Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Хэрэглэгч мөнгөтэй байгаа үед барилгын инженер хүн ажилтай байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 14
iKon.MN
2015.01.14 Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Барилга, хот байгууллалтын сайд Д.Цогтбаатар ТОСК буюу Төрийн Орон Сууцны Корпорацийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Төрийн Орон Сууцны Корпарацийн зүгээс салбарын сайддаа байгууллагынхаа үйл ажиллагаа, цаашид хийж төлөвлөсөн ажил, санал хүсэлтээ энэ үеэр уламжлав.


Тэдний зүгээс  “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд:

  • Баянхонгор аймаг-120
  • Говь-Алтай аймаг-130
  • Орхон аймаг-315
  • Хөвсгөл аймаг-120
  • Булган аймаг-120
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум-38
  • Багануур дүүрэг-63

Нийт дүнгээр 906 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байгаа гэв.

“Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн орон сууцны барилга энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно

“Буянт-Ухаа 2” хороолол Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 28 га талбайд төлөвлөгдөн баригдаж байгаа юм байна. Тус хороолол нь

  • 48 ширхэг 9 давхар орон сууцны барилга,
  • 60 ширхэг 12 давхар орон сууцны барилгаас тус тус бүрдсэн аж. Мөн
  • 1200 хүүхдийн хоёр сургууль,
  • 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг,
  • Спорт цогцолбор хоёр ширхэг,
  • Томоохон үзвэр үйлчилгээний төв,
  • 12 ширхэг худалдааны төв байхын зэрэгцээ долоон давхар нийт 400 автомашины нэгдсэн гаражтай байхаар зураг төслийг нь шийдсэн гэж ТОСК мэдэгдлээ.

Одоогийн байдлаар эхний есөн давхар 48 барилга, 400 автомашины дулаан зогсоол, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд угсралтын ажил явагдаж эхэлжээ.

Гүйцэтгэгчээр “Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци” ХХК ажиллаж байгаа юм байна. Эхний ээлжийн 22 барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэв.

Харин тус хороолол 2016 оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад орж дуусах бөгөөд ингэснээр 6000 орчим айл орон сууцтай болох юм. Мөн энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд нийт 73.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

 

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар:

-Та ажлаа авснаасаа хойш олон байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Барилгын салбарт тулгамдаж буй ямар асуудал байна. Төрөөс ямар бодлого дутагдаж байна?

-Барилгын салбарт маш их зүйл хийх гэж оролдсон байна. Барилгын материалын олон үйлдвэрүүд баригдсан байна. Сайн зүйлс нь олон хэдий ч нөгөө талаасаа зах зээлийн орчинд оршиж байгаа шүү гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

Зах зээл гэдэг бол НИЙЛҮҮЛЭЛТ, ЭРЭЛТ гэсэн үг. Эрэлт тал дээрээ эдийн засаг чинь удаашрах гээд байна шүү гэдэг анхааруулга нэлээн эрт байсан. Ийм тохиолдолд нийлүүлэлт талдаа хөрөнгө оруулалтаа зогсоохгүй яваад байвал энэ нь өөрөө асуудал дагуулдаг. Тийм учраас бүтээн байгуулалтаа сайн хийхийн тулд эдийн засгийн тооцоотой байх хэрэгтэй.

Эс тэгвэл харахад гоё бүтээн байгуулалт хэдий ч эргээд асуудал дагуулж болзошгүй юм. Энэ үүднээсээ миний хувьд ажлаа авсныхаа дараа эрэлт буюу хэрэглэгч төвтэй тогтолцоо байх ёстой гэсэн байр суурьнаас хандаж байгаа.

Барилгын салбар бол инженер хүнийг ажилтай байлгах биш барилгыг нь худалдаж авдаг хүмүүст үйлчлэх салбар. Хэрэглэгч мөнгөтэй байгаа үед инженер хүн ажилтай байдаг гэдгийг тооцох хэрэгтэй.