Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдралд гунигийн нулимс хэрэггүй

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

-Кино ярьж өгөх үү-

Монголын кино урлагийн сан хөмрөгт шинэ өнгө төрх нэмсэн 2015 оны хамгийн анхны бүтээл “Амьдрал нулимсанд дургүй” уянгын драмын кино бүх кино театруудаар гарч эхэллээ.

Хүний амьдрал гэдэг ахархан атлаа хувь заяа хаашаа ч эргэж болох хэдий ч хүн чанараа гээгээгүй цагт сайн сайхан амьдрах цаг ирдэг гэдгийг тус кинонд өгүүлжээ.

Кино ингэж эхэлнэ. Юмжир бол жирийн нэг загвар зохион бүтээгч бүсгүй.Цагтаа сайдын ганц охин гэгдэн жаргаж явсан ч, хорвоогийн жамаар ахтайгаа хоёулаа өнчирч хоцорчээ.

Зулай гишгэж төрсөн ганц ах нь хүртэл сураг алдарсан. Гэхдээ Юмжирт тулж түших ганц хүн бий. Энэ бол түүний нөхөр Ангараг.

Ангараг ухаалаг, аливаа зүйлд ул суурьтай ханддаг сайн залуу. Гэвч бор дарсанд хөлчүүрхсэн үедээ зүрхийг нь зүсэх гашуун үгийг хайр найргүй чулуудах нь Юмжирт сэтгэлийн гүн гүнзгий шарханд нь давс үрэх шиг санагдана.

Хүний амьдрал гэдэг ахархан атлаа хувь заяа хаашаа ч эргэж болох хэдий ч хүн чанараа гээгээгүй цагт сайн сайхан амьдрах цаг ирдэг. 

Энэ байдал ч удаан үргэлжилжээ. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэдэнд хамт амьдрах томоос том шалтгаан бий.

Тэр бол таван настай бяцхан гүнж Тэргэл. Юмжир, Ангараг хоёрын ганц нар. Гэтэл нэг л мэдэхэд хувь заяа Юмжирээр даажигнаж, түүний амьдрал орвонгоороо эргэх болно.

“Энэ охин ингэх хүн биш” гэж хэлэх танил эмэгтэйн дуугаар сэхэл авах үед түүний гар цусаар будагдсан байх бөгөөд нөхөр Ангарагийнх байх аж.

Бүсгүй тэсгэл алдан хайртай нөхөр рүүгээ хүйтэн мэс далайхад хүргэсэн хамгийн том шалтгаан нь цөхрөл байлаа. Хэдхэн цагийн өмнө нөхрөө хүлээн утас цохин зогсож байсан гэр нь цагдан хорих төвийн хүйтэн хөндий байшин болж хувирав.

Тэнд Юмжир Цээеэ гэх ахимаг насны архичин эмэгтэйтэй танилцана. Архины төлөө юу ч хийхэд бэлэн энэ эмэгтэй түүнийг харанхуй ангал руу түлхэх зальхай этгээд гэдгийг хөөрхий бүсгүй энэ үед мэдээгүй нь харамсалтай.

Азаар Ангараг амьд мэнд үлдэх аж. Багын сайн найз Түшээ, Халиунаа нарынхаа ачаар Юмжир батлан даалтад гарч, эцгээс нь үлдсэн цорын ганц өв хөрөнгө болох гэртээ иртэл яхир хадам ээж Загир нөхөрт нь мэдэгдэлгүйгээр цоожийг нъ сольжээ.

Орох орон наашаа гэх хүнгүй болсон хөөрхий бүсгүй аргагүйн эрхэнд төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимд нэг шөнийг өнгөрүүлнэ. Юмжир энэ бүх зовлон шаналалыг даван туулж, хүссэн амьдралаа бүтээж чадах болов уу. Уншигч та бүхэн “Дээд Гэгээн Пикчерс” компанийн бүтээсэн энэхүү киног “Тэнгис” кино театрын дэлгэцнээс хүлээн авч үзээрэй.

“Амьдрал нулимсанд дургүй” уянгын киноны зохиолыг Монгол Улсын гавьяат багш Д.Энхжин бичиж, Ц.Энхцогт ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Киноны дууны аялгууг Б.Одбаяр, шүлгийг Д.Ган-Очир бичиж, дуучин Эгшиглэн дуулж олны хүртээл болгосон байна.

Нулимс гэдэг хүний уйтгар гуниг, баяр хөөр, гомдол шаналал зэрэг сэтгэлийн илэрхийлэл байдаг тул амьдралд гунигийн нулимс хэрэггүй гэдгийг нийгэмд ухааруулж, хэрхэн тэмцэж байж сайн сайхан амьдралд хүрдэгийг харуулахыг зорьжээ.

Зураг