Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Харж хандах хүнгүй үлддэг хүүхдийн асуудал жинхэнэ АСУУДАЛ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хараа хяналтгүй хүүхдүүдийн төлөө хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд олон ажил хийдэг. Энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа. 

Харин гэртээ харж хандах хүнгүй үлддэг хүүхдийн асуудал жинхэнэ АСУУДАЛ болоод байна. 

ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн орлогч эрхлэгч, их эмч Т.Бат-Эрдэнэ хүүхдүүдийн түлэгдлийн үндсэн шалтгааны талаар “2-3 настай хүүхдийг 5 настай ах эгч нар нь хардаг. Аав ээж нар нь ажилдаа явчихдаг. Энэ хойгуур түлэгдсэний дараа анхны тусламж үзүүлэх боломжгүйгээс болж хүүхэд их хэмжээний талбай хамарсан, гүн түлэгдсэн тохиолдлууд их байдаг хэмээн ярьсан юм. 

Түлэнхийн тасагт 68 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 30 орчим нь бага насны хүүхдүүд.Сэхээнд найман хүн байгаагийн зургаа нь гурваас доош насны хүүхдүүд байв. 

Харин ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэн “Гэр хороололд амьдарч буй бага насны хүүхдүүд эцэг эхээ ажлаасаа тараад ирэхэд нь гэрээ дулаан байлгахын тулд галлагаа хийдэг. Ингэхдээ галлагаагаа буруу хийж, түлшийг хэтрүүлэн хэрэглэснээс болж түймэр гардаг гэдгийг анхааруулж байв.

ОБЕГ-аас жилд 10 орчим хүүхэд гэртээ гал түймрийн улмаас нас бардаг гэсэн мэдээг дуулгасан юм. Он гараад арав гаруй хоногийн нүүр үзэж байхад таван настай хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай явдал тохиосон аж.

Ийнхүү гэртээ харж хандах хүнгүй үлдэж байгаа хүүхдүүд осол гэмтэл, түймэрт өртөх магадлал ихтэй байгаа учир энэ асуудлаар эрх зүйн зохицуулалт байдаг эсэхийг судаллаа. Монгол Улсад хэрэгжиж буй “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулиас шүүхэд 

12 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ:
                        1/ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах; 

гэж заажээ.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хоол хүнс, хувцас, орон байраар хангадаг боловч эрүүл, аюулгүй орчинд амьдруулж байгаа эсэхээ анхаарах нь дутмаг байгаагаас дээрх асуудлууд үүддэг гэж дүгнэж болохоор байна.

Монгол Улс 2010-2015 оны Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн үндсэн зарчимдааХүүхэд, эцэг эх, албан тушаалтан, олон нийтийн бүхий л сонголт, үйлдэл, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаа нь Хүүхдийн аюулгүй байдал, эрхэд суурилах зарчимд нийцнэгэж тусгасан байдаг юм байна.

 

Монгол Улсад гэртээ харах хүнгүй үлдэж байгаа хүүхдүүдэд зориулсан эрх зүйн зохицуулалт байхгүй.

Нэгэнт хүүхэд хамгаалалтай холбоотой асуудал, сэдэв учир төрийн байгууллагуудын зүгээс энэ асуудлаар ямар арга хэмжээ авч буйг тодруулахаар Хүүхдийн төлөө Үндэсний газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Э.Ганбаяртай холбогдлоо. 

ТэрээрГэртээ асран хамгаалах хүнгүй үлдсэн хүүхдүүдийг судалсан албан ёсны судалгаа байхгүй. Харин 2014 оны сүүлээр буюу арванхоёрдугаар сарын дундуур Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас нийслэл хотод байгаа хараа хяналтгүй хүүхдүүдийг олж илрүүлэх ажиллагаа явуулсан” гэв. 

Хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхих, эсвэл сэтгэцийн өвчтэй хүнтэй орхих асуудалтай холбоотой эрхзүйн зохицуулалтын тухай Э.Ганбаяр “Сэтгэцийн өвчтэй хүнтэй хүүхэд үлдээх нь ямарч тохиолдолд эрсдэлтэй. Одоогийн байдлаар Монгол Улсад гэртээ харах хүнгүй үлдэж байгаа эцэг, эхийн халамж шаардлагатай хүүхдүүдэд зориулсан эрх зүйн зохицуулалт байхгүй. Тийм учраас хууль эрхзүйн талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төсөл тун удахгүй батлагдан гарах гэж байна” гэдгийг онцоллоо. 

/Саяхан сэтгэцийн өвчтэй нэгэн эмэгтэй зургаан настай охиноо тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсныг онцгой байдлын ажилчид зогсоож, амь насыг нь аварсан мэдээллийг хүргэж байсан билээ/ 

Эмнэлэг, Онцгой байдлын байгууллагуудын зүгээс хүүхдээ харж хандах хүнгүй орхисноос болж олон харамсалтай явдал тохиож буйг анхааруулсаар байхад энэ асуудал улам хурцадсаар байгаа нь харамсалтай. 

Нэг талаас хүүхдээ харахын тулд ажил хийхгүй гэртээ сууя гэхэд хоногийн хоолоо хэрхэн залгуулах билээ. Нөгөө талаас хүүхдээ цэцэрлэгт явуулаад ажлаа хийе гэхэд цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээний асуудал ямар тааруухан байгаа билээ дээ. 

Мэдээж ямар ч эцэг эх хүүхдээ осол, аюулд өртөөсэй гэж хүсэхгүй нь лав. Гэвч хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг ийм нөхцөл байдалд ХҮҮХЭД л хохирч үлдсээр байгаа нь өрөвдмөөр.