30 жилээр хэтийн төлөвлөгөөгөө хийхээр тусгах юм билээ. Энэ нь хэр үр дүнтэй байх бол?

-Бид урт хугацааныхаа төлөвлөгөөг 30 жилээр төлөвлөж болно шүү дээ. Хамгийн гол нь тэр үед бид хаана хүрчихсэн байх юм бэ гэдэг нь чухал. Бидний амьжиргааны төвшин ямар болох юм бэ гэдэг тодорхой зорилго тавиад түүндээ чиглүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн салбарын бүтэц, бүс нутгийн хөгжлийг стратегийн төвшинд төлөвлөх нь зүйтэй.

Уул уурхай, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар ямар харьцаатай байх, аль бүс нутаг ямар чиглэлээр хөгжих, түүнийг дэмжих дэд бүтцийн бодлого ямар байхыг бодлогоор зохицуулах, бодлогын уялдаа, залгамж байдлыг хадгалахад энэ хууль чухал.

Манай улс зэс, нүүрсний экспортоос маш их хамааралтай болчихсон. Тиймээс энэ хамаарлыг арилгах ёстой болж байна. Ингэхийн тулд зах зээлд өрсөлдөөнийг бий болгосноор үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, хувийн салбарын үйл ажиллагаанд саад болж буй дарамтыг арилгах бодлого хэрэгтэй байна.

-Тэгвэл манай улс өнөөдөр ямар бодлоготой явж байгаа юм бэ?

-Ерөнхийдөө алс хэтийг харахгүй асуудлыг хэсэг хэсгээр нь шийдэх байдал зонхилж байна. Энэ нь цаашид өөр олон асуудлыг үүсгэх эх сурвалж нь болдог. Тухайлбал, Нийслэлийн замын түгжрэлийг өнөө маргаашдаа дугаарын хязгаарлалтаар зохицуулж байна.

Гэхдээ цаашид машины дугаарын наймаа цэцэглэж, машины тоо эрс нэмэгдэх, осол гаргасан гэмт этгээдийг олж тогтооход бэрхшээлтэй болох зэрэг сөрөг үр дагавар гарч эхэлнэ. Хүн гэдэг амьтан чинь байгалиасаа өөрийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг.

Тиймээс тэр хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин бодлого боловсруулахдаа судалгаанд үндэслэх хэрэгтэй, жишээ нь ямар нэг бодлогын арга хэмжээ авахдаа түүнд оролцогчдын хариу үйлдэл юу болохыг төсөөлсөн байх хэрэгтэй.

-Бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн залгамж халаа хэрэгтэй болов уу. Гэтэл хоёр том нам сонгуульд яаж ялах вэ, ялсныхаа дараа нөгөө намын гишүүдийнхээ хийж эхлүүлсэн ажлыг яаж нурааж, өөрсдийгөө шинээр ажил хийсэн юм шиг яаж харагдуулах вэ гэдэг марафонд орж байгаа юм шиг л авирладаг шүү дээ?

-Тиймээс л стратегийн төлөвлөлт хэрэгтэй. Зах зээлийн эдийн засагтай, өндөр хөгжилтэй орнууд ч бас төлөвлөдөг. Гэхдээ социализмын үеийн төлөвлөлт биш л дээ. Зах зээлийн эдийн засгийн төлөвлөлт байх юм.

Ингэж төлөвлөгөө хийхдээ иргэдийн саналыг асуух ёстой, мэргэжлийн байгуулагын судалгаанд үндэслэж урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг уялдуулах хэрэгтэй байна. Тиймээс үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэх томоохон реформыг зоригтой хиймээр байна. Энэ цаг нь ч болсон.

 

x