Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар яллагдагч болжээ

Б.Ану
2015 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдын тухай хэвлэлд ярилцлага өгсний төлөө түүнд хэрэг үүсээд байгаа билээ. 

Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд "Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100% худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав" гэж твиттердээ бичиж байсан. 

УИХ-ын дарга З.Энхболд энэхүү гомдлоо 2015 оны нэгдүгээр сарын 5-нд холбогдох хуулийн байгууллагад гаргаж улмаар маргааш нь буюу энэ сарын 6-нд М.Наранбаатар сэжигтэн болж хэрэг үүсчээ. 

Харин энэхүү хэрэг маш эрчимтэйгээр шийдэгдэж буй сурагтай. 

Нэгдүгээр сарын 19-нд тус хэрэг прокурорт шилжин М.Наранбаатар яллагдагч болоод байгаа аж. 

Харин М.Наранбаатарын З.Энхболдын эсрэг өгсөн гомдлыг холбогдох хуулийн байгууллага хэлэлцэх боломжгүй гэж үзээд байгаа юм байна. 

Хоёр талаас үүсгэсэн хэрэг ийм шатандаа явж байтал М.Наранбаатарыг үл таних этгээдүүд зодож танхайрчээ.

 Энэ талаар М.Наранбаатартай холбогдон мэдээлэл авахад "Эмнэлэг орж нүүрэндээ оёдол тавиулаад явж байна. Хоёр танихгүй хүн  "Их олон юм ярьдаг хүн билүү, чи" гэж нүүрэн тус газарт цохисон. Их л сонин сонин зүйл болж байна даа" гэв.  

Хэдийгээр энэ халдлага нь дээрх үйл явдалтай холбогдох албагүй ч ихэд сонирхолтой үйл явдал ар араасаа хөвөрч байна.