Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баярцогт: Хамгийн чадварлаг сагсчид л шигшээ багт тоглох ёстой

Ж.Цэцэгмаа
2015 оны 1 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн 2014 оныг чамгүй амжилтаар үдсэн. Шар тивийн наадмын шилдэг найман багийн нэгээр шалгарч, оны тэргүүн дээд “Бөртэ-Чоно” наадмын эзэд болсон гээд чамлахааргүй амжилт үзүүлсэн.

Энэ бүхний ар тал болж, сагсан бөмбөгийн лигийн дөрвөн удаагийн аварга “СБЛ-Хасын хүлгүүд” багийг өнөөдрийн амжилтын оргилд хөтөлж яваа эрхэм бол Одонбаатарын Баярцогт юм.

Тэмцээн уралдааны үед нэлээн ууртай, хатуухан зан ааштай харагддаг дасгалжуулагч маань нүүр тулан ярилцахад их энгийн нэгэн санагдсан. Ам нээх болгондоо л тамирчдаа өмгөөлж, эсвэл алдаа дутагдлыг нь шулуухан хэлж байсан нь түүнийг ямархуу хүн, дасгалжуулагч вэ гэдгийг юунаас ч илүү тодорхойлж байсан юм. Ингээд “Өглөөний зочин”-ы хойморт уригдсан түүний яриаг болгооно уу. 

-Улиран одсон 2014 он Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн хувьд түүхэн амжилтын жил байлаа?

-Тийм ээ. Зөвхөн Монгол Улсын шигшээ баг гэлтгүй олон жил тамирчин нь байж өнөөдөр дасгалжуулагчийн албанд нь зүтгэж яваа “СБЛ-Хасын хүлэг” клубын 10 жилийн ой тохиосон.

Ойн хүрээнд Монгол Улсын лигийн аварга баг болж томоохон амжилт үзүүллээ. Сэтгэл өндөр байгаа. 

-Эдгээр амжилтаас нэн түрүүнд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн наадамд үзүүлсэн түүхэн амжилтыг эргэн дурсахгүй юу?

-Миний хувьд шигшээ багийн туслах дасгалжуулагчаар нэлээн хугацааг өнгөрүүлсэн. Дөрвөн жилийн миний болоод тамирчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр шим Азийн наадмаар үнэлэгдлээ. Бид чамлахааргүй амжилт гаргасан.

-Хүсэл мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Мэдээж. Бид Зүүн Азийн аваргаар Азийн шилдгүүдтэй амжилттай өрсөлдөн шигшээд шалгарах юмсан гэсэн нууцхан бодол, зорилготой явдаг байсан. Санасандаа ч хүрсэн.

-Манайхан маш их ядарсан. Амрах цаг гарсан бол үүнээс илүү амжилт үзүүлэх нөөц байсан даа?

-Бидэнтэй өрсөлдсөн Иран, Япон болон бусад орны тамирчдын хувьд байнгын бэлтгэлтэй байдаг. Манай тамирчид шиг давхар ажил хийдэггүй. Зөвхөн спортдоо л анхаарлаа хандуулдаг.

Гэтэл манайх эсрэгээрээ. Үүнээс шалтгаалж Монгол болон шигшээд шалгарсан бусад багийн давуу болон сул тал тэмцээний төгсгөлд тодорхой харагдсан. 

-Клубын системээр тогтмол бэлтгэлтэй байвал амжилт ойртох болов уу?

-Тамирчид маань өнгөрсөн Азийн тоглолтод маш их ядарсан. Энэ нь ч аргагүй.

Ажлаасаа тарж бэлтгэлээ хийнэ. Япон, Солонгосчуудын бэлтгэлтэй үнэндээ харьцуулах арга байхгүй. 

-БНСУ, Филиппин, Катар, Япон гээд бүх багуудтай тоглож, тоглолтын төгсгөл хүртэл хүчтэй өрсөлдөж чадсан?

-Тийм ээ. Хэсгээсээ дөрвөөр шалгарч, Катарын багтай тоглоход эн тэнцүүхэн өрсөлдөж, 63-71 онооны харьцаагаар ялагдсан. Катарыг хожсон бол бид тавдугаар байрын төлөө тоглох байсан юм.

Манай багийн хувьд найм, Катар таван тоглолт хийгээд байсан. Залуучууд маань ес хоногт найман тоглолтыг дараалан хийсэн болохоор үнэхээр ядарсан. 

-Тэр хэрээр тамирчдын сэтгэл зүйд ч нөлөөлсөн болов уу? 

-Нийт арван тоглолт хийхдээ хоёр өдөр л амарсан. Бусад өдрүүдэд дараалан тоглолт хийсэн. Гэхдээ би тамирчиддаа “Энэ бол Монголын сагсан бөмбөгчдөд учирч буй хамгийн том тэмцээн, хамгийн том амжилт болж байна.

Цаашдаа медалийн төлөө өрсөлдөж, 10-11 тоглолт хийх юм байна” гэж байнга сануулж байсан. Нэг ёсондоо сэтгэл зүйн бэлтгэл хийж байсан гэх үү дээ. 

-Нуруу намдсан. Үүнийг нөхөх ямар тактик боловсруулж байв?

-Бид нуруугаар нам ч багийн тоглолтын ур чадварыг харуулж тоглосон.

Нурууны намыг нөхөх тактик бусад багийг жаахан сандаргасан.

Дөрвөн үеийн турш үзүүлэх тоглолтын ур чадвар бэлтгэл дээр хийгдсэн байх ёстой. Нурууны намыг нөхөх тактик бусад багийг жаахан сандаргасан шүү. 

-Энэ амжилт цаашлаад Олон улсын томоохон тэмцээнд урьдчилсан шалгуурт оролгүй өрсөлдөх боломж нээж өглөө?

-Тийм ээ. Ер нь Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Азид энэ тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрч яваа нь өнгөрсөн тэмцээнээс харагдлаа.

Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, материаллаг баазаар хангаад өгвөл манай тамирчид амжилтад хүрч чадна. 

-Та бүхний амжилт “Бөртэ-Чоно” наадмын тэргүүнд залрах гайхалтай мөчийг “бэлэглэсэн”?

-Их баяртай байгаа. Хүн хөдөлмөрлөж чадвал амьдрал аяндаа тэгширдэг. Спорт ч ялгаагүй.

Хэчнээн их хөлс, хөдөлмөр гарна. Тэр хэмжээгээр чи амжилт гаргаж чадна. 

-Сайны хажуугаар саар яриа гарах л юм. Учир нь шигшээ багийн тамирчдын дийлэнх нь “СБЛ-Хасын хүлгүүд” багаас бүрдэж байна гэх яриа?

-Энэ яриаг наснаасаа олон удаа сонссон.

-Шууд О.Баярцогттой холбож тайлбарладаг л даа?

-Би шигшээ багийн ахлах болохоор өөрийн “СБЛ-Хасын хүлгүүд” багаас тамирчдаа сонгоод байдаг юм биш. Хэний ч нүдэнд ил.

Тоглолтын ур чадвараар илүү байж чи Монгол Улсын шигшээ багт данслагдах ёстой.

Хүн хөдөлмөрлөж чадвал амьдрал аяндаа тэгширдэг. 

Жишээлбэл Бэлгүүн, Сэргэлэн, Дэлгэрням, Отгонмөнх. Хэн хэн нь яах аргагүй шигшээд тоглоход барьцах нэгэн гарахгүй байх. Тэрнээс манай багийн тоглогчид бүгд Монгол Улсын шигшээг бүрдүүлээд байгаа юм биш.

Гэхдээ ур чадвар нь өндөр сайн тоглоод байвал багаараа ч шигшээ багийг бүрдүүлсэн буруу нь юу байна. Өрөөсгөл ойлголтоос холдох хэрэгтэй. 

-Шигшээ багийг хүлээлгэн өгнө гэсэн яриа гарах юм?

-Миний хувьд 2009 оноос шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед Солонгос мэргэжилтэн Пак шигшээ багийн ахлах байсан.

Ер нь шигшээ баг тамирчид 2010 оноос эхлэн Олон улсад амжилттай өрсөлдөх эхлэлээ тавьсан. Пак дасгалжуулагч шигшээ баг дээр ажиллах хугацаанд олон арга барилыг төлөвшүүлсэн.

2010 онд шигшээ багийн ахлах болоход жишээ нь өнөөдрийн лигийн шилдэг тамирчин Мөнхболд хаана тоглох байрлал нь эргэлзээтэй л байсан. Шигшээ багийн ахлахаар томилогдоод Болдоог шигшээд үндсэн байрлалд тоглуулж эхэлсэн.

Жишээ болгон хэлэхэд л энэ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Азид өрсөлдөхүйц шигшээ баг бэлдэх зорилго тавин ажилласан.

Тухайн үеэс барьж ажилласан шигшээ баг нэг сэтгэлтэй, зорилготой ажиллаж өнөөдрийн багахан амжилтад хүрсэн. Энэ бол эхлэл. Нэг хүн албан тушаалдаа удах дэмий гэж би хувьдаа боддог.

Юм ээлж дараатай байх ёстой. Тиймээс шигшээ багаа хүлээлгэн өгөх бодол бий. Надаас өөр шинэ залуу дасгалжуулагчид бий. Тэдэнд ч гэсэн боломж гаргаж өгөх нь зөв байх.

-Залхсан гэж ойлгож болох уу?

-Үгүй л дээ. Шигшээ багийн хамгийн хүндрэлтэй асуудал бол санхүү. Байрлах байр, заал танхимаас эхлээд маш их асуудалтай.

Байрлах байр, заал танхимаас эхлээд маш их асуудалтай. 

Олон жилийн хугацаанд энэ талын ажлыг чадах чинээгээр зохицуулж бараг л маркетингийн менежер шиг ажиллаж ирсэн. Баг хамт олондоо ч хайртай. Зүгээр л шинэ залуу үеийн төлөөллөө дэмжих цаг болсон. 

-Зөвхөн “СБЛ-Хасын хүлэг” багт зүтгэх үү?

-Манайх клубын системээр бэлтгэлээ хангадаг цорын ганц баг. Зөвхөн лигт баг барьж ажилладаг байсан бол одоо өсвөр, залуучууд, оюутан, эмэгтэйчүүдийн лиг гээд баг тамирчдыг бэлтгэж, өрсөлдүүлж байна.

“Этүгэн” сургуулийг түшиглэж бэлтгэл сургуулилтаа хангасаар ирсэн. Цаашдаа ч клубын үйл ажиллагааг дэмжиж хүүхэд, залуустаа цаг заваа зарцуулж ажиллана.

-“СБЛ-Хасын хүлгүүд” баг энэ жилийн супер лигээс хоцорч жаахан хоцорц эхэлсэн. Ялалт, ялагдалын харьцаа нь тэнцүү байх шиг. Үзэгчид хүлгүүд “гаран гаран” тоглолт үзүүлээд байна гэж шүүмжилж байгаа?

-За яах вэ дээ. Юм дандаа л тэгш сайхан байдаггүй шүү дээ. Тамирчдад маань жаахан сэргэлт дутагдаж байж магадгүй. Гэхдээ яваандаа тэгшрээд ирэх байлгүй дээ.

Миний хувьд 1994 оноос Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн “Азийн чоно”, “Бизнесийн чөтгөрүүд”, “Азарганууд” багуудад тоглож, дээд лигт гурван удаа аваргалсан. Дараа нь дасгалжуулагчийн албанд шилжсэн цагаас хойш багаа гурван удаагийн аварга болгосон багахан туршлага байна. 

Өнөөдөр манай “Хасын хүлгүүд” баг сагсан бөмбөгийн дээд лигийн өнгө төрхийг тодорхойлдог цөөхөн багийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Эцэст нь онцлоход хамгийн чадварлаг сагсчид л шигтээ багт тоглох ёстой. 

Зураг